Олон улсын тэргүүлэх их сургууль төслийг хэрэгжүүлэгч Монголын хамгийн том Монголын үндэсний их сургууль /МҮИС/-иас Монголд анх удаа шинээр элссэн оюутнууддаа зориулан 5 автомашины шагналын сантай “МҮИС-CUP” болзолт уралдаан зарлалаа.
Тус уралдаанд МҮИС-д шинээр элссэн оюутнууд оролцох боломжтой бөгөөд 2020.11.01-нээс 2021.04.01-нийг хүртэл хугацаанд сагсан бөмбөг, гар бөмбөг, англи хэлний илтгэл, урлагийн номер, “старт ап” компани хөгжүүлэлт гэсэн таван төрлөөр оюун ухаан, авхаалж самбаа, хурд хүч, эрдэм мэдлэгээ уралдуулан багаараа шинэхэн автомашины эзэн болох юм байна. Тиймээс оюутны ширээний ард анги хамт олон, төгссөн сургуулиараа эргэн нэгдэх ховорхон завшааныг шинээр элссэн оюутнууд алдахгүй ашиглахыг МҮИС-иас уриалж байсан юм.
“МҮИС-CUP” болзолт уралдааныг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулах бөгөөд тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга “МҮИС-иас сагсан бөмбөгийн спортыг дэмжиж Монголд анх удаа багийн спортоор түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй багт автомашин өгөх тэмцээн зохион байгуулах гэж байна. Тэмцээнээ бид 3х3 төрлөөр зохион байгуулна.
Холбооны зүгээс сагсан бөмбөгөөр дамжуулан олон улсад нэр хүндтэй шилдэг сургуультай хамтарч байгаадаа баяртай байна. МҮИС нь сургалтын чанараас гадна сагсан бөмбөгөөр олон улсад сайн үзүүлэлттэй. Энэ сургуулийн баг тамирчид Азийн оюутны сагсан бөмбөгийн наадмын алт, мөнгөн медаль хүртэж байсан. 5х5 төрлөөр Монголд болсон оюутны Азийн наадмын аварга хамт олон. Дээр нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын багийн гишүүд МҮИС-д элсэн орж байгаа. Бидний зүгээс ирээдүйн шилдэг сагсан бөмбөгчид чанартай боловсрол эзэмших боломж бүрдсэнд талархалтай байна. Тэгэхээр бидний хамтын ажиллагааны үр дүн тун удахгүй гарна гэж итгэж болно. МҮИС-ийг сагсан бөмбөгөөр Азийн шилдэг сургууль болгох зорилт удахгүй биелнэ гэж амлаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Дэлхийд нэрээ дуурсгах хүчирхэг монгол залуусыг бэлтгэх зорилготой МҮИС нь 15 мянган оюутан, 700 гаруй эрдэмтэн багштайгаар олон улсад хамгийн эрэлттэй 250 гаруй мэргэжлээр боловсролын бүхий л үе шатны сургалтын үйл ажиллагааг 22 дахь жилдээ амжилттай явуулж байгаа юм.
Энэ жилийн хувьд Монголын хамгийн том Монголын үндэсний их сургууль нь олон улсын тэргүүлэх их сургууль төсөл болон бүтээн байгуулалтад түлхүү анхаарч ажиллажээ.
Энэ тухай МҮИС-ийн Маркетингийн албаны дарга Ц.Отгонбанди танилцуулахдаа “МҮИС нь олон төсөл, бүтээн байгуулалтаар оюутнууддаа бэлэг барьж байна. Бид Монгол Улсад анх удаа их сургуулийн хотхон хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Шинэ бүтээн байгуулалтаас дурдвал 700 хүний “Эвент холл” буюу олон улсын хурал зөвлөгөөн зохион байгуулах боломжтой танхимыг шинээр ашиглалтад орууллаа. Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын нэгэн адил 15 давхар 200 ортой нэгдсэн эмнэлэг ашиглалтад орж байгааг дуулгахад таатай байна. Мөн олон улсын стандартын дагуу тав тухтай орчин бүрдүүлсэн 24 цагийн үйл ажиллагаатай 40.000 номын фондтой Азид хоёрт орох том номын санг ашиглалтад өглөө. Түүнчлэн 24 цагийн харуул хамгаалалттай, өрөө болгондоо гал тоо, ариун цэврийн өрөөтэй оюутны орон сууцыг Монголдоо анх удаа ашиглалтад оруулсан. Оюутан болон багш ажилчиддаа зориулан 250-300 авто машины дулаан зогсоолыг ашиглалтад оруулсан гээд бүтээн байгуулалтын өрнүүн амжилтаар 2020-2021 оны хичээлийн жилийг угтаж байна” хэмээсэн юм.