Парламент бол бакалаврын зэрэг олгодог их, дээд сургууль биш

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 16

-Эрх баригч нам, Засгийн газраас өнгөрөгч гурван жилд хэрэгжүүлсэн хэд хэдэн төсөл арга хэмжээ л тэднийг УИХ-ын гишүүн болгов-

 

Өнгөрөгч сонгуулиар парламентад шинээр сонгогдсон 30 орчим гишүүний хэлж ярьж байгааг анзаарахад “Дээлийн шинэ, хүний хуучин”  гэх үг өөрийн эрхгүй санаанд орж ирж байгааг өршөөнө биз. Учир нь баруун, зүүн үзэл, дотоодын улс төрөө ялгаж салгаж ойлгохгүй шахам хүн цөөнгүй байгаа нь ийн бодогдоход хүргэв. Парламент бол хэн нэгнийг сургаж боловсруулдаг байгууллага биш. Төрийн эрх барих дээд байгууллага гэдэг утгаараа энд эрдмийн оргилд гараагүй ч бүрэн сурч боловсорсон, ажил хөдөлмөрийн талбарт дадлага туршлага суусан хүмүүс байх учиртай газар. Нөгөө талаар УИХ нь Хууль тогтоох байгууллага болохоос  дөрвөн жилээр сургаж, бакалаврын зэрэг олгодог их, дээд сургууль, коллеж бүр ч биш. Энд аливаа улс төрийн хүчин шинэ залуусыг гаргаж ирэх, тэднийг сургах системт ажиллагааг буруутгах гэсэнгүй. Шинэ тутам залуусаар цусаа сэлбэж байхгүй бол парламент бүү хэл аливаа нэг байгууллага ч цаашид явахад бэрх гэдгийг нийгмээрээ мэднэ. Парламент төдийгүй аливаа нэг жижиг байгууллагын амин сүнс бол гурван үеийн хэлхээн дээр оршин тогтнож байдаг бичигдээгүй хуультай. Мөн УИХ нь төлөөллийн байгууллага учраас салбар салбараас хүмүүс орж ирж байгааг ч буруутгах гэсэнгүй. “Сайнтай муутай сав дүүрдэг” хорвоогийн явдалд сайнаа муу нь дагаж гэрэлтэх, муугаа дагаж бүдгэрэх нь хувь хүний асуудал учраас та бүхний мэдэх хэрэг.  

Сонгуулиас сонгуульд шинээр төлөөлөл бий болж, парламент цусаа сэлбэж ирсэн түүхтэй ч тэс хөндлөн хүмүүс орж ирсэн нь тун цөөн. Тэгэхээр сүүлийн гучаад жил хараалгаж зүхүүлж төр барьж ирсэн хүмүүсийн алдаа оноо нь өнөөдрийн Монгол Улсын нийгмийг бий болгосон. Ямартай ч тэд Монгол Улсыг харийн эрхшээлд нэг мөр өгчихөөгүйд талархаж сууна. Шинэ парламент бүрдсэн даруйд Улсын баяр наадам залгаж, шинээр сонгогдсон гишүүд аймаг тус бүртээ очин, хэрдээ л хөл болов. Харин тэд зүс царай тэгш, хэл яриа цэгцтэй харагдахыг хүсэж байгаагаас улс орны бодлого, нийгмийн амьдрал хаана явааг мэдэж, ярьж байгаа нь ажиглагдсангүй. Сайндаа л жалга довны асуудал ярьсан шиг наадамлаж байв.

