Ургамал, газар тариалангийн хүрээлэнгээс энэ жилийн цаг агаарын байдал, газрын чийгшил, хуурайшлын зэргийг тогтоогоод тариалалт хэзээ, хэрхэн, хаана хийх вэ гэдэг арга зүйн зөвлөмжийг гаргасан. Энэ жилийн хаврын тариалалт өмнөх жилийн тариалалтыг бодвол арай хожуу буюу тавдугаар сарын 9-ний өдрөөс эхэлсэн. Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдаар эрт болцын төмс, хүнсний ногоо, тосны ургамлаар тариалалт эхэлж байгаа бөгөөд нийт нутгаар 15, 16-ны өдөр гэхэд тариалалт жигдрэх төлөвтэй байна.
ХҮНСНИЙ НОГООНЫ ТАРИАЛАЛТЫГ 1000-1500 ГА ТАЛБАЙГААР НЭМЭГДҮҮЛНЭ
Энэ жил цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулаад улсын хэмжээнд нийт 360 мянган га талбайд улаан буудай, 16 мянган га талбайд төмс, 11.6 мянган га талбайд хүнсний ногоо, 51 мянган га талбайд тосны ургамал, 31 мянган га талбайд тэжээлийн тариа, 7.3 мянган га талбайд жимс жимсгэнэ тарихаар төлөвлөгөө гаргасан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тариалангийн бүс нутгаар бага зэргийн хур тунадас орсон бол энэ долоо хоногийн сүүлээр хур тунадас орох төлөвтэй байна. Дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас дотоодынхоо тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тухайлбал төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээ нэмэгдүүлж тариалах зорилтыг ХХААХҮЯ-аас дэвшүүлж байгаа бөгөөд хүнсний ногооны тариалалтыг 1000-1500 га талбайд, жимс жимсгэнийг 1000 га талбайд нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. “Тариалангийн ургацыг сайжруулахын тулд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 6000 га талбайг услах хэмжээний услалтын системийг аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулан авч байна. Тус сангаар 12.5 мянган тонн үрийн улаан буудайг тариаланчдад нийлүүлсэн бөгөөд техник тоног төхөөрөмжийг 50 хүртэлх хувиар хөнгөлөн олгож байна” гэж ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун хэллээ. Монгол Улс 160 мянган тонн улаан буудайг ОХУ-аас авч байгаа бөгөөд 80 мянган тонн нь ороод ирсэн. Энэ нь дотоодын үрийн хэрэгцээг хангаж байгаа талаар газрын дарга нэмж хэлэв. Өнгөрсөн сарын 15-ны өдөр Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 138 дугаар тогтоолыг баталсан. Үүнээс онцолбол хаврын тариалалтад зориулж 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох тухай хэлэлцсэн бөгөөд Хөгжлийн банканд 21 аймгаас газар тариалан эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн судалгааг хүргүүлжээ. Банк материалуудыг дотооддоо судлах, эх үүсвэрээ шийдвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа юм. Ер нь жил бүр тариаланчдыг татвар төлөгчдийн мөнгөнөөс хөнгөлөлттэй зээл олгон дэмжиж ирсэн. Гэвч одоогийн тарчиг үед тариаланчид дахиад л зээл хүсэж байгаа нь зөв эсэхэд ард түмэн дүн тавих биз ээ.
ЖИЖИГ НОГООЧИД ЗАХ ЗЭЭЛИЙН ӨРСӨЛДӨӨНӨӨС ШАХАГДАЖ БАЙНА
Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоонд 493 гишүүн хоршоотой бол 20 хувь нь газар тариалангийн салбарынх. Газар тариалангийн салбарын дийлэнх нь хүнсний ногооны салбарынхан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэд хүлэмжийн аж ахуй эрхэлдэг. Хүнсний ногоо бол хадгалалтын хувьд болон зах зээл рүү бэлтгэн нийлүүлэхэд ченжийн гараад дамждаг гээд асуудал бий. Жижиг ногоочид дундын хоршоо байгуулж, томоохон захуудад нийлүүлэх, үзэсгэлэн худалдаа хийх зэргээр зорилт тавин ажиллаж ирсэн бол энэ жилийн тухайд хөл хорионы улмаас үрийн олдоц сайнгүй болжээ. Цар тахлын үед манай орон хүнсний дотоодын хангамжийг сайжруулах тал дээр анхаарч эхэлсэн нь сайшаалтай. Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд тэргүүн Ц.Алтантуяа “Монгол Улсын Засгийн газраас тариалангийн талбайг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан ч хүнсний ногоочдод төдийлөн өгөөж багатай харагдсан. Бидэнд тулгараад байгаа асуудлыг дэмжих бодлого шийдвэр түлхүү гараасай. Жишээлбэл, жижиг ногоочдод эрүүл үр бордоог хөнгөлөлттэй үнээр тогтмол хангах зэргээр бодлого хэрэгтэй байна” гэв. Дэлхийн хүн амын хүнсний хангамжийн 60 хувийг жижиг ногоочид үйлдвэрлэдэг гэсэн судалгаа бий. Манай орны хувьд дотоодод төмсөө 100 хувь хангадаг болсон бол бусад хүнсний ногоог 60 хувьтай хангадаг. “Гацуурт” компани төмс, хүнсний ногооны салбарт монопол болж гарч ирсэн нь жижиг ногоочдыг шударга өрсөлдөөний зах зээлээс шахаж эхэлсэн гэдгийг тус холбооны дэд тэргүүн Ц.Алтантуяа нэмж хэлсэн бөгөөд олон тариалан эрхлэгчид салбараасаа гарсан ажээ. Тиймээс жижиг ногоочдыг дэмжиж, төр засаг цаг үеэ олсон шийдвэр гаргаж байхыг тэрбээр сануулав.
УЛСЫН ХЭМЖЭЭНД ТӨЛИЙН ХОРОГДОЛ ДӨРВӨН ХУВЬТАЙ БАЙНА
Монгол орон даяар энэ жил нийт төллөвөл зохих 29.2 сая хээлтүүлэгч мал байгаагаас төллөлтийн явц 66.5 хувьтай байна. Үүнээс төл бойжилт 97.3 хувьтай байгаа ажээ. Төл бойжилт ихэнх нутгаар жигд байгаа бол төл хүлээн авалт Баян-Өлгий, Дархан-Уул аймгаар өндөр хувьтай байгаа юм. Мал төллөлтийг төрлөөр нь ангилбал ингэ 62.9 хувь, гүү 24.1, үнээ 40.2 хувь, хонь 73.6 хувь, ямаа 66.6 хувьтай. Энэ жил Архангай, Хөвсгөл, Булган аймгуудаар өвөлжилт, хаваржилт хүндэрсэн нь төлийн хорогдолтод нөлөөлж байгаа талаар Малын генетикийн нөөцийн хэлтсийн мэргэжилтэн В.Санчир мэдээллээ. Төлийн хорогдол улсын хэмжээнд дөрвөн хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар өндөр үзүүлэлттэй байна. Төлийн хорогдлоороо Хөвсгөл, Архангай аймгууд тэргүүлж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )