Найман жилийн турш улаан гарагийг судалж буй “Curiosity /сониуч/” сансрын аппарат Эолида буюу албан ёсоор Шарп уул өөд 1.6 км өгсөх ээлжит даалгавартаа орлоо гэж АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдээлжээ.
Ирэх намрын эхэн үе хүртэл үргэлжлэх энэ аяллынхаа төгсгөлд “сониуч” хөлөг Шарп уулын зорилтот хэсэгт хүрэх гэнэ. Ангараг гараг дээр амьдралын бичил хэлбэр бий эсэхийг нотлох баримт хайх зорилгоор энэ уулыг 2014 оноос хойш судалж байгаа аж. Гейл тогооны төв оргил болох 5 км өндөр Шарп уул тунамал чулуулгуудаас бүрджээ. Үе давхарга бүр нь хэрхэн нуур, гол бүхий Дэлхийтэй төстэй Ангараг гараг маш сийрэг агаар мандалтай элсэн цөл болж хувирч, өөрчлөлт гарсныг гэрчилдэг аж. Сансрын хөлөг ус уурших явцад голдуу бий болдог сульфатаар ханасан энгэрт хүрэх даалгавартай. Эдгээр сульфат тус гарагийн уур амьсгал сүүлийн гурван тэрбум жил хэрхэн өөрчлөгдсөний оньсыг тайлах түлхүүр болох гэнэ.
НАСА агентлагийн мэдээлснээр, Ангараг гарагаа явагч цагт 25-100 м зай туулах бөгөөд замдаа асар өргөн элсийг тойрон гарах ёстой. Хөлөг чулуулгийн дээж авах зорилгоор хэд хэдэн удаа зогсох аж.
“Curiosity” сансрын хөлөг Австралийн одон орон судлаач Уолтер Гейлийн нэрээр нэрлэгдсэн 154 км голчтой тогоог судлах зорилгоор 2012 оны наймдугаар сарын 6-нд Ангараг гараг дээр анх буужээ. Энэ нь “NASA Mars Exploration Rover” төслийн хүрээнд улаан гараг руу илгээсэн гурав дахь хөлөг юм. Нэг дэх хөлөг “Spirit” 2010 оны гуравдугаар сар хүртэл ажилласан бол хоёр дахь хөлөг “Opportunity” аппараттай 2018 оны дунд үеэс холбоо тасарчээ. НАСА агентлаг “Curiosity” хөлгийг бүтээж, Ангараг гараг руу илгээхэд зориулж нийт 2.5 тэрбум ам.доллар зарцуулжээ. Хөлгийн урт 2.8 метр, жин нь 900 кг бөгөөд цацраг идэвхт эрчим хүчний эх үүсвэрээр тоноглогдсон байна. Эрдэм шинжилгээний энэ лаборатори 50 см голчтой гурван хос дугуйтай. “Curiosity” 75 см хүртэл өндөр саадыг давах, газар дээрээ бүтэн эргэх чадвартай аж. Түүний гол зорилго Ангараг гарагийн хөрс, агаар мандлын бүтцийн судлах явдал юм. 2013 оны арванхоёрдугаар сарын эхээр “Curiosity” эрт үед Гейл тогоонд цэнгэг устай нуур байсныг гэрчлэх нотлох баримт илрүүлжээ. “Yellowknife Bay” нэртэй газрын хөрсний дээжээс эрдэс, азот, устөрөгч, хүхэр, хүчилтөрөгч, нүүрстөрөгч зэргийг илрүүлсэн нь нуурын ус цэнгэг байсан бөгөөд бичил биет амьдарч байсан гэж дүгнэхэд хүргэжээ. НАСА агентлагийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, эл нуур олон мянган жилийн турш оршин байжээ.
“Curiosity” хөлгийн буухиаг “Perseverance” шинэ хөлөг авна. Шинэ аппаратыг энэ сарын 30-нд хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд Ангараг гарагийн экватороос хойд зүгт “Isidis Planitia” талын баруун хэсэгт 2021 оны хоёрдугаар сард бууна гэж тооцоолж байгаа аж. “Perseverance” хөлгийн гол даалгавар нь улаан гараг дээр амьдралын шинж тэмдгийг хайх явдал. Түүнчлэн, эл хөлөг Ангараг гарагийн геологийн тогтоц, агаар мандлын бүтцийг судалж, байгалийн баялаг болон дараа дараачийн нислэгээр хүмүүст тулгарч болзошгүй аюулыг үнэлэх даалгавар авах аж. НАСА агентлаг Ангараг гараг руу 2030-аад оны дунд үед хүн илгээхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )