Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Автор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 27

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 25-нд “Чингис хаан олон улсын нисэх буудал”-ын хурлын танхимд хуралдлаа.

Хуралдааны өмнө Үндэсний хорооны гишүүд  “Мөнх-Хаан” В787-9 Dreamliner агаарын хөлгийг хүлээн авах ёслолын ажиллагаанд оролцов. Энэхүү агаар шинэ хөлөг нь олон улсын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна.

Хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэв.

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож, аялал жуулчлалын бүс, олон улсын болон улсын чанартай авто зам дагуу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шинээр барихаар төлөвлөж буй ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудлыг төрөөс дэмжиж, хамтын түншлэлээр шийдвэрлэх, аялал жуулчлалын салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилготой 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгах зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд хэлэлцүүлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох сайд нарт үүрэг, чиглэл өглөө.

Хуралдаанаар “Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол батлав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top