Хөлбөмбөг | Цар тахлын дараах Европ тивийн шилдэг багууд

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 08

Цар тахлаас шалтгаалан удаан хугацаанд завсарласны эцэст Европ тивд хөлбөмбөгийн лигийн улирал үргэлжлэх гэж байна. Өнгөрсөн долоо хоногт Португалийн хөлбөмбөгийн лиг эхэлсэн бол энэ долоо хоногт Испанийн Ла лиг эргэн ирэх товтой байна. Удахгүй Английн Премьер лиг, Италийн Сери А лиг эргэн ирнэ.

Удаан хугацаанд завсарласан гэдэг нь энэ жилийн улирлыг уйтгартай болгосон ч эргэн ирэхдээ илүү амттай байх товтой байна. Европын лигүүдээс хамгийн түрүүнд Германы Бундеслиг эргэн ирсэн билээ. Bleacher Report спортын цахим хуудас Европ тивийн шилдэг 10 багийг нэрлэснийг та бүхэнд хүргэе.


10. РБ Лайпциг

Хөлбөмбөг эргэн ирэхэд энэ клубийг дараалсан ялалттай шилдэг клуб байна гэж таамаглаж байсан. Гэтэл Бундеслигийн тэмцээн эргэн ирэхэд сүүлийн таван тоглолтоос ердөө хоёрт нь л ялалт байгуулаад байна. Ялангуяа тэдний гурван ялагдал нь маш муу гэж тодотгоход ч багадна. Тэд наймдугаарт бичигдэж байгаа Фрайбург, есдүгээрт бичигдэж буй Херта Берлин, хүснэгтийн ёроолд бичигдэж буй Падерборн клубт хожигджээ.

Гэвч клубийн бүрэлдэхүүн, менталитет зэргийг нь харвал улирал цаашид үргэлжлэхэд энэ клуб хурдан сэргэх бүрэн боломжтой. Ялагдсан гурван тоглолтын ерөнхий дүр зургийг харвал Лайпциг тийм ч муу байгаагүй. Ердөө тэдний гаргасан багахан алдаа нь л эсрэг багт оноо алдах нөхцөлийг бүрдүүлсэн юм.


9. Лацио

Улирал дөнгөж эхэлж байсан наймдугаар сард Италийн “Сери А” лигт Ювентус, Интер Милан клубийг өнгөлнө гэж таамаглаж байсан. Өөр ямар ч клубийг тэдэнтэй адилтгахгүй байлаа. Гэвч улирлын дундуур дээрх хоёр баг орон гаран байж төсөөлж байснаас муу тоглолоо. Харин энэ хооронд Лацио клуб тэднийг орлох бүрэн боломжтой гэдгээ олон талаар батлан харуулав.

Хүснэгтийг тэргүүлж буй “Хөгшин хатагтай” нараас тэд ердөө ганц онооны зөрүүгээр ард нь бичигдэж буй. Олон жил Италийн хөлбөмбөгийг өнгөлсөн Ювентус клубт Лацио клуб энэ улиралд Супер цомын тэмцээнд нэг удаа, “Сери А” лигийн ээлжит тойргийн хүрээнд нэг удаа л хожигдсон.

Цар тахлын өмнө хөлбөмбөг завсарлахаас өмнө хоёрдугаар сард Интер Милан клубийг хожсон нь тэднийг ямархан цараа, нөөц бололцоотой вэ гэдгийг батлан харуулсан юм. Ирэх жилүүдэд Италийн лигийг сонирхолтой болгох дүр нь Лацио байх болно.


8. Боруссиа Дортмунд

Хэрэв тэд нягт хамгаалалт, тэнцвэртэй, уян хатан хагас хамгаалалт сүлэлдвэл тэдний өндөр хурдтай довтолгоог илүү чамбайруулах биз.

Бундеслиг эргэн ирснээс хойш энэ клуб хаалгандаа ердөө хоёр л гоол алдаад байна. Энэ улиралд Бундеслигийг дахин тэргүүлж буй Байерн Мюнхен болон Европын тавцанд Пари Сен-Жермен клубтэй тэнцсэн нь яав ч хүч сул клуб гэж хэлэхэд бэрх. Гэвч өөрөөсөө чансаа доогуур клубтэй тааруу тоглодог нэг гэм бий. Хэрэв тэд сул клубтэй сайн тоглоод эхэлбэл магадгүй тэднийг зогсооход бэрх болгож болох юм.