Өдгөө сонгуулийн чимээ нэг мөр алсарч, зарим нэг мэдээ мэдээлэл ил боллоо. Сонгуулийн кампанит ажлын үед тойргуудад хийсэн удаа дараагийн судалгааны дүн ч ил болжээ. Гарааны рейтингийн судалгаанаас харахад өдгөө үнэмлэхүй ялалт байгуулаад байгаа МАН илүүрхэх магадлал байснаас ялах магадлал тун хомс байв. Учир нь эрх баригч намаас нүдээ олоогүй олон мандатын эзэд тодруулсанд байгаа юм. Тухайлбал, Сэлэнгэ аймагт МАН-аас өрсөлдсөн Т.Өнөрболор, Ч.Ундрам, Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдсөн П.Анужин, Д.Жаргалмаа нарын олон хүнд иргэд сонгогчид санал өгөөгүй юм. Ард иргэд эрх баригч МАН-д, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал өгсөн гэдгийг удаа дараагийн  судалгааны дүн хэлээд өгнө. Эдгээр хүмүүс ч үүнийг ойлгох хэрэгтэй. Тодотгож хэлбэл, нийгмийн санал савласан энэ цагт давалгаанд шидэгдсэн хүмүүс юм.

Эрх баригч нам, Засгийн газар өнгөрөгч гурван жилд хэрэгжүүлсэн хэд хэдэн төсөл арга хэмжээ л тэднийг УИХ-ын гишүүн болгов. МАН-ын дарга, Ерөнхий сайд ч өөрөө бүх тойрог дээр очиж тайлангаа тавьж, ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулан, тэднийг дэмжихийг уриалсан нь сайтар нөлөөлөв. Түүнээс эдгээр нөхдийг сонгогч олон танихгүй. Чухам хаана ямар алба залгуулдгийг ч мэдэхгүй. Эрх биш сэтгүүлч хөтлөгчдийг бол гадарлаж байсан байх. Тэдний гарааны рейтингийн судалгаанаас тандаж харахад Сэлэнгийн хоёр тав, зургаад явж байв. Дунд үеийн болон бусад судалгаанаас харахад ч  дөрөв, тав, зургаад эрэмбэлэгдэж байсан ч “Хүчээ нэгтгэе” уриан дор иргэдийн санал давалгаалсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүх л тойргуудад танигдаагүй, хийж бүтээгээгүй, бизнесмэн голдуу нөхөд илгээсэн нь бүгдээрээ рейтинг тааруу, сонгогдох ямар ч боломжгүй байсан ч МАН-ын рейтинг дагаж, УИХ-д орж ирснийг энд давхар дуулгах хэрэгтэй. Парламент хэмээх өндөр босготой айлын босгоор давна гэж зүүдлээгүй ч давалгаанд шидэгдсэн хүмүүсээс одоо хэрхэн ажиллах вэ гэдэг асуудал зүй ёсоор хариултаа нэхэж байна.

 

УЛС ОРНЫ БОДИТ БАЙДАЛТАЙ ЭВЛЭРЭХ ҮҮ, АХ НАРЫН ДОХИО ЗАНГАА ХҮЛЭЭХ ҮҮ

 

Шинээр сонгогдсон гишүүдэд тулгардаг нэг зүйл бол нам эвслийнхээ бодлогыг дагах юм. Эрх баригч намаас нэр дэвших эрхийн мандат авч, ялалт байгуулсан захын нөхөр тэдний өөдөөс боорлож чадахгүй нь гачлантай. Тэднээс давсан бодлого шийдвэр боловсруулах ч арга алга. Зарим нэг нь ах нар, нам бүлгийнхээ дохио зангааг дагасаар дөрвөн жил болох нь элбэг. Нэг ч хууль санаачлан батлуулж чадалгүй бүрэн эрхээ дуусгах нь ч бий. Тэгвэл шинээр сонгогдсон гишүүд маань чухам ямар журмаар ажиллаж чадах вэ гэдэг асуудал зүй ёсоор тулгарна. Та дөрвөн жил нам бүлгийн нэг кноп болж сууна гэвэл эргээд нийгэм, ард түмэн таныг хүлээж авахгүй. Би мэддэг, чаддаг, боловсролтой хүн гээд амьдралын хөрсөн дээр буухгүй зүйл яриад нам бүлгээсээ эсрэг яваад байвал эргээд нам чинь таныг хүлээж авахгүй гэх мэт асуудал бий. Зөвхөн өндөр боловсрол ч энд хэрэггүй. Тэгэхээр шинээр сонгогдож байгаа гишүүдэд “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” явах ганц л арга харагдана. Ёстой л “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэгч болно.

