АНЭУ Ангараг гараг руу сансрын аппарат илгээжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 20

Арабын Нэгдсэн Эмират Улс Ангараг гараг руу сансрын хөлөг илгээсэн Арабын анхны улс болжээ. “Аль Амаль /Найдвар/” нэртэй аппаратыг Японы пуужин тээвэрлэгчээр Японы Танэгашима арлаас даваа гарагийн өглөө хөөргөжээ.

Сансрын хөлгийг энэ сарын 14-нд хөөргөх төлөвлөгөөтэй байсан ч цаг агаарын байдлаас болж хоёр удаа хойшлуулсан байна. Дубай дахь Мохаммед бин Рашидын нэрэмжит Сансрын төв, Колорадогийн их сургуулийн Агаар мандал, сансрын физикийн лаборатортой хамтран бүтээсэн “Аль Амаль” хөлөг долоо сарын дараа буюу 2021 оны хоёрдугаар сард улаан гарагт хүрэх аж.

“Аль Амаль” аппарат Ангараг гарагийн агаар мандал, уур амьсгалын нөхцөл болон улирлын солилцоог судлах гол даалгавартай. Тус хөлөг Ангараг гарагийн бүтэн жил буюу дэлхийн хоёр жилтэй тэнцэх хугацаанд тус гарагийн тойрог замд байрлах гэнэ. Түүнчлэн, “Аль Амаль” Ангараг гарагийн цаг агаар, шороон шуурга бүрэлддэг агаарын мандлын доод давхаргуудыг анх удаа судлах юм.

2020 оны намар хүртэл АНУ-ын НАСА агентлагийн “Perseverance”, Хятад улсын “Tianwen-1” хөлгүүд Ангараг гараг руу хөөрөх юм. Эдгээр аппаратууд тус гараг дээр амьдрал бий эсэх, тус гарагийн агаар мандал ирээдүйд Ангараг дээр хүмүүс суурьшихад тохиромжтой эсэхийг судлах зорилготой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top