Хойд Европт цацрагийн түвшин нэмэгдсэн нь цөмийн реакторын үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэж Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/ үзэж байна. Цацраг идэвхт изотоп ялгарч буй газар зүйн байршлыг хараахан тогтоогоогүй байна.
Гэхдээ агаар дахь цацраг идэвхт бодисын агууламж маш бага тул хүний эрүүл мэнд болон байгаль орчинд аюулгүй гэж ОУАЭА дахин дахин онцолжээ. Цацраг идэвхт бодис агаарт цацагдаж буй улс орноос мэдээлэл авж байж л агаар мандалд цацагдаж буй цацраг идэвхт задралын эх үүсвэрийг тогтоох боломжтой гэж тус агентлаг мэдэгдээд цацраг идэвхт бодис алдагдсан нь радио идэвхт эх үүсвэртэй буруу харьцсантай холбоотой гэх таамгийг үгүйсгэжээ.
ОУАЭА-ийн мэдэгдлээс үзвэл, цацраг идэвхт бодис агаарт цацагдахад хүргэх хэрэг явдал гараагүй гэж Европын 37 улс орон тус агентлагт мэдээлэл өгсөн бөгөөд Алжир, Канад, Гүрж, Кувейт, Морокко, Катар, Япон, АНУ, Тажикистан, Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг нэмж арван улс сайн дурын үндсэн дээр мөн холбогдох мэдээллийг хүргүүлжээ.
Өнгөрсөн сарын 26-нд Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагын Бэлтгэл комисс мөн сарын 22-23-нд олон улсын хяналтын систем Европын зүүн хойд хэсэгт цезийн-134, цезийн-137, ретунийн-103 изотопын агууламж ихсэж буйг бүртгэгдсэн тухай мэдээлжээ. Эдгээр цацраг идэвхт изотопын агууламж хүний эрүүл мэндэд хор учруулах хэмжээнд хүрээгүй гэж Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагын Бэлтгэл комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Лассина Зербо онцолжээ. Түүний хэлснээр, изотоп иргэний эх үүсвэрээс ялгарч буй магадлал өндөр байна.
Сэтгэгдэл ( 0 )