 

ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХЭРХЭН ОЙЛГОЛЦОЖ АЖИЛЛАХ ВЭ

 

Сонгуулийн өмнө улс, орны амьдрал туйлын сайн, эдийн засаг өсөлттэй байгааг дурдаж, илүү хөгжлүүлнэ хэмээн эрх баригчид амлаж явсан. Сонгуулийн маргаашнаас чамгүй хүндэрсэн улс орныг удирдан ажиллахаа мэдэгдэж байна. Өөрсдөөсөө өөрсдөө хүлээн авч байгаа улс орон учраас хэн нэгэнд бурууг тохох аргагүй. Байнга өсөлттэй мэдээлэл өгдөг байсан Статистикийн газар маань буруудаж, уруудсан тоо баримтыг наадмын өмнөхөн дэлгэрэнгүй өгнө билээ. Дөрвөн жил эрх баригчдын захиалгат байж болзошгүй өндөр өсөлттэй тоон мэдээлэл хүргэж ирсэн Статистикийн газрын дарга А.Ариунзаяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар дэвшин ажиллахаар боллоо. Магадгүй эрх баригчдын үгийг ёсчлон дагасан учраас сайдын суудал бараадсан ч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ туршлагатай, өсөн дэвжих залуу хүнээ дэмжиж байгаад хаа хаанаа баяртай байгаа. Одоо тэр бусдын хийсэн ажлын дүн мэдээг хүсэлтийн хариу болгон илгээх биш өөрөө ажил хөдөлмөрийн халуун талбарт, ялангуяа иргэдийн нүдэн дээр ил тод ажиллах болно. Яагаад гэхээр хийж байгаа ажлынх нь үр дүн шууд иргэдийн амьдрал дээр бууна. Нийгэм эдийн засгийн байдал хүндэрсэн нь үнэн. Цаашид ч энэ хүнд ачааг үүрэх төдийгүй, энэ байдлаас эрсдэл багатай гарахыг хичээн ажиллах цаг үе тосон уулзана. Шинэ гишүүд маань үүнийг ойлгож, улмаар хамтран ажиллахад бэлэн үү. Эсвэл УИХ-ын чуулганы танхимд хоосон цэцэрхэж суух уу гэдэг асуулт ч хариултгүйгээр үлдэж байна. Засгийн газарт чиглэл өгөх, хариуцлага тооцох эрх нь УИХ-д нээлттэй байдаг учраас зарчмаа дагах шаардлага байгаа. Харин ингэж чадах эсэх нь одоогоор ихээхэн эргэлзээтэй байна.   

Улсын мөнгөний авдар “дундуур дүүрэн” байгаа хэмээн бөөрхийдүү мэдээлж байгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар улиран ажиллахаар болсон нь туйлын зөв сонголт байсан байх. Хэдийгээр төвлөрсөн мөнгийг хувиарлан зарцуулдаг ч энэ салбарт ахиад шинэ дүр хэрэггүй, ойлголцоход бэрх байв. Цаашид мөнгөний авдарныхаа хэмжээг мэдэгдэх бодит шаардлага үүснэ. Монгол Улсын валютын нөөц нэг тэрбумаар илүү байгааг мэдэгдэж байсан. Одоо чухам хэд болж байгаа вэ, үүнийг хэзээ бодитоор мэдээлэх вэ. Ам.долларын ханш аажмаар өссөөр байгааг яах вэ, цаашид ч нэгэнт өсөх хандлага байгааг ч бодитоор хэлэх хэрэгтэй. Нууж хаадгаа болиод дэлхий нийтийн болон улс орны дотоод байдлыг үнэн зөв мэдээлж явах шаардлага тулгарна. Дэлхий нийтийн хандлага, цар тахлаас үүдэлтэйгээр хаа хаанаа уруудсан үзүүлэлттэй байхад манайх хөөстэй тоо мэдүүлж яах юм. Иргэддээ үнэнээ хэлж, бүсээ чангалахыг ч сануулах хэрэгтэй. Энэ бүгдэд шинэ гишүүд маань бэлэн үү. Бас сурах цаг хугацаа хэрэгтэй юу. Эсвэл учраа олохгүй сууна уу гэдэгт хамаг учир бий.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мөн улиран ажиллахаар болов. Энэ төрд бугшаад байсан шударга бус зүйлтэй тэмцэж ил болголоо хэмээн залуу хүний араншингаар хөөсөрч байгаа ч бодит үр дүн гараагүй. Тэр өөрөө олны нүдэн дээр мэдээлээд байснаас гарт баригдаж, нүдэнд харагдах ажил лав алга. Л.Оюун-Эрдэнэ сайдын яриад байгааг бодит ажил болгох тал дээр ажиллаж чадах уу, эсвэл аялдан дагах уу гэдэг асуудал зүй ёсоор тулгарна. Залуу сайдын хувиар популизм хийж байсан бол одоо бодит ажил болгох шаардлагыг ч түүнээс нэхнэ. Шинэ түшээд маань эргээд энэ үр дүнг иргэд нэхнэ гэдгийг ойлгож байгаа юу. Сонгууль болохоор л намын нэр, Ерөнхий сайдын өндөр рейтингээр парламентын босго даваад байна гэж үгүй. Тэр тусмаа улс төрд мөнхийн зүйл гэж үгүй. Ерөөсөө аливаа зүйл нь богино настай гэж ойлгож болно. 

