Францын алдарт биатлонч Мартен Фуркад өнөөдөр 32 нас хүрлээ. Тэр бол биатлонд Месси, Леброн Жеймс л гэсэн үг. Мартен өрсөлдөгчдөө өдөж, камерийн өмнө янз бүрийн үзүүлбэр үзүүлж, өдөөн хатгасан ярилцлага өгөх дуртай. Орчин үеийн спортын ертөнцөд түүн шиг сонирхолтой, олон талтай хүн байхгүй.
Мартен Францын баруун өмнөд хэсгийн Серэ хотод төрсөн. Ах дүү гурвуул. Түүний эцэг Марсель усанд сэлэлтийн дасгалжуулагч байсан ч одоо уулчдын газарчны ажилтай. Ээж нь эмч аж. Хөвгүүд хоккей тоглох дуртай байсан ч секц дугуйлан нь хэт хол байсан тул цанын спортод шилжүүлжээ. Удалгүй Мартен Симон ахаа даган биатлонд орсон юм. Ах дүү хоёр багадаа хонь чоно байсан ч биатлон тэднийг эвлэрүүлсэн гэдэг. 16 настайдаа Мартен Преманон дахь Үндэсний цанын төвд амьдарч, бэлтгэл хийж эхэлжээ. “Гэрээсээ 800 км хол байгаа, би энд цэнгэх гэж ирээгүй шүү гэж үргэлж боддог байлаа” гэж дараа нь тэр дурссан.
Анхны амжилт
Мартен 2008 онд 19 настайдаа анх Дэлхийн Цомд оролцсон. 2009 онд Эстерсундийн буухиад түрүүлсэн нь түүний анхны ялалт байлаа. Хамгийн сүүлд гарсан Мартен барианд ороод баярласандаа таягаа шидэж байв. Хоёрхон сарын дараа 2010 оны хоёрдугаар сард олимпын бөөн гарааны уралдаанд мөнгөн медаль авсан юм. Аав ээж нь Ванкуверт ирсэн байсан тул тэдний гэрбүлийн хувьд том баяр боллоо гэтэл үгүй байлаа. Ах Симон дүүдээ ялагдсантайгаа эвлэрч чадахгүй, шагналын тавцан дээр уйлж, тэр хоёр дахиад эвлэрэхэд бүтэн жил шаардагдсан гэдэг. Мэдээж дараа нь ах Симон дүүгээсээ дутуу гэдгээ ойлгосон.
Төгс болох хүслэн
Мартен биатлонд дуртай, хамаг байдгаа 100 хувь зориулдаг. Тэр алдаагаа хайж олон, засан залруулж, улирлаас улиралд улам сайжирдаг арга барилтай тамирчин. Буудлагадаа тавьсан түүний зорилго 95-96 хувийн онолт. 95-96% бол биатлончдын дээд хязгаар гэж Мартен тооцдог. “Хүний биеийн боломжинд хязгаар байхгүй” гэж үздэг тул тэр өөрийн биеийг элдвээр сорих дуртай. Фуркад бүх зүйлийг төгс байлгах хүсэлтэй. Хавайн аралд амралтаар очоод “Би энд амарч, хүч тамираа сэлгэх гэж ирсэн” гээд усны цанаар ч зугаацаагүй гэдэг. Түүний ажлын төлөвлөгөө бүтэн жилээр гардаг бөгөөд юуг ч өөрчлөхийг хүсдэггүй, яг хуваарийн дагуу амьдардаг. Түүний амьдралд тохиолдол, гэнэтийн явдал байх ёсгүй. Үүнийхээ ачаар тэр цагаа зөв хуваарилж, уран бүтээл, интернэтэд зав гаргаж чаддаг байна.
Францын баатар
Спортын маш өндөр амжилт тогтмол гаргаж байгаа ч Францдаа тэр хүмүүсийн боддог шиг их алдар хүндтэй биш. Сочигийн олимпийн гавьяаны дараа Францад нэр алдар нь түгсэн ч хөлбөмбөг, регби, теннис, сагсан бөмбөгийн тамирчдаас алдар нэр дутуу хэвээр байна. Францын "Евроспорт” сувгаас жил бүр Фуркадыг “Оны шилдэг тамирчин”-д тодорхойлдог ч тэр түрүүлж байсан удаагүй. 2014 онд Сочигийн олимпийн баатар болсон Фуркадыг сонгох болов уу гэж байтал Бубкагийн рекордыг эвдсэн тулгууртай харайлтын Рено Лавиллени саад болж орхисон. 2016 онд түүнийг Риогийн олимпийн аварга Тедди Ринер давж гарсан.
