Дэлхийн зургаан удаагийн шилдэг хөлбөмбөгч, Аргентин улсын шигшээ болон Барселона клубийн довтлогч Лионель Месси Барселона клубт хөлбөмбөгчийн замналаа үргэлжлүүлэх болсноо зарлалаа.
Өдгөө 33 настай тэрээр хоёр долоо хоногийн өмнөөс багаасаа явах хүсэлтэй байгаагаа удирдлагууддаа мэдэгдсэн юм.
Клубийн удирдлагуудын шийдвэр, багийн андууд нь өөр клубийг сонгох болсон зэргээс шалтгаалан тэрээр Испанид карьераа үргэжлүүлэхгүй байхаар шийдвэрлээд байсан юм.
“Би Барселона клубтээ үлдэхээр боллоо. Би хэдийгээр явахыг хүссэн ч нөхцөл байдлаас шалтгаалан багтаа үлдэхээр шийдлээ. Уг нь клубийн ерөнхийлөгчид өөр багт явах хүсэлтэй байгаагаа бүтэн жилийн турш хэлж байсан юм. Клубийн уур амьсгалыг хараад цаг хугацаа минь дууссан гэж бодож байлаа. Гэхдээ би өөрийн замналаа энд л дуусгахыг хүсдэг” гэж хөлбөмбөгч Лионель Месси Goal.com цахим хуудаст өгсөн ярилцлагадаа дурджээ.
Одоогоос гурван жилийн өмнө 2017 оны долоодугаар сард Лионель Месси Барселона клубтэй 2021 оны зургаадугаар сарын 30-ныг хүртэл гэрээгээ сунгаж долоо хоногийн 645 мянган ам.долларын цалин авч байхаар тохиролцсон билээ.
Тамирчны шийдвэр ямар байхаас үл хамааран гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн тул Ла Лигийн удирдлагууд Барселона клубт гэрээгээ дуустал тоглох боломжтой гэж шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл ( 0 )