7. Ювентус

Дэлхийн хөлбөмбөгийн өнгийг тодорхойлж буй Криштиану Роналду тэргүүтэй энэ клубийн бүрэлдэхүүнийг харахад хэн ч дутуу үнэлэхгүй. Гэвч өндөр түвшний олон тоглогчтой “Хөгшин хатагтай” нарыг Маурисио Сарри нэг л зангидаж чадахгүй байх шиг.

Хуучин дасгалжуулагчаас шинэ рүү шилжихэд ямагт амаргүй байдаг ч нэгдүгээр сарын сүүлээс эргэн хэвийн замдаа орно гэж ихэнх мэргэжилтнүүд таамаглаж байв. Гэвч тэгсэнгүй. Тэд Аваргуудын лигийн тэмцээнд Францын дундаж гэгдэх Лион клубт хожигдсон нь Ювентусын хувьд хийх ажил их байгааг харуулсан.

Талбайд хэнийг гаргах вэ, ямар тактик баримтлах вэ гэдэг дээр л асуудал байгаа болохоос гарааны бүрэлдэхүүнд багтсан супер тоглогчид юу хийхээ сайн мэднэ. Магадгүй тэднийг хүчлэх нь асуудлын гол зангилаа ч байж мэдэх юм.


6. Барселона

Дээр өгүүлсэн Ювентус яах нь мэдэгдэхгүй байгаа бол Барселона ч тэднээс дутахгүй олон асуудалтай.

Нэг дасгалжуулагчаас нөгөөд шилжээд удаагүй байгаа энэ клубийг шинэ дасгалжуулагч Кике Сетьен өөрчлөх гэж хичээж байгаа. Магадгүй хэв маяг нь өөрчлөгдсөн байж болох юм. Гэхдээ өндөр довтолгоотой, нягт хамгаалалттай болгох гэж хичээж байгаа нь клубийн тоглогчдын настай харьцуулахад маш хүнд даваа. Асуудал ихтэй Ювентустэй адилаар өөрсдийнхөө юу хийхийг мэддэг дэлхийн хэмжээний одод энэ клубт бий. Алдаагаа засаад, асуудлаа шийдчихвэл тэднийг өөрсдөөс нь өөр хэн зогсоож чадах билээ.


5. Реал Мадрид

Мадридчууд сул дорой байдлаас эргэн ирж, буурал тивийн тавцанд маадайж байсан цаг саяхан. Гэвч Зинедин Зиданы данхалзаж байснаас энэ клуб арай өөр болжээ. Дахин данхалзах бодолтой ирсэн ч энэ клуб хэтэрхий орон гаран, задгай болсон байлаа.

Халгисан их авьяас чадвар байгаа ч тууштай байдал энэ клубт анзаарагдаж өгсөнгүй. Нэг өдөр сайн тоглож байхад нөгөө өдөр нь ямар муу вэ гэмээр тоглолт үзүүлж байх жишээтэй. Тэд аваргуудын лигийн шөвгийн 16-гийн тоглолтод Манчестер Сити-д хожигдсон нь одоо ямар нөхцөл байдалд байгааг бэлхнээ харуулна.


4. Пари Сен-Жермен

Бусад лигүүдийг бодвол Францын “Лиг 1” бол аварга нь тодорхой лиг. Шинэ улирал эхэлмэгц чухам тэднийг л аварга гэж нэрлэвэл зохилтой. Гэвч тэд дотооддоо данагар ч, Европын тавцанд данайж чаддаггүй байсан хэвээр. Тэд энэ жил дахиад Аваргуудын лигийн дэлдэн чихт цомыг өргөх боломжтой клубийн эгнээнд бичигдэж байгаа ч чухам авч чадах болов уу гэдэгт эргэлзээ бий.

Гэвч аз гэдэг зүйл хаяанд нь ирээд алга болдог бусад улирлаас тэс өөр үзүүлэлт тэднийг дагаж байгаа. Тэд сүүлийн дөрвөн тоглолт дараалан хожоод зогсохгүй Аваргуудын лигийн тэмцээнд Германы шилдэг клуб Боруссиа Дортмундтай маш нягт тоглосон. Магадгүй Европын тавцанд тэд ийм итгэлтэй байгаагүй байх. Бусад шилдгүүдтэй харьцуулахад гарааны болон сэлгээний бүрэлдэхүүнд төдийлөн асуудал байхгүй. Тэгэхээр...


