Дэлхийн мөнгө, хошой хүрэл медальт, Энэтхэгийн бөх Бажранг Пуния Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны сайтад ярилцлага өгчээ.
-Яагаад бөхийн спортыг сонгов гэдгээр ярилцлагаа эхэлье.
-Аав минь бөх байсан хүн. Харамсалтай нь гэр бүлээ тэжээх хэрэгтэй байсан болохоор ажил хийгээд бөхөө орхихоос өөр аргагүй болсон юм. Ах бид хоёр аавынхаа клубт хичээллэдэг байв. Долоон настайгаасаа анх барилдсан ч нэг хэсэг бөх таалагддаггүй, шагнал авахдаа л баярладаг байсан. Үндэсний дангал бөх барилддаг байхад бага зэрэг мөнгө, жимсний шагнал л өгнө. Гэхдээ жижиг ч байсан би шагналын төлөө ялах гэж зүтгэдэг байсан.
-Энэтхэгт бөх өндөр хөгжсөнийг олимпын хошой медальт, 2010 оны дэлхийн аварга Сушил Кумартай холбон тайлбарладаг. Түүний амжилт танд хэрхэн нөлөөлж байв?
-Сушилийг Бээжингийн олимпод хүрэл медаль авсных нь дараа би хамт хичээллэж эхэлсэн. Олимпын хүрэл медаль гэдэг том амжилт. Надаас гадна маш олон бөхчүүдэд хүсэл мөрөөдөл олгосон медаль байлаа. Өмнө нь Энэтхэг улс бөхөөр алс тэртээ 1952 онд л ганц медаль авч байсан юм. Бас хүрэл медаль. 2012 оны Лондоны олимпоос энэтхэгчүүд хоёр медальтай ирсэн. Сушил Кумар мөнгө, Йогешвар Дутт хүрэл медаль авч байлаа. Тэр цагаас хойш энэтхэг бөхчүүд том тэмцээнд байнга шагналын тавцанд гардаг болсон. Энэтхэг улс бөхчүүддээ итгэдэг, хүндэлдэг болсон. Мэдээж бид ч өөрчлөгдсөн. Урьд өмнө олимп, дэлхийн медалийн талаар мөрөөддөг л байсан бол харин одоо медальгүй буцвал сэтгэл их гонсойдог.
-Бөхөд их мөнгө зардаг болсон гэсэн үнэн үү?
-Бөх төдийгүй бусад спортын төрөлд ч мөнгө хаядаг болсон. 2010 онд Шинэ Делид болсон Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын дараа байдал илт өөрчлөгдсөн. Цалин шагналаас гадна бэлтгэл хийх орчин ч сайжирсан.
-Та өнгөрсөн жилийн ДАШТ-д хүрэл медаль хүртсэн. Өөрийнхөө барилдааныг хэрхэн дүгнэж байна?
-Сайн ч биш, муу ч биш гэж дүгнэж байгаа. Би тохойны гэмтэлтэй барилдсан юм. ДАШТ-д хангалттай бэлтгэж чадаагүй. Тийм болохоор хүрэл медаль нэг талаас муугүй үзүүлэлт. Гол зорилго олимпын эрхээ ч авсан.
-Энэ жил та Италид болсон олимпын онооны тэмцээнд түрүүлж, Шинэ Делид явагдсан Азийн аваргаар мөнгөн медаль авсан.
-Италид форм сайтай байлаа. Америкийн гурван хүчтэй бөхийг ялсан. Азийн аваргын финалд Японы Такүто Отогүрод ялагдсан. Дэлхийн аваргаар бас түүнд финалд ялагдсан юм. Тэр үед эхлээд оноо их алдсан болохоор нөхөж чадаагүй. Харин Шинэ Делид цөөн оноогоор ялагдаж байсан болохоор цаг дуусахаас өмнө гүйцнэ гэж бодоод чадаагүй. Миний гол сул тал бол хөлөө сайн хамгаалж чаддаггүй. Харин Такүто хөлд сайн орно. Би муу байсан гэхээсээ илүү япон бөх сайн байлаа гэхэд болно.
-Энэ сул талаа арилгах гэж ямар дасгал хийж байна вэ?
-Бэлтгэл дээр хөл хамгаалах тал дээр их цаг зарцуулдаг. Хурдаа сайжруулах гэж ажиллана. Энэ хоёр талыг сайжруулахад цаг хугацаа хэрэгтэй. Олимп нэг жилээр хойшлогдсон нь надад боломж өгсөн.
-Хөл хорионы үед бэлтгэлээ яаж хийж байна?
-Би бэлтгэлээ гадаадад, хүчтэй бөхчүүдтэй хийдэг. Гэвч одоо гэртээ байхаас өөр арга алга. Техникийн тал дээр хамт ажиллах бэлтгэл хангагч байгаа ч одоохондоо биеийн хүчний дасгал л хийж байна. Дасгалжуулагч багш Шако Бединеишвили цар тахлын улмаас Гүрж нутагтаа харьсан. Бид байнгын холбоотой байгаа. Удахгүй уулзана гэж найдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )