"Чингис хаан", "Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-ны төлбөр тооцоо саатсан зүйл бий

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 02

ФАТФ (FATF) буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын төлөөлөгчид энэ өдрүүдэд Улаанбаатарт ажиллаж байна. Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гарахад бэлэн эсэх талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа. 


-ФАТФ-ын төлөөлөгчид Монгол Улсад ажиллахаар ирлээ. “Саарал жагсаалт”-аас гарахад бэлэн үү?

-Энэ маш ойлгомжтой мэдээлэл. Монгол Улс өнгөрсөн оны аравдугаар сард стратегийн дутагдалтай улс орны тоонд ороод, зургаан үүрэг даалгавар авсан. Энэ оны нэгдүгээр сард гурвыг нь биелүүлсэн. Дөрөвдүгээр сард гурав нь биелсэн. Үндсэндээ зургаан үүрэг даалгавар маань дөрөвдүгээр сард биелсэн. FATF-ын дотоод үйл ажиллагааны дагуу газар дээр нь заавал ирж, шалгах ёстой. КОВИД-той холбоотойгоор ирэх үү, үгүй юу гэж маш удаан ярилцаж байгаад "Монгол Улс бол заавал хүлээж авмаар байна" гэж хүссээр байгаад ирүүллээ. FATF-ын шалгалт хоёрхон улсад хийгдэж байна. Нэг нь Монгол Улс, нөгөө нь Исланд юм. Одоо бол шалгалтын ажил эхэлсэн. Манай өгсөн тайланг тодруулаад, тайлангийн дагуу ажилласан нь үнэн эсэхийг нягтлах асуудал үлдсэн. Үүрэг даалгавар бол биелсэн гэдэг дүгнэлт дөрөвдүгээр сард хуралдсан FATF-ын өөрийнх нь хурлаас гарсан. Ерөнхийдөө аравдугаар сарын 20-ны үед FATF-ын ээлжит хурал болж, шалгалтын дүнгээ хэлэлцэнэ.

-Монгол Улс өмнө нь “Саарал жагсаалтад” орж байсан. Хоёр дахь удаагаа орж байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ. Монгол Улсад үнэхээр мөнгө угаах, терроризм байна уу?

-Дэлхий даяар мөнгө угаах, терроризмтой тэмцэх ажиллагаа 2003 оноос эхэлсэн. 2003 онд олон улсын мөнгө угаах, терроризмтой тэмцэх байгууллага байгуулагдаад, 40 техникийн үзүүлэлт, 11 хийх үйл ажиллагааны үзүүлэлт гаргаад үүнийхээ дагуу шалгаж явдаг. Тэгэхээр өмнө нь хийж байсан ажлаа хийхээ больсон тохиолдолд "Өмнө нь хийж байсан чинь хамаагүй" байнга шалгаж явдаг. Тэгэхээр 2023 онд дахиад үнэлгээний баг ирээд ажиллана. Тэр үед Монгол Улс дахиад л 40 техникийн үзүүлэлт, 11 хийх үйл ажиллагааны үзүүлэлтээ шалгуулах учраас одоо бид өөрсдөө тогтолцоотой ажиллах бүтэцтэй болох ёстой. 

-Таны хэлээд байгаа үзүүлэлтүүдээс яг хэд нь хэрэгжиж байна вэ?

-Өнөөдөр бол тэр бүтэц бий болсон. 40 техникийн үзүүлэлтийн 37 нь хэрэгжээд явж байна. Үлдсэн гурав нь хагас үзүүлэлттэй байгаа. Ерөнхийдөө 2023 онд тэр гурав нь бүрэн хэрэгжсэн байна. 11 төрлийн ажлаа ч хийж байгаа. Урт хугацаандаа ч мартахгүйгээр хийх ёстой. Мөнгө угаах терроризмтой тэмцэх ажиллагаанд олон төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа чухал. Мөн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд орсон заалтууд чухал. Тэгэхээр бид тогтмол хийдэг байх ёстой гэсэн үг.

-Ипотекийн зээлийг зургаан хувь болгохын тулд санхүүжилтээ хэрхэн босгож байна вэ. Хуучин зээлтэй хүмүүс хамрагдахгүй гэсэн үү? 

-Ипотекийн хөтөлбөр гэдэг чинь "Найман хувийн зээлийн хөтөлбөр" юм. Энэ нь тусгай хөтөлбөр маягаар явна. Банкууд өөрсдөө найман хувийн зээл олгох эх үүсвэр байхгүй. Яагаад гэвэл хадгаламжийн хүү өөрөө дунджаар 10 хувь байгаа. Тэгэхээр найман хувийн тусгай хөтөлбөр байхын тулд ямар эх үүсвэрийг ашиглах боломжтой вэ гэдгийг харж байгаа. Өнөөдөр "Найман хувийн хөтөлбөр" дотроос ямар зардлыг хэмнэж болохоор байна гэдгийг үзээд МИК дээр эрсдлийн сан байгуулаад, нэг хувийг бууруулна. Банк өөрөө нэг хувийг бууруулах замаар зургаан хувь байх боломжтой юм байна гэдэг судалгааг Засгийн газарт өгсөн. Өмнө нь зээл авсан иргэд зургаан хувь руу шилжих боломжгүй. Шинээр гарах гэж байгаа зээл зургаан хувиар гарах боломжтой.

-Энэ шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ? 

-Монголбанкны хувьд тооцоо судалгаагаа хийсэн, банкуудтай ч уулзсан. Хэзээ эхлэх талаар албан ёсны шийдвэр хүлээж байгаа.    

-Өнгөрсөн гурван сарын хугацаанд ипотекийн зээлээ хэвийн төлсөн 34 мянган иргэнд хоёр хувийн буцаан олголт өгөхөөр болсон. Буцаан олголтыг хэзээ шилжүүлэх вэ?

-УИХ-аас гарсан хуулиар бол улсын төсвөөс санхүүжүүлэх үүрэгтэй. Гэхдээ одоо санхүүжилтийн асуудлыг дахин ярих байх. 

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны хоёр банк "тогтворжуулах хөтөлбөр" хэрэгжүүлэхээр болсон. Тэд эхний ээлжинд ямар үүрэг хүлээх вэ? 

-"Чингис хаан", "Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-ны харилцагчийн төлбөр тооцоо тодорхой хэмжээгээр саатсан зүйлүүд бий. Тиймээс банк өөрөө харилцагчийнхаа эхний шаардлагаар мөнгийг нь гаргаж өгөх ёстой. Хоёрдугаарт, цаашид хэвийн ажиллахын тулд тодорхой хэмжээний эх үүсвэр бий болгох ёстой. Тэр утгаараа өмчлөгч болон үүрэг хүлээсэн удирдлага нь өөрсдөө банкаа тогтворжуулах хөтөлбөр гаргаад явах юм. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.185) 2020 оны 10 сарын 05

ичиг ичигМонгол улсын нийт өр хэдий хэр буйг мэддэггүй Монгол банкны ерөнхийлөгч байдаг юм уу!

1  |  0
Зочин(202.55.188.42) 2020 оны 10 сарын 03

Өөрөө бас гадны хөрөнгө оруулалтыг дарж, хувь нэхсэн тал байна уу?

0  |  0
Top