Шинэ Үндсэн хуулиар Засгийн газрын гишүүдийн дөрөв нь давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүний ажлыг хавсран гүйцэтгэж болно. Бусад сайд нар нь парламентын гаднаас томилогдох болсноороо туйлын онцлогтой. Тэгэхээр шинэ гишүүд маань бас онцлогтой ажиллах шаардлага гарна. Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан гэх туршлага нимгэн залуу томилогдоно билээ.

Дэлхий нийтэд дэгдээд байгаа цар тахлын үед эрүүл мэндийн салбарыг хэрхэн удирдаж ажиллах вэ гэдэг нь тодорхой бус байгааг ч анхаарч ажиллах шаардлага гарна. Цар тахлаас гадна дотоодод өссөөр ирсэн хавдрын өвчин болон бусад зүйлийг яах вэ гээд энэ салбарт тулгамдсан асуудал олон байгаа ч туршлага нимгэн залуу орж ирсэн нь баахан чамлалттай байгааг салбарынхан хэлж байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар гэх популист маягийн нөхөр орж ирсэн. Тэрбээр дан дээлтэй явахдаа гэмт хэргийн гэх баримтуудыг хэвлэл мэдээллээр дэлгэж, хариуцлага тооцохыг удаа дараа шаардаж явсан. Тэр ч бүү хэл шүүгчдийн хадгаламжийн данс руу нэвтэрсэн хэмээн хэлж суусан. Хамгийн том бүтэц, улс орны нэн чухал салбарыг удирдаж байгаа хүн ийнхүү мөрдөн байцаагч шиг ажиллаж болох уу гэдгийг ч гишүүд сайтар хянаж ажиллах байх. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь ийнхүү худал үнэн нь мэдэгдэхгүй зүйл ярьж мөрдөн байцаагч шиг яваад байвал юу болох вэ. Энэ салбарыг уг нь популистуудын гарт өгч боломгүй байсан юм. Түүнээс бус Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам гээд бусад салбарт мэргэжлийн туршлагатай хүмүүс томилогдсон нь олны талархлыг хүлээж байна.

 

ПАРЛАМЕНТЫН ТОГТОЛЦОО СОНГОДОГ УТГААРАА БИШ Ч ХӨГЖИЖ ЯВНА

 

Дорд үзэж, басамжилж байгаа хэрэг биш. Аливаа парламентын хууль тогтоохоос гадна нэг чухал үүрэг бол төлөөллийг хангах явдал байдгийг юуны өмнө санаж явах нь үүрэг юм. Ингэхдээ парламент хүн амын төлөөлөл байх ёстой юу, тойрог буюу газар нутгийн төлөөлөл байх ёстой юу гэдэг маргаантай хоёр байр суурийн алин дээр нь тухайн улс сонголт хийснээс хамаарч парламентын бүтэц өөр өөрөөр бүрддэг онцлогтой. Та бүгдийн хувьд тойрог буюу газар нутгийн төлөөлөл гэсэн ойлголт төдий байгааг тангараг өргөсөн цагаас хойш анзаарлаа. Энэ нь тогтолцооны гажуудал учраас яах билээ хэмээн цагаатган бодож болох ч бүрэн улсын Төрийн эрх барих дээд байгууллагын ажилтан гэхээр цагаатгаж үл болно.