Эхнэр Элентэйгээ тэр 13 настайдаа танилцсан. Элен багш. 2015 онд хосууд Манон хэмээх охинтой болсон бөгөөд Германы телевизэд ярилцлага өгөхдөө Фуркад “Эцэг болно гэдэг ийм сайхан гэж бодсонгүй” хэмээн ярьж байв.
Интернэт дон
Фуркад олон нийтийн сүлжээний хуудсуудаа өөрөө хөтөлдөг цөөхөн оддын нэг. Зарим үед шүтэн бишригчидтэйгээ онлайн уулзалт зохион байгуулна. Мартен Facebook, Instagram, Вконтакте, Twitter-т хуудастай бөгөөд байнга зураг оруулан, сэтгэгдэл үлдээдэг.
Гэхдээ тэр жиргэхийг илүүд үздэгээ нуудаггүй. Түүний твиттерийг 150 мянган хүн дагаж, тавьсан лайк, хэлсэн үг бүрийг нь харж суудаг. Фуркад цаг үеийн сэдвээр жиргэх дуртай. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд Рожер Федерерийн ялалт гээд түүний хурц хараанаас юу ч мултрахгүй. Твиттерт тэр хошин шогийн мэдрэмжээ чөлөөтэй орхидог гэхэд болно. Фэйсбүүкээс лайв буюу шууд нэвтрүүлэг хийдэг болоход Мартен тэр дор нь хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзах боломж болгон ашигласан. Интернэт донтой болоод байгаагаа тэр хүлээн зөвшөөрдөг ч “Манай биатлонч Кантена усанд орохдоо ухаалаг утсаа бариад сууж байдаг. Түүнтэй харьцуулахад би гайгүй” гэж хэлсэн удаатай.
Зав зай бага ч Фуркад уран бүтээлдээ цаг гаргадаг. Сочи олимпийн дараа тэр "L’Equipe” сэтгүүлд өөрийн булантай болсон. Сард нэг гардаг тэр буландаа Фуркад өвчин, спорт, эрх чөлөө, бизнес гээд янз бүрийн сэдвээр бичиж байлаа.
Францын нэрт оператор Алексис Бефтэй олон жил нөхөрлөснийх Мартен маш чадварлаг гэрэл зурагчин болж чадсан. “Айфон” утсаараа авсан түүний зурагнууд тун гайхалтай. Мэдээж өөрөг авахдаа дуртай.
Фуркад зар сурталчилгаанаас жилд хэд хэдэн сая еврогийн орлоготой гэгддэг. Гол түншүүд нь Somfy, BMW, Rossignol, Adidas, MGEN, Julbo. Тэр хуучин түншүүдээ солихыг хүсдэггүй. Хэрэв ажил авсан бол бүх үүргээ биелүүлдэг.
Иргэний идэвх
Спортоос гадна маш олон зүйлд анхаарлаа хандуулдаг. 2014 онд Фуркад олон нийтийн сүлжээгээ Эбола өвчний эсрэг хандив цуглуулахад ашиглаж, Парист болсон цаг агаарын өөрчлөлтийн чуулга уулзалтын үеэр дэлхий дахинд уриалга гаргаж байлаа. Дональд Трампыг Ерөнхийлөгчөөр сонгогдоход гуниглаж байгаа зураг тавьж, улс төрийн талаар ч жиргэдэг. Түүний иргэний идэвх нь зодог тайлаад улс төрч болох юм биш байгаа гэсэн бодол төрүүлэх нь мэдээж. “L’Equipe” сэтгүүл түүнийг ирээдүйн Спортын сайд хэмээн нэрлэхэд Фуркад “Надад хийхээр төлөвлөсөн маш олон ажил байгаа. Бүгдийг нь хэрэгжүүлэх хэцүү” гэж байв.
Магадгүй ирээдүйн Францын Ерөнхийлөгч тэр байж болох
Сэтгэгдэл ( 0 )