ЗХУ, ОХУ-ын спортын “Советский спорт” сонин 1983 оны аравдугаар сарын 4-ний №227 дугаартаа Ерөнхийлөгч Х.Баттулгыг самбо бөхийн дэлхийн аварга болсон талаар бичиж байжээ.
Самбо бөхийн ДАШТ 1983 оны есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-нд Киев хотод явагдаж, нийт 10 жинд аваргуудаа тодруулсан. Х.Баттулга 52 кг-ийн жинд дэлхийн аварга болж байсан билээ.
“Советский спорт” сонин дэлхийн аваргын тэмцээний талаар “До свидания, чемпионат!” нийтлэлдээ “52 кг-ийн жингийн финалд Пермийн их сургуулийн багш, 30 настай Геннадий Белоглазев, Улаанбаатарын Дүрслэх урлагийн сургуулийн төгсөгч, 19 настай Халтмаагийн Баттулга нар шалгарч барилдлаа. Манай бөх кинжаал хутга мэт огцом оролт, хурц дайчин мэхээрээ алдартай ч энэ удаад дайралт болгон нь бухал өвс мөргөсөн мэт тасалдаж байлаа. Х.Баттулга үнэхээр ухаантай хамгаалж байна. Хоёрдугаар үед монгол тамирчин манай бөхөөс илт давуу, ядраагүй харагдаж байсан бөгөөд 2-0 харьцаатай сайхан ялалт байгууллаа” гэж бичсэн байв.
1983 оны ДАШТ-д 48 кг-д Д.Тэгшээ хүрэл, 52 кг-д Х.Баттулга алт, 62 кг-д Г.Хүрэлбаатар хүрэл, 68 кг-д Г.Жамсран алт, 74 кг-д Ц.Дамдин мөнгө, 82 кг-д З.Дэлгэрдалай мөнгө, 90 кг-д Д.Цэнд-Аюуш хүрэл, 100 кг-д О.Балжинням мөнгө, +100 кг-д С.Хүрэлбаатар мөнгөн медаль хүртэж байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
пээ мундаг юм аа