Судлаачдын хэлж байгаагаар болон онолын үүднээс аваад үзэхэд анхны бөгөөд сонгодог утгаар бол парламент иргэдийн төлөөлөл байх ёстой гэжээ. Парламентын мөн чанар нь нүсэр биш аппараттай, гэхдээ ард түмнийг төлөөлөх чадвартай байх нь зүйтэй гэж засаглал хуваарилах онолыг анхлан гаргаж ирсэн эрдэмтэд үздэг. Энэхүү сонгодог онолын дагуу парламентын төлөөлөлд тэгш байдлын буюу хувь тэнцүүлэх зарчим үйлчилнэ. Тэгш байдлын зарчим гэдэг нь улс орны хүн амын тоонд дүйцүүлэн парламентын гишүүдийн тоог тогтоох, парламентын гишүүн бүр тэгш тооны сонгогчийг төлөөлөх явдал учраас та бүхэн энэ зарчмаар явж УИХ-ын гишүүн боллоо. Парламентын гишүүн бүр тэнцүү тооны иргэдийг төлөөлнө гэдгийг сонгогчдын байр сууринаас авч үзвэл сонгогч бүр эрх ашгаа хамгаалуулах, төрийн бодлогод дуу хоолойгоо хүргэхийн тулд өөрийг нь төлөөлсөн парламентын гишүүдтэй байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл та Дорноговь аймгаас сонгогдсон бол тэр аймгийнхаа сонгогчдыг парламентад төлөөлж, тэдний асуудлыг шийднэ гэсэн үг. Гэхдээ л Хууль тогтоох дээд байгууллагын ажилтан гэдгээ байнга санах хэрэгтэй. Энэ зарчмын дагуу тухайн сонгогч том хотод уу, алслагдсан бүс нутагт амьдарч байна уу гэдгээс үл хамааран Хууль тогтоох байгууллагад тэгш төлөөлөлтэй байна. Нөгөө талаас сонгогч бүрийн санал төрийн бодлогод адил хэмжээнд жин дарж байх ёстой. Парламентад иргэдийн тэгш төлөөллийг хангахын тулд хэрэглэдэг сонгуулийн систем нь хувь тэнцүүлэх систем. Өнгөрөгч 2019 оны байдлаар дэлхийн 80 гаруй улс хувь тэнцүүлэх системээр хууль тогтоох байгууллагаа сонгосон гэх баримтыг харуулсан байна. Ерөөсөө парламент зөвхөн хүн ам, нийгмийн бүтцийг тусгаад зогсохгүй улс орны газар нутгийг төлөөлөх ёстой гэсэн байр суурь парламент үүсэн хөгжсөн хоёр, гурван зуугаад жилийн турш л хүчтэй оршсоор иржээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.118.176) 2020 оны 07 сарын 16

Азийхан гэр бүлсэг

0  |  0
Баатархүү(202.9.40.113) 2020 оны 07 сарын 16

За бор толгойтой хонинууд ч бас олон байгаа даа . Яана да яана.

0  |  0
Со ах (202.179.26.148) 2020 оны 07 сарын 16

Тэгэж ойлгодог тэнэг Оркууд наана чинь зөндөө байгаа. МАНАН агаагийн тарьсан гайнууд.

0  |  0
Уншигч(66.181.166.134) 2020 оны 07 сарын 16

Мандахбаяр гэж үргэлж попорч байдаг хүн сонгогдож чадаагүй болохоороо муулуулж бөйгаа юм байх даа зайлуул!!!

0  |  0
Жуцө(139.5.219.187) 2020 оны 07 сарын 16

МАН

0  |  0
Top