Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.21) хуралдаан 11 цаг 54 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлэлцэх дөрвөн асуудлын дарааллыг танилцууллаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат тэргүүтэй Үндэсний аудитын газрын холбогдох албан тушаалтнууд оролцсон. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Төрийн аудитын байгууллагын хүний нөөц, хүчин чадлыг тодруулахын зэрэгцээ “Монгол Улсын Тогтортой хөгжил -2030” үзэл баримтлалд аудит хийсэн эсэх, аудитын ажилд мэдээлэл технологийн дэвшлийг ашиглаж, цаг хугацаа, хөрөнгө хэмнэж байгаа талаар лавласан.
Төрийн аудитын байгууллага 396 хүний орон тоотой ажиллаж байгаагаас 284 нь аудитор, бусад нь захиргаа, үйлчилгээний ажилтнууд бөгөөд тэдгээр нь жилдээ 7000 орчим аудит хийдэг гэж Монгол Улсын Ерөнхий аудитор Г.Занданбат хариултдаа онцлоод “Тогтвортой хөгжил-2030” хөгжлийн баримт бичигт одоогоор аудит хийгээгүй гэж байлаа. Түүнчлэн тэрбээр, Мэдээллэл, технологийг аудитын үйл ажиллагаанд ашиглах асуудал хангалтгүй байгаа учраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд мэдээллийн технологийг зохих түвшинд байлгах үүднээс мэдээлэл технологийн төвтэй байж болохоос гадна шалгагдагч байгууллагын мэдээллийн баазруу нэвтэрч мэдээлэл авах боломжийг зохицуулсан байгаа. Цаашдаа мэдээллийн технологийг ашиглан аудитын бүтээмжийг сайжруулах, цаг хугацаа хэмнэх, дата дээр ажиллаж оновчтой дүгнэлт гаргах ажлуудыг хийнэ гэж үзээд шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан гэж байлаа.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хийв. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүнээс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг Төсвийн байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2 тоот тогтоолоор байгуулсан. Уг Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн болон гишүүдээр Н.Амарзаяа, О.Баасанхүү, О.Батнасан, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, Д.Тогтохсүрэн нар ажилласан гэж байлаа.
Ингээд Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүнээс Төрийн аудитын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, Төслийн 15 дугаар зүйлд 15.1.6 дахь заалт буюу "15.1.6.Энэ хуулийн 13.2-т заасан системийн мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор төрийн бусад байгууллагын цахим систем болон цахим хэлбэрээр бүрдүүлсэн мэдээллийн сангаас аудитад шаардлагатай мэдээллийг гаргуулах.” гэж, төслийн 17 дугаар зүйлд 17.7 дахь хэсэг буюу “17.7. Шинжээчийг ажиллуулах зардал нь төрийн аудитын байгууллагын тухайн жилийн төсвийн урсгал зардлын 20 хувиас хэтрэхгүй байна." гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Мөн төслийн 33 дугаар зүйлд 33.5 дахь хэсэг буюу "33.5.Монгол Улсын Ерөнхий аудитор нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын өрийн тайлан, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон жилийн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг Улсын Их Хуралд хүргүүлнэ.” гэж, төслийн 33 дугаар зүйлд 33.6 дахь хэсэг буюу “ЗЗ.6.Монгол Улсын Ерөнхий аудитор энэ хуулийн 11,12 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэсэн аудитын тайланг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.” гэж, төслийн 42 дугаар зүйлд 42.5. дахь хэсэг буюу “42.5.Төрийн аудитын байгууллагын албан хаагч төрийн аудитын нийтлэг стандарт, ёс зүйн дүрмийг зөрчсөн, хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол Төрийн албаны тухай хууль болон бусад хууль топгоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
Харин төсөл санаачлагч гишүүн Л.Энх-Амгалан, “Төслийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг нь Монгол Улсын Ерөнхий аудитор нь төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдал төсөв, санхүү, зохион байгуулалттай холбоотой асуудлаар УИХ-д санал хүргүүлж, шийдвэрлүүлнэ” гэснийг дурдаад Ажлын хэсгээс УИХ, аудитын байгууллагын харилцааны гол хэсгийг хасах санал гаргасныг буцаах шаардлагатай” гэв. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төсөл санаачлагчийн саналыг дэмжсэн тул Ажлын хэсэг “төслийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг хасах” гэсэн зарчмын зөрүүтэй саналаа татав. Ингээд Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон. Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, О.Батнасангаас хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулав.
“Импортоор оруулж байгаа саримс, улаан лооль, өргөст хэмх нэр төрөл бүхий бараанд 30 хүртлэх хувиар гаалийн албан татвар тогтоохоор төслийн нэгдүгээр заалтад тусгагдсан барааны нэр төрөл нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтын 7 дугаар бүлэгт тусгагдаагүй байгаа аж. Иймд төсөлд “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 7 дугаар бүлэгт саримс 30 хүртэл, өргөст хэмх 30 хүртэл, улаан лооль 30 хүртэл, тарвас 30 хүртэл гэсэн барааны нэр төрөл нэмсүгэй” гэсэн нэгдүгээр заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ.
Мөн төслийн гурав дахь заалтын “барааны үндэсний кодыг 2020 оны 08 дугаар сарын 01-ний дотор батлахыг” гэснийг “барааны үндэсний кодыг болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дэх заалтаар Монгол Улсын Их Хурлаас эрх олгосны дагуу мөн тогтоолын хавсралтын 7 дугаар бүлэгт заасан барааны гаалийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг тус тус 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр батлахыг” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь дэмжив.
“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаан Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “төслийн хоёрдугаар зүйлийг хасах” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.
Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатаас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, хуулийн төсөлд маргаантай, судлах асуудлууд байгаа тул хэлэлцэх хугацааг 7 хоногоор хойшлуулж, Ажлын хэсэг байгуулах шаардлагатайг мэдэгдлээ. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн ахлахаар болов
Сэтгэгдэл ( 1 )
НӨАТ - ийг тэглэх бус буцаан олголтын хувийг нэмсэн бол зөв байсан.