3. Манчестер Сити

Хэрэв энэ чансааг зөвхөн лигийн тоглолтоор дүгнэсэн бол Манчестер Сити клуб маш доогуур бичигдэх байлаа. Дотоодын хүндэтгэн үзэх асуудал байхгүй ч тэд дотоодын лигтээ тун тааруу тоглож буй.

Гэвч тэд цомын тэмцээний одтой клуб аж. Тэд энэ жил Лигийн цом болох Карабао цомыг хэдийнээ өргөчхөөд байж байна. Английн цомын тэмцээний шөвгийн наймд багтсан бол Аваргуудын лигийн дараагийн шатанд төвөггүй шалгарахад тун ойртсон. Тэдний эхний тоглолтдоо дархан аварга Реал Мадридыг буулган авсан. Энэ бол маш том давуу тал.

Тэгэхээр тэднийг яахан дутуу үнэлэх билээ. Хөлбөмбөгийг зөвхөн нэг тэмцээнээр дүгнэж болохгүй. Тиймээс тэд энэ улирлын Аваргуудын лигт түрүүлж болох клубийн эгнээнд бичигдэж байгаа юм.


2. Ливерпүүл

Хуучны Ливерпүүл эргэн ирсэн үү гэмээр сайн тоглолтыг тэд үзүүлж буй. Цар тахлаас шалтгаалсан завсарлага тэдэнд сайнаар, эсвэл муугаар нөлөөлөх үү гэдгийг одоо харах л үлдлээ.

Одоо тэдэнд атганд байгаа аваргын цомоо улам лавшруулах л даалгавартай байгаа. Тэдэнд боломжит гурван цом бий. Хэрэв урьдынх шигээ тоглож чадвал бүгдийг нь авахыг ч үгүйсгэхгүй. Гэвч улирал завсарлахаас өмнөх зургаан тоглолтоос ердөө хоёрт нь л ялалт байгуулсан. Магадгүй орон гаран байсан тоглолт удаан завсарласны дараа эргэн сэргэхийг үгүйсгэхгүй. Учир нь багийн гарааны бүрэлдэхүүнд ямар ч асуудал алга.


1. Баейрн Мюнхен

Бид энэхүү жагсаалтын тав эсвэл зургаа бүр долоодугаар байрт ямар клуб байх вэ гэдэг дээр шөнөжингөө маргалдаж болох юм. Гэхдээ аль клуб тэргүүлэх вэ гэдэгт мэтгэлцэх хүн бараг байхгүй л болов уу?

Европын хөлбөмбөг завсарлахаас өмнө энэ тивд хамгийн шилдэг баг нь хэн бэ гэдгийг тэд бэлхнээ харуулсан. Лигтээ ч тэр, Аваргуудын лигт ч тэр. Тэд Аваргуудын лигт Челси клубтэй учраа таарч тэднийг 3-0 онооны харьцаагаар бут ниргэсэн. Бундеслигийн улирал эргэн ирснээс хойш ч тэд ялагдал гээчийг амсаагүй байна.

Гарааны бүрэлдэхүүнд ч ямар нэгэн эргэлзээ алга. Томас Мюллер шилдэг тоглолтоо дахин гаргаж, Мануэль Нойер, Леон Горецка эргэн хэвийн формдоо орсон. Шинэ залуу од Альфонсо Девис дэлхийн шилдэг зүүн жигүүрийн хамгаалагч гэдгээ батлан харуулаад байна.

Баварийн бэлгэдэл болсон энэ клуб 2020 он гарснаас хойш 16 тоглолтоос 15-д нь ялалт байгуулжээ. Үүнээс илүү амжилт үзүүлсэн клуб одоогоор буурал тивд алга. Байрлал бүр дээр шилдэг тоглогчтой энэ баг ямар тактик ашиглах вэ гэдгээ сайн тооцоолж чадвал тэднийг ялах баг гарахгүй л болов уу...
 

Эх сурвалж: Bleacher Report

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top