Цахим эдийн засгийн шинэ сектор бий болгох боломжтойг онцлов

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

2020 оны туршид коронавирус цар тахал дэлхийн улс орнуудын эдийн засаг, нийгмийн амьдралд бэрхшээл дагуулж буй. Гэхдээ аливаа хямралыг даган шинэ боломжууд гарч ирдэг жишиг ч давтагдаж байгаа. Тухайлбал, мэдээллийн технологид суурилсан инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний ач холбогдол, үр өгөөж улам бүр чухал болж байна.

Улс орнууд эдийн засгийн өсөлтөө тогтвортой байлгах, өсгөхөд техник, технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөшүүрэг болгох хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байгаа юм.

Түүнчлэн өнөөдөр /2020.10.08/  зохион байгуулагдсан “Цахим Үндэстэн” форум ч яг энэ агуулгыг хөндөн, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монгол Улсын эдийн засаг зөвхөн уул уурхай, хөдөө аж ахуйн салбараас хамааралгүйгээр бүтцийн өөрчлөлт хийгдэх ёстой талаар эдийн засагчид хэлдэг. Тэгвэл үүний тулд цахим эдийн засгийн шинэ секторыг бий болгох, ДНБ-д эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн салбар хоорондын уялдааг бодлого, төлөвлөлт, технологи, түншлэлээр хангах, үндэсний цахим шилжилт, мэдээллийн технологид суурилсан инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжууд бий хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байна.  

Улс орнууд техник, технологийн хөгжил дэвшлийг ашиглан инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэмэгдүүлж буй нь нийгмийн тэгш бус байдлыг бууруулахад чухал нөлөөтэй байна. Түүнчлэн нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлуудыг зардал багатайгаар шийдвэрлэх гарц болж байна.

Монгол Улс ч   технологийн хөгжилтэй хөл нийлүүлж, цахим шилжилт хийж, “Цахим Үндэстэн” болох нэн чухал мөч  ирээд байгааг өнөөдрийн хэлэлцүүлгээр онцоллоо. Монголын харилцаа холбоо мэдээллийн  технологийн хөгжлийн бодлого, стратегид хувь нэмэр оруулах, цахим шилжилтийн үед тулгарч буй бэрхшээл, шийдлийг оролцогчид эрэлхийллээ.  

2000 оны үед Монголчуудыг компьютержүүлэх аян өрнөж байсан бол өнөөдөр үүрэн телефоны идэвхтэй хэрэглэгчдийн тоо 4.4 сая, ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо 3.2 саяд хүрч, facebook хэрэглээгээрээ азидаа тэргүүлж буй ч иргэдийн мэдээллийн технологи хэрэглэх чадвар хангалттай бус байна. Зүй зохистой,  аюулгүй хэрэглээг таниулах нь тулгамдсан асуудал болохыг мөн онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top