УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2020.08.17/ нээлтээ хийлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Түүний хэлсэн үгнээс ОНЦОЛЖ байна.
-Дэлхий дахиныг хамарсан цар тахлын аюул улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд амаргүй сорилт бэрхшээл үүсгэж байгаатай холбогдуулан тулгамдсан зарим асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор энэхүү ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Цар тахал дэлхийн бараг бүх улсад тархаж, халдвар авсан хүний тоо 22 саяыг давж, 772 мянган хүн энэ өвчнөөр хорвоог орхилоо. Харамсалтай нь энэ тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр л байна. Манай төр засаг, ард иргэд маань цар тахлаас сэргийлэх оновчтой арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлж байна.
-“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг ардын сайхан үг бий. Ээлжит бус чуулганы нээлтийн ажиллагаанд Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын тэргүүн нар цахимаар оролцож байна.
-Та бид энэ удаагийн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батална. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.
-Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлах бөгөөд энэ нь Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх эхний алхам болох юм.
-Ирэх он жилүүдэд улсын төсөв, санхүүд ямар бодлого, чиглэл баримталж, юуг зорьж, ямар үр дүнд хүрэх талаарх макро эдийн засгийн үндсэн зорилт, чиглэлүүдийг ч бас хэлэлцэнэ. Макро эдийн засгийн бодлогыг тодорхойлоход микро эдийн засгийн төлөв, нөхцөл байдлыг зөв тооцоолж, төлөвлөх нь зүйтэй байна. Микро эдийн засаг баялаг бүтээгчдийн санаачилга дээр тогтдог.
-Баялаг бүтээгч буюу “Энтрепренер” гэдэг үгийн томъёолол хувьсан өөрчлөгдөж, “Одоо байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний хэв маягийг эвдэх замаар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахыг энтрепренер хэмээнэ” гэдэг байсан бол “Өөрчлөлтийг эрэлхийлэн олж, боломжийг ашиглахыг энтрепренер гэнэ. Тэдний гол зэвсэг бол инновац мөн” гэсэн агуулгатай болж өөрчлөгдөж байна. Ийм учраас нэмүү өртөг бүтээж, ажлын байр бий болгодог баялаг бүтээгчдийг дэмжих зорилгоор Үйлдвэржилтийн бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хороодыг Улсын Их Хуралд байгуулсан.
-Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо экспортын чиг баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх дэд бүтэц, төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, ноос ноолуур, махны экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, газар дээр нь очиж, судалж ажилласан. Одоо үүнийгээ бодлого болгож хэрэгжүүлэх шаардлагатай байна. Цахим шилжилт ч цаг үеийн шаардлага боллоо. Чуулганы завсарлагаар Инновац, цахим бодлогын байнгын хороо “Боловсролын салбар дахь цахим шилжилт” хэлэлцүүлгийг боловсролын болон мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгууллаа.
-“Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолыг энэ чуулганаар батлахаар төлөвлөж байна. Энэ чиглэлээр байгуулагдсан Ажлын хэсгүүд идэвхтэй ажиллаж, Монголбанк, Хөгжлийн банк, арилжааны банкуудын удирдлагуудтай нэг биш удаа уулзаж, санал солилцсоноор Монголбанктай хамтран тогтоолын төслийг боловсруулаад байна.
-Төр засаг, банкны салбарынхан, иргэдийн аль аль нь зээлийн хүүг бууруулах нэг ашиг сонирхолд нэгдэж байгаа билээ. Тиймээс энэ зорилтыг ямар арга замаар, хэрхэн хангах вэ гэдэг оновчтой, зөв бодлогыг дэвшүүлэх, улмаар банкны салбарт шинэчлэлийг эхлүүлэх явдал чухлаар тавигдаж байгаа болно.
-Улс орноо өөд нь татаж, хүн ардынхаа амьдралыг тэтгэх шинэчлэлийн шинэ зорилтыг тунхагласан Монгол Улсын Үндсэн хуульд өнгөрсөн онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” хуулийн, эрх зүйн хувьсгалыг үргэлжлүүлэх нь энэхүү чуулганы бас нэг зорилго байх болно
-Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгууль болно. Тиймээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэн батлахаар төлөвлөж байна. Энэхүү хуулийн өөрчлөлт нь сонгуульд зориулсан гэхээсээ илүүтэй орон нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн захиргааны удирдлагыг иргэдийн хүсэмжлэл, Монгол Улсын хөгжлийн эрх ашигт нийцүүлэн оновчтой зохион байгуулах, үр дүнтэй засаглалын тогтолцоо бүрдүүлэхэд чиглэж байгаа билээ.
-Та бидний сонгогч түмэндээ амласан амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, улсын санхүү, эдийн засгийг удирдан хөтлөх ойрын жилүүдийн бодлогыг тодорхойлоход чиглэгдэх болно. Үүний төлөө сайд нар Улсын Их Хуралд тангараг өргөсөн гэдгээ ямагт санаж, аргацааж бус, ард түмнийхээ төлөө сэтгэл, зориг гарган ажиллах ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт биш, хураангуй төлөвлөгөө ч бус, сонгуулийн үеэр болон дараа ард түмний илэрхийлсэн хүсэл эрмэлзлийн цогц, салбар бүрт эрс шинэчлэлт, өөрчлөлт хийх төрийн бодлогын баримт бичиг юм.
-Салбар бүрт шинэчлэл өөрчлөлт хийж, сайн цаг, сайхан амьдралыг төвхнүүлнэ гэсэн ард түмнийхээ итгэлд гал асаах зорилт энэхүү чуулганаар эхлэх ёстой. Энэ гал улам бадран дүрэлзэх учиртай. Үр дүнд нь Монголын нийгэмд гэгээ гэрэл түгж, Монголын ард түмний төрдөө итгэх итгэл эргэн сэргэх болно.Ээлжит бус чуулганы гол агуулга, ач холбогдол үүнд оршиж байна.
Сэтгэгдэл ( 0 )