Их спорт эргэн ирэх урин улирал айсуй

Админ | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

Ц.Энхтүвшин Таван Цагариг

Дэлхий даяар тархсан уршигт цар тахлын улмаас уралдаан, тэмцээнүүд хойшлох нь хойшлогдож, цуцлагдах нь цуцлагдаж, нам гүмхэн байсан спортын ертөнц дуу чимээ орж эхэллээ. Юутай сайхан.

***

Хамгийн эхлээд спортын хорхойтнууд тавдугаар сарын 9-нд ( Ялалтын баярын өдөр!) АНУ-ын Флорида мужийн Жэксонвилль хотноо болох холимог тулааны UFC 249 тэмцээнийг ТВ-ээр үзэх нь ээ. Ер цар тахлын үед уралдааг тэмцээнээ таслахгүйн тулд янз бүрийн арга, төлөвлөгөө, санаа гаргаж хамгийн идэвхтэй байсан нь UFC-ийн босс Дана Уайт л даа. Эхлээд тэрбээр Номхон далайн аль нэг арлыг түрээслэн авч тэмцээний зохиохоор төлөвлөсөн. Дараа нь Америкийн уугуул иргэд индиануудын эзэмшил бүс нутагт (Энд АНУ-ын хууль дүрэм үйлчилдэггүй) тэмцээнээ зохиохоор бараг бэлэн болоод байхад нь “дээрээс” ярьж, болиулсан билээ. Хэдийгээр Дана “дээрээс” ярьсан хүний нэрийг хэлээгүй ч хэвлэл, мэдээллийнхэн бүгд Трампыг гэж таамаглаж буй. Үнэхээр ч “шар өвгөн” Данатай тун найрсаг харилцаатай бөгөөд UFC холбооны тулааныг ихээхэн сонирхдог гэдэг билээ. За энэ ч яах вэ.

UFC 249 тэмцээн үзэгчидгүй болох бөгөөд энэ нь уг холбоог огтхон ч сандаргахгүй байгаа юм. Учир UFC гол орлогоо ТВ төлбөртэй шууд дамжуулалтаас олдог бөгөөд зөвхөн энэ тэмцээнээс л гэхэд 60 сая долларын ашиг олно гэж тооцоолж байгаа гэнэ. Үзэм харах юмаар удаан цангасан спортын хорхойтнууд энэ орой үүнээс ч их орлого оруулж ч магадгүй л юм. Энэ оройн гол тулаан Тони Фергюсон-Жастин Гэтжи нарын хооронд болно.

***

Германы хөлбөмбөгийн дээд лиг Бундеслиг тавдугаар сарын 16-нд эргэн ирэх нь. Мэдээж маш олон шаардлага, нөхцөлийг хангасан байх ёстой болж байгаа багууд. Цэнгэлдэхэд мөн л үзэгчдийг оруулахгүй бөгөөд тоглолттой өдөр тамирчид, дасгалжуулагч болон арын алба, эмч, хэвлэл мэдээллийнхэн, цэнгэлдэхийн ажилтнууд гээд нийтдээ тоглолттой өдөр цэнгэлдэхэд 322-оос илүүгүй хүн байлгах ажээ.

***

Уран гулгалтын, ялангуяа эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өнгөрсөн улиралд Оросын гурван охин, тухайлбал Этери Тутберизегийн шавь нар бүх тэмцээний тэргүүн байрыг хамсан билээ. Тэдний нэг болох дөрвөн эргэлттэй үсрэлтийн мастер Александра Трусова дасгалжуулагчаасаа “нүүр бууруулж”, олимп, дэлхийн аварга Евгений Плющенкогийн удирдлагад хичээллэхээр болжээ. Алена Косторная, Анна Щербакова нарын “сүүдэр”-ээс гарахаар шийдэв үү, алдар цуутай гүрж дасгалжуулагчийнхаа “ааш зангаас” залхав уу?

***

Өвлийн спортын хамгийн сонирхолтой төрлийн нэг биатлоны 2020-2021 оны улирлын хуваарь тодорхой боллоо. Биатлоны шинэ улирал ирэх арван нэгдүгээр сарын 28-нд Финландын Контиолахтид болох дэлхийн цомын гараагаар эхлэх бөгөөд 2021 оны гуравдугаар сарын 21-нд Норвегийн Холменколленд болох гараагаар өндөрлөх бөгөөд уламжлалт гараанууд дээр БНХАУ-ын Бээжин хотноо болох гараа шинээр нэмэгджээ. Мөн биатлоны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны хоёрдугаар сарын 19-21-нд Словений Поклюки хотноо болох ажээ.

***

Энэтхэг улс 2032 оны Зуны олимпын наадмыг зохион байгуулах зорилготой байгаа хэмээн тус улсын ҮОХ-ны ерөнхийлөгч Нариндер Батра мэдэгдлээ. Тэрбээр 2032 оны олимпын өмнө 2026 оны залуучуудын олимпын эрхийн төлөө ч мөн өрсөлдөхөөр Энэтхэгийн ҮОХ шийдвэрлэсэн гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top