Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хагас өлсгөлөнгийн байдалд байна гэв

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 27

Монгол Улсад нийт 105 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 90 хувь нь амьдралын нэн ядуу түвшинд амьдарч байгаа гэсэн судалгаа бий. Сүүлийн үед дэлхий дахинд нүүрлээд буй цар тахлын хөл хорио, нөхцөл байдлын улмаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрал эрс муудаж байгаа талаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн форумаас мэдээлэл хийлээ.

НҮБ, ДЭМБ болон бусад олон улсын хүний эрхийн байгууллагуудын зүгээс цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд онцгой анхаарал хандуулж шаардлагатай дэмжлэг тусламж үзүүлж, нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар улс орнуудын Засгийн газрууд болон холбогдох талуудад хандаж зөвлөмж, уриалга, мэдэгдэл гаргаад байгаа билээ. Иймд олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийг хамгаалах, нийгэмд бусдын адил ажиллаж амьдрахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Улсын Их Хуралд мэдэгдэл гаргасан юм. Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэж батлах гэж буй цар тахлын эсрэг арга хэмжээний тухай нэг удаагийн хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тэдэнд үзүүлэх дэмжлэг тусламжийн талаар тодорхой тусгах, Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай үндсэндээ тусгаагүй байгааг анхаарч Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн форумаас хүргүүлж буй саналуудыг бүрэн тусгаж батлах, оролцоог бүрэн хангахыг тэд хүсэж байв.

 

Хараагүй хүүхдүүдийн хичээлийн онцлог нь биечлэн зааж, хүртэж, үнэрлэж, мэдэрч ой ухаанд нь тусгаж заадаг. Тэдэнд гэр оронд нь интернет ч алга, онлайн хичээлд хараагүй хүүхдүүдийн 20-30 хувь нь л хамрагдаж байна

 

Цахим хичээлд хараагүй хүүхдүүдийн 20-30 хувь нь л хамрагдаж байна 

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах чиглэлээр ажилладаг 42 байгууллага  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумд 2019 онд нэгдэж үйл ажиллагаагаа явуулж байна. Сургууль, боловсролын байгууллагуудын танхимын хичээл хаагдаж цахимаар хичээллэх болсонтой холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын онцлогт нийцсэн, мэдээллийн хүртээмжтэй технологи байхгүйн улмаас хичээлээс хоцрогдож үндсэндээ сургууль завсардахад хүрээд байгаа талаар Монголын Хараагүйчүүдийн Үндэсний төвийн тэргүүн Д.Гэрэл учирлаж байв. “Хараагүй хүүхдүүдийн хичээлийн онцлог нь биечлэн зааж, хүртэж, үнэрлэж, мэдэрч ой ухаанд нь тусгаж заадаг. Тэдэнд гэр оронд нь интернет ч алга, онлайн хичээлд хараагүй хүүхдүүдийн 20-30 хувь нь л хамрагдаж байна” гэж нэмж хэллээ. Мөн түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  хувиараа хөдөлмөр эрхлэлт хаагдаж орлого нь эрс буурч, ажлын байраа алдахад хүрээд байгаа талаар жишээ татан ярьсан юм. Хамгийн наад зах нь 300 гаруй хараагүй иргэд бариа заслын төвүүдэд массаж хийж таван төгрөг олдог бол коронавирусний үеэр орлого эрс багасаж түрээсээ төлж дийлэхээ больж, ажлын байраа алдахад хүрээд байгаа ажээ.

 

Гадаадаас ирдэг нэн шаардлагатай эм тасрахад хүрчээ 

Дараагийн сэтгэл зовоосон асуудал нь Солонгос, Герман, Энэтхэг зэрэг улсаас импортоор худалдан авдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нэн шаардлагатай уналт таталтын эсрэг эмийн хангамж тасраад байгаа явдал юм. Гадаад улс оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүрч очиж эм тариаг нь хүргэж өгдөг бол манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд халдвар хамгааллын бодис хэрэглэл авах нь байтугай хоол хүнсээ ч авч чадахгүйд хүрч хагас өлсгөлөнгийн байдалтай байгаа талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах “Ээлтэй ертөнц”-ийн тэргүүн Т.Туяажаргал халаглан ярилаа.

Саажилттай хүүхдүүдэд хөдөлмөр засал, хөдөлгөөн засал, хэл засал гээд цогц хичээл орох шаардлагатай байдаг учраас цахим хичээл ямар ч хүртээмжгүй байна гэв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрээр гар урлал хийх, сийлбэр хийх, гутал засах зэргээр амьжиргаагаа залгуулдаг бол коронавирусний хөл хорионоос болж худалдан авалт муудаж, өрхийн орлогогүй болчихоод байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн форумаас “Нэг гэр бүлд хөгжлийн бэрхшээлтэй нэг гишүүн байна гэдэг тэр гэр бүлд үргэлж сэтгэл санаа болон эд материалын дарамт болж байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөл хорионд удаан байснаас болж хүнсний хомсдолд орох, гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад их өртөж байна. Цар тахлын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ нэг удаа анхаарч гал унтраах байдлаар явах биш цаашид Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгаж бусдын адил ажиллаж, амьдрах таатай нийгмийг бүрдүүлээсэй" гэж хүсэж байгаагаа дахин илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top