Орчин үеийн хөгжмийн урсгал тэр дундаа залуусын дунд DJ урсгалаараа нэрд гарсан DJ Агваандоржтой та бүхнийг уулзуулъя. Залуус юу хүсэж, сонирхож, мөрөөдлийнхөө төлөө хэрхэн тэмцэх ёстойг түүний ярианаас мэдрэх болно.
-Та өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Лхагвасүрэнгийн Агваандорж гэдэг. Миний артист нэр DJ Agvaan. Энэ чиглэлээр ажиллаад есөн жил болжээ. DJ гэдэг бол Disk Jockey гэдэг үгийн товчлол бөгөөд товчхондоо хэн нэгний хийсэн эсвэл өөрийн хийсэн хөгжмийг сонсогчдод хольж найруулга хийж хүргэдэг хүнийг хэлнэ.
-Таны үнэлэмжээр DJ урлагийн хөгжил Монголд хэр түвшинд байгаа бол?
-Манай DJ нарын чадвар болон үнэлэмж нь жил ирэх тусам маш сайжирч байна. Гаднын зах зээлд хөгжим борлуулах болон томоохон фестивалуудад DJ хийгээд өөрсдийн хөгжмөө хүргээд эхэлсэн нь маш сайшаалтай. Жишээ нь, Одонбат, Билгүүдэй, Хэнза, Анар, Хөхжим зэрэг цаг үеэ мэдэрсэн шинэлэг, гал цогтой DJ нар байна.
-Анх хэрхэн DJ болж байсан бэ. Одоо DJ болохыг хүсдэг залуучууддаа зөвлөвөл?
-Миний хувьд багаасаа хөгжимтэй маш ойр өссөн. Надад хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүс бол миний аав, ах хоёр байсан. 10 жилийн сурагч байхдаа 2007 оны үед юүтүбээс хөгжим сонсож байгаад DJ гэдэг урлаг байдаг юм байна гэдгийг олж мэдсэн. Тэгээд энэ чиглэлийг маш их сонирхож суралцаж эхэлсэн. Тухайн үед миний байсан газар DJ сургалт гэдэг зүйл байхгүй байлаа шүү дээ. Тийм болохоор 2010 онд оюутан болоод танил талаар дамжуулан DJ Хаагий буюу Х. Хаш-Эрдэнэ ахынхаа ажил дээр нь дагалдаад анх DJ хийж эхэлсэн. Түүнээс хойш 2015 он хүртэл маш эрчимтэйгээр клубуудэд Resident DJ-ээр тасралтгүй ажилласан. Түүнээс хойш ажлын хажуугаар DJ сургалтаа явуулж мөн эвент болон бусад арга хэмжээн дээр DJ -гээ хийсээр байна. Залуучуудад зөвлөхөд чи үнэхээр DJ болохыг хүсэж байвал одоо харьцангуй боломж нээлттэй болсон байна. Хүсвэл онлайнаар хичээлүүд авч болно, эсвэл DJ сургалтуудад хамрагдаж болно. Хамгийн гол нь чи үнэхээр хүсэж байгаа юу гэдэгт л учир байна. Чин сэтгэлээсээ хүссэн зүйлдээ хүн уйгагүй хөдөлмөрлөж, ямар ч асуудал гарсан давах арга ухааныг олж тэр чиглэлээрээ амжилтанд хүрч чадна гэж боддог .
-Ямар авьяас чадвар уг хүнээс шаарддаг бол. Хөдөлмөр, авьяас хоёрын аль нь сайн DJ болоход нөлөөлөх вэ?
-DJ хийх нь мэдээж тухайн хүнээс мэдрэмж, сонсгол шаарддаг. 10 хувь нь сонсгол, 90 хувь