Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож буйтай холбогдуулж, Засаг ноёдын хэлмэгдүүлэлтийн асуудлыг дагнан судалж буй судлаач На.Батболдтой ярилцлаа.
-Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон өнгөрүүлж байна. Хэлмэгдэгдүүлэлт болоод хэлмэгдсэн хүмүүсийг талаарх судалгааны ажил хэр явж байгаа вэ?
-УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр болгосноор энэ өдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн жил болгон тэмдэглэн өнгөрүүлж байгаа.
Миний бие улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Чингисийн алтан ургийн Засаг ноёдын талаарх судалгааг явуулж, одоо ч үргэлжлүүлсээр байна. Чингисийн алтан ураг, засаг ноёдын талаар ярихад энэ хүмүүс бол Монгол Улсад Ардын засаг бүрэлдэн тогтоход хамгийн том үүрэг гүйцэтгэж байсан. Тухайлбал, Хурц ван Э.Түдэн гэхэд Ардын намын суртал ухуулгын ажлыг хариуцан ажиллаж, суртал ухуулагч нарыг судалж ухуулагчийн үнэмлэхийг олгож байсан. Маршал Х.Чойбалсан, Д.Сүхбаатар жанжин нарын үнэмлэхийг Хурц ван Э.Түдэнгийн гарын үсэг зурж олгож байсан байна. Дээр нь олон хошуудад Ардын засгийн газрын үйл ажиллагааг явуулахад засаг ноёдын оролцоо маш их байсан.
-Чухам яагаад эдгээр хүмүүсийг хэлмэгдүүлэх болсон юм бэ?
-Яагаад гэхээр тэд монгол төрийн бодлого, уламжлал, өв соёлыг тээж явсан. Өнөөдөр маш олон хүмүүс хэлмэгдсэн тухай ярьж байна. Гэхдээ улс төрийн хилс хэрэгт анх хэлмэгдсэн хүмүүс бол засаг ноёд юм. Засаг захиргааны өөрчлөлт явуулахаас эхлээд хөрөнгө хураалт, тэгээд их хэлмэгдүүлэлт хүртэл Засаг ноёдыг улс төр, эдийн засгийн хувьд зохион байгуулалт, шат дараатай хэлмэгдүүлсэн байдаг.
1929 оны Хөрөнгө хураалтаар ихэнх засаг ноёд хөрөнгөө хураалгасан. Зарим нь бүр хоосорч айл хэсүүчилж амьдрахад хүрч байсан. Тэр үед “Жонон ван Н.Цогбадрахын хоёр морь Их тэнгэрийн аманд байна. Энэ хөрөнгийг нь хураагаач” гэсэн бичиг хүртэл хөрөнгө хураах комисст ардуудаас ирүүл байсан. Энэ мэтчилэн тэдгээрийн төрөл төрөгсөд, хатад, хүүхдүүдийнх нь хөрөнгийг хураасан. Хөрөнгө хураах энэ ажлыг явуулж дуусаад 1930 оноос эхлээд засаг ноёдыг хөрөнгө нуун дарагдуулсан хэрэгт холбогдуулан шийтгэх болсон. Тухайлбал, Дайчин вангийн хошууны сүүлчийн Засаг ноён Х.Жамбалдорж, Түшээт хан Д.Доржсүрэнхоролжав нарын бүх хөрөнгийг хурааж, хоёроос гурван жил хорих ялаар шийтгэсэн байх жишээтэй.
-Бүх засаг ноёдыг засгаас буулгаад хэлмэгдүүлж эхэлсэн гэсэн үг үү?
-Ер нь бүгдийг нь засгаас буулгасан уу гэхээр бас үгүй. Эрдэм мэдлэг, бичгийн боловсрол бүхий засаг ноёдыг хошууны хурлаас засаг даргад сонгон ажиллуулж байсан. Тухайлбал, Эрх гүн Ү.Содномбигмэддорж, Манлай ван Д.Долсон зэрэг хүмүүсийг засаг даргад сонгосон байдаг.
Нөгөөтэйгүүр бичиг үсэг тайлагдсан ардууд хэр хэмжээнд байсан бэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Тийм ч их байгаагүй. Засаг даргаар сонгосон хүн нь бичиг үсэг мэдэхгүйгээс болоод Засгийн газраас ирүүлсэн бичгийг тайлж унших хүнгүй, ажил цалгардуулж буй тухай учирласан, бичиг үсэг мэдэхгүй тул засаг даргын тушаалаас буулгаж өгөхийг гуйсан бичгүүд Үндэсний Төв Архивт хадгалагдаж байна.
-Тухайн үеийн Засаг ноёд, тайжууд өндөр боловсролтой, эрдэм, бичгийн хүмүүс байсан байж таарна даа?
-Тэгэлгүй яахав. Маш олон урлаг, соёл, улс төрийн зүтгэлтэн бий. “Монгол хүү” кинонд Баатар ван Н.Наваан-Юндэн, Мэргэн гүн М.Гомбожав оролцож, Мэргэн гүн М.Гомбожав тус кинонд дүр бүтээж кино урлаг хөгжихөд гар бие оролцсон байдаг. Баатар ван Н.Наваан-Юндэнгийн “Баянмонгол”, “Үхэрчин хүү” дуунууд, “Соёл Эрдэнэ” тууж байна. Улсын алдар гавъяат хөгжимчин цолоор шагнагдаж байсан Засаг ноён Д.Түдэвдорж 1933 онд Москва хотод болсон Олон улсын их наадамд амжилттай оролцож, улмаар 1934 онд Москва хотод очиж “Өвгөн шувуу”, “Эр бор харцага”, “Уяхан замбуутив”, “Ар хөвч”, “Идэр жинчин”, “Түмэн эх”, “Үлэмжийн чанар”, “Ум зандан ширээ”, “Сийлэн бөөр” зэрэг 31 дууг хуурдаж, Магсар хурцын Дугаржав, Ж.Дорждагва, Д.Ичинхорлоо нар дуулан бичүүлж байсан. Ингээд харахаар ямархан цар хүрээтэй байсан нь харагдаж байгаа биз.
-Чингисийн алтан ургийнхан болоод засаг ноёдын талаарх судалгааг хийж хэлмэгдүүлсэн гэсэн яриа байдаг. Энэ тухай?
-Их хэлмэгдүүлэлтийн үед ЗХУ-ын сургагч нар Дотоод явдлын яаманд томилогдон ирж ажиллаж байсан. Тэд нарын хийсэн алтан ургийнхны судалгаа гэж байсан. Чингисийн угсаа, Засаг ноён гэж хэнийг хэлдэг, тайжууд гэж юу болох тухай, ямар гарвалтай зэргийг нарийн тодорхой хийсэн судалгаа бий. Түүний дагуу хэлмэгдүүлэлтийг хийсэн.
-Түүхийг зүхлийн үүднээс биш түүхэн ухаарлын үүднээс харах хэрэгтэй гэж академич Ж.Болдбаатар багш хэлдэг. Их хэлмэгдүүлэлтийг Дотоод явдлын яамаар хийлгэсэн. Гэхдээ энд нэг анхаарах зүйл бий. Судлаад үзэхэд 1930 оны сүүл үед Дотоод явдлын яам 130 гаруй хүний орон тоотой, БНМАУ-ын хэмжээнд ажиллаж байсан байна. Гэтэл яг хэлмэгдүүлэлт явагдаад дуусахад дээрх ажилтнуудаас 120 гаруй нь хэлмэгдсэн байна. Бүр урд нь Дотоодыг хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Балдандоржийг ч бас хэлмэгдүүлсэн. Үүнээс үзэхэд Дотоод явдлын яамны хуучин тогтчихсон, уламжлагдан ирсэн хүний нөөцийн бодлогыг алдагдуулан шинэ хүчнээр нөхөх зарчмаар энэ хэлмэгдүүлэлтийг хийсэн болж таараад байна.
-Тэгэхээр Дотоод явдлын яамны яагаад хэлмэгдэх болов?
-Шалтгаан нь маш тодорхой. Учир Дотоод явдлын яамны хуучин бие бүрэлдэхүүн улс төрийн хилс хэрэгт хүмүүсийг хэлмэгдүүлэхээс татгалзсан. Тухайлбал, Маршал Х.Чойбалсанд Хөвсгөл хэлтсийн дарга Б.Баярмагнай дөрвөн удаа эсэргүүцсэн захидал, Дотоод явдлын яамны Шинэ хүчний хэлтсийн дарга Х.Нямаа лам нарыг олноор нь хавтгайруулан баривчилж хэлмэгдүүлэх явдлыг зөвшөөрөхгүй гэж захидлыг бичиж, эцэст нь өөрсдөө хэлмэгдсэн байдаг.
