Ногоон эрчим хүчний ашиглалтын тухай иргэдийн мэдлэг, ухамсарт оролцоог нэмэгдүүлэхэд сэргээгдэх эрчим хүчний оновчтой технологийн шийдлүүдийн судалгаа, хөгжүүлэлтийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн болон “Грин Солар Энержи” ХХК-тай хамтран 2020.09.25-ны өдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд “Сэргээгдэх эрчим хүч ба өвөлжилтийн бэлтгэл” сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийг ашиглах боломж”, “Амины орон сууцны дулааны алдагдал”, “Шингэрүүлсэн хийг халаалтын системд ашиглах” зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл авахыг хүссэн иргэд сонирхсон асуултууддаа мэргэжлийн зөвлөхүүдээс хариулт авсан.
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн дулаалга сайн хийгдээгүйгээс байшинг халаахад ашигладаг нүүрсний хэрэглээ их байгаа. Энэ асуудлыг шийдэх нэг гарц нь байшингийн дулаалгыг стандартын дагуу зөв хийх явдал юм.
Амины орон сууцны хана, шал, дээвэр, цонх зэргийг зөв дулаалснаар айл өрхийн түлшний хэрэглээ буурч, эдийн засгийн хэмнэлттэйгээс гадна, хүлэмжийн хийн ялгаруулалт 3 дахин багасна. Харин нарны халаалтын систем нь халаалтын улиралд гарах нийт зардлыг 45% хүртэл хэмнэх боломжтой бол газрын гүний халаалтын систем халаалтын улирлын нийт зардлыг 70-75% бодитоор хэмнэх боломжтой.
Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчийг халаалт, халуун ус, цахилгаан хангамжидаа йашиглаж хэмнэлт хийх сонирхолтой иргэд, байгууллагууд нилээдгүй нэмэгдсэн.
Сэргээгдэх эрчим хүчийг ашиглахаар төлөвлөж байгаа бол тооцоо, судалгаанд үндэслэн тоног төхөөрөмж сонгодог, угсралт суурилуулалтыг чанартай хийдэг, олон жилийн туршлагатай мэргэжлийн байгууллагад хандах нь хөрөнгө санхүүгийн эрсдлээс хамгаалах болохыг ирсэн иргэдэд мэдээллээ.
Эх сурвалж: Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар
Сэтгэгдэл ( 0 )