КОВИД-19 хар тамхины наймааны маршрутыг өөрчилжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

Цар тахалтай холбогдуулан дэлхийн улс орнуудын авч буй хорио цээрийн арга хэмжээ хар тамхины хууль бус наймааны маршрутыг өөрчлөхөд хүргэсэн гэж НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гаргасан КОВИД-19 цар тахлын үед хар тамхины зах зээлийн чиг хандлагын тухай илтгэлд дурджээ.

Агаарын зам хаагдаж, газраар тээвэрлэхэд хүндрэлтэй болж, мансууруулах бодис нийлүүлдэг зарим сүлжээ тасалдаж байгаа тул хууль бус наймаачид шинэ маршрут, арга зам хайж эхэлжээ. Агаарын тээврийн хязгаарлалт энгийн үед голдуу агаараар зөөвөрлөдөг метамфетамин зэрэг синтетик төрлийн хар тамхины хууль бус тээвэрлэлтэд ихээхэн нөлөөлсөн тухай тус илтгэлд онцолжээ.

Кокаин ихэвчлэн далайн тээврээр дамждаг бөгөөд цар тахлын үед ч Европын боомтуудад энэ төрлийн мансууруулах бодис их хэмжээгээр илэрсээр байгаа аж. Гол төлөв хуурай замаар зөөвөрлөдөг героиныг цар тахлын энэ үед далайгаар тээвэрлэх тохиолдлууд нэмэгджээ. Саяхан Энэтхэгийн далайд их хэмжээний опиат илрүүлсэн байна.

Хязгаарлалтын арга хэмжээнд каннабисын хууль бус наймаа хамгийн бага өртжээ. Учир нь мансууруулах төрлийн өвсийг хэрэглээний зах зээлтэй ойр үйлдвэрлэдэг тул хууль бус наймаачид ийм төрлийн хар тамхийг их хэмжээгээр, урт зайд тээвэрлэдэггүй гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top