-Улс төрийн их хэлмэгдүүлэлтэд монголчуудын сор болсон хүмүүсийг хэлмэгдүүлэхээр нэрсийн жагсаалт авч ирж, түүний дагуу ажиллсан гэдэг. Энэ “Заговор” хэмээх жагсаалтад засаг ноёд багтсан байдаг уу?.
-Энэ “Заговор” буюу “Хуйвалдаан” гэх 115 хүний нэрсийн жагсаалтыг ЗХУ-ын ДХАК-ын орлогч М.П.Фриновский, БХАК-ын орлогч П.Смирнов, ЗХУ-аас БНМАУ-д суух бүрэн эрхт элчин төлөөлөгч С.М.Миринов нар 1937 оны 8 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод гэнэт хүрэлцэн ирэхдээ “Японоос БНМАУ-ыг эзлэхээр завдаж буй”-г танилцуулж, улмаар япон тагнуулын хэрэгт холбогдолтой гэх хүмүүсийн нэр жагсаасан дээрх жагсаалтыг өгч баривчлахыг даалгасан байдаг. БНМАУ-ын улс төр, нийгмийн зүтгэлтэн 115 хүний нэр бүхий “Заговор” хэмээх жагсаалтын 58 дугаарт Сэцэн хан Д.Навааннэрэн, 68 дугаарт Дархан чин ван Ж.Намжилдэндэв, СССР гэх тодотголтой жагсаалтын 4 дүгээр Мэргэн гүн М.Гомбожав нарыг багтаасан байдаг. Тийм ч учраас энэхүү алтан ургийн засаг ноёдыг баривчилж улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн.
-Эдгээр засаг ноёд бол ЗХУ-аас ирсэн жагсаалтын дагуу хэлмэгдэж, бусад засаг ноёдыг хэрхэн хэлмэгдүүлсэн бэ?
-Засаг ноёд хэргэм зэргээсээ татгалзаж, хэргэм зэргээ устгах тухайгаа өргөдөл бичиж, түүнийг нь Дотоод явдлын яам хийгээд Засгийн газрын зүгээс ёсоор болгосноор засаг ноёд энгийн хар болж байсан. Энэхүү энгийн ард болсон засаг ноёдоос Түшээт хан, Сэцэн хан нар Гандан хийдэд шавилан сууж байсан.
Энэхүү хийдэд шавилан сууж байсан засаг ноёдыг Ёнзон хамба буюу “Лам нарын хувьсгалын эсэргүү япон тагнуулын хэрэг”-т хэлмэгдүүлсэн байдаг. Улмаар орон нутагт суугаа засаг ноёд тайж нарыг уг хэрэгт холбогдуулж хэлмэгдүүлсэн байна. Одоогоор хэлмэгдсэн засаг ноёдыг судлах ажлын хүрээнд 40 гаруй засаг ноёдыг олж тогтоогоод байна.
-Хувьсгалын эсэргүү хэргээс өөр зүйлээр шийтгэгдсэн засаг ноёд байна уу?
-Хошой чин ван Ч.Лхамсүрэн БНМАУ-аас оргон зайлах гэсэн зүйлээр шийтгэгдсэн байдаг. Тэрээр Би Ардын засаг үүссэнээс эзэрхэг эрхгүй, эд хөрөнгөгүй ядуу дорой болсон болсон тухайгаа дурдаад оргож гарахыг завдаж байсан гэж мэдүүлсэн байдаг.
-Их хэлмэгдүүлэлтэд өртөөд амьд үлдсэн хүн байна уу?
