Пентагон робот, нисгэгчийн туршилтын тулаанд бэлдэж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 11

 

АНУ-ын Зэвсэгт хүчин 2024 онд хиймэл оюун ухаанаар жолоодуулсан сөнөөгч онгоцтой туршилтын тулаан хийхээр бэлдэж байна гэж АНУ-ын батлан хамгаалахын сайд Марк Эспер мэдэгджээ. Хиймэл оюун ухаан нисгэгчидтэй тулалдах аж.

Өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Пентагоны тэргүүлэх судалгааны агентлагаас зохион байгуулсан виртуал агаарын тулаанд хиймэл оюун ухаан нисгэгчийг ялсан байна. Энэ тэмцээнд “Heron”, “Lockheed Martin”, “Perspecta Labs”, “Aurora Flight Sciences”, “EpiSys Science”, “Georgia Tech Research Institute”, “PhysicsAI” болон “SoarTech” зэрэг найман компани нисгэгчгүй системээ танилцуулжээ. Тэмцээнд “Heron” компанийн систем таван тулаанд нэг ч ялагдалгүйгээр түрүүлсэн байна. Хиймэл оюун ухааны эсрэг сөнөөгч онгоцны нисгэгч бэлтгэдэг шилдэг сургууль болох АНУ-ын Зэвсэгт хүчний Зэвсэглэлийн сургуулийн төгсөгч тулалджээ.

“Breaking Defense” хэвлэлд бичсэнээр, анхны бүрэн хэмжээний бэлтгэл 2023 оны санхүүгийн жилд /2022 оны аравдугаар сард эхэлнэ/ эхлэх бол 1х1 сургуулилт 2023 оны санхүүгийн жилийн хоёрдугаар хагаст буюу 2024 оны эхээр, 2х1 сургуулилт дөрөвдүгээр улиралд, 2х2 сургуулилт 2024 санхүүгийн жилийн эхний улиралд болох гэнэ. Ингэхдээ зарим тулаанд хүн, хиймэл оюун ухааны хамтарсан баг нисгэгчидтэй тулалдах бол зарим тулаанд хоёр талын компьютерын удирдлага бүхий багууд оролцох аж.

Виртуал агаарын тулаан болон ирээдүйн сургуулилтуудыг Пентагоны тэргүүлэх судалгааны агентлагаас /DARPA/ хэрэгжүүлж буй “Агаарын тулааны хувьсал” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөрийн нэг зорилго нь онгоцыг удирдаж буй хүний хиймэл оюун ухаанд итгэх итгэлийг нэмэгдүүлэх явдал аж. Тус агентлагийн мэдэгдсэнээр, энэхүү хөтөлбөр хүн, машин хоёрын цогц хамтын ажиллагааны эхлэл болох юм. Гэхдээ тус агентлаг амьд нисгэгчийг хиймэл оюун ухаанаар бүрэн солих асуудлыг хөндөөгүй байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин Na(223.62.162.249) 2020 оны 09 сарын 12

???

0  |  0
Зочин na(223.62.162.249) 2020 оны 09 сарын 12

???

0  |  0
Top