-Баатар ван Н.Наваан-Юндэн бий. Герман тагнуулын хэргээр баривчлагдаж, дээд хэмжээгээр шийтгэснийг маршал Х.Чойбалсан 10 жил хорих ял болгож өөрчлүүлсэн байдаг. Тэгээд болоогүй Дотоод явдлын яамны хашаанд гэрт ховор ном судар хөрвүүлэх, орчуулах ажлыг хийлгэж байсан. Баатар ван Маршал Х.Чойбалсанд хэд хэдэн удаа захидал бичсэн байдаг. Уг захидалдаа: Гадуур агаар салхинд гарах, гарч кино театр орох, халуун усанд орох, хоол ундыг нэмэгдүүлэх асуудлыг тавихад нь Маршал Х.Чойбалсан ёсоор болгосон байдаг.
-Монголын төрийн эрхийг барьж, түүчээлж явсан алтан ургийнхан, засаг ноёдыг ингэж хэлмэгдүүлснээр асар их хор хохирол учирсан байх даа?
-Алтан ургийнханыг хэлмэгдүүлж, эд хөрөнгийг нь хурааж, амь насыг нь хохироосноор маш их хор хохирол учирсан. Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал ч хөндөгдөж, энгийн ард иргэдийг үй олноор нь хэлмэгдүүлэх нөхцөл бүрдсэн. Уламжлагдаж ирсэн оюуны болоод соёлын үнэт өвүүд устахад хүрсэн гээд дурдаад байвал их.
-Эдгээр засаг ноёдын үр удам одоо байна уу?
-Алтан ургийн угсааны засаг ноёдын үр хойч бий. Тэд өнөөдөр Монгол Улсынхаа төлөө алтан урагтны ухааны цараар чимээгүй зүтгэсээр л байна.
-Одоо цагаатгах, хийгээд хэлмэгдэгсдийн талаарх судалгааны ажил яаж явж байна вэ. Энэ талаар дагнасан судалгааны төв байна уу?
-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс дээр судалгааны төв ажиллаж байсан. Үүнийг татан буулгаад удаж байна. Бараг энэ талын судалгаа зогссон гэж хэлж болох байх. Түүнээс хойш хувь судлаачид, ТЕГ-ын Тусгай архивын судлаачид энэ чиглэлийн судалгааг хийж байна.
-“Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болж байна. Алтан ургийн засаг ноёдыг хэлмэгдүүлсэн асуудлыг судалж буй судлаачын хувьд эцэст ямар үг хэлмээр байна?.
-Чингисийн алтан ургийнхан хийгээд засаг ноёд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө, Ардын засаг бүрэлдэн тогнох үйл хэрэгт оюун ухаан, амь насаа зориулж ирсэн.
Эдүгээ Чингис хааны өв, түүх соёлыг судлах талаар ярьж, томоохон төслүүд явагдаж байна. Тиймээс Чингисийн алтан ургийн эдгээр хэлмэгдсэн ноёдын улс төр, нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, үйл хэргийг нэхэн судлах, түгээн дэлгэрүүлэх нь нэн чухал байна.
Монгол төрийн алтан аргамж, Чингисийн алтан ураг тасраагүй.
Сэтгэгдэл ( 5 )
алтан ургийнхныг устгагчдын удам судрын хүн бэлээхэн өөрийгөө илчлэв энэ хүнийг олж нухах нь зөв байна явцгаая энд коммент бичсэн202.55.188.46 гэсэн кодтой нөхөр Интернетийн клиринд бүртгэгдсэн байгаа маш амархан одоо нуугдах ямарч боломжгүй
Засаг ноёдын судалгааг энэ хүн шиг хийсэн хүн байхгүй болов уу. Амжилт. \n
Түүх судалсымуу энэ эргүү гар
Баабар энэ талаар дэлгэрэнгүй бичсэн. Алтан ургийнхан гэж нэг их онцгойлоод яахав. Бас нэг Давааням шиг өвчтэй галзуу юмнуудыг хөөргөдөхийн нэмэр. Алтан ургийнхан гээ байсан. Тодорхой хэмжээгээр нийгмийн ой санамжийг тээж явдаг нийгмийн голлох эгнээг улаан оросууд хонь мал шиг тоолж бүртгэж байгаад үндсээр нь үгүй хийсэн. Тэдний үр хойчис ч гэж байхгүйтэй адил. Мэдрэл муу, эрэмдэг хүмүүс л үлдсэн байх.
Архивын гэрэл зургийг аваад өөрийн мэт өмчилж болно гэсэн хууль байдаг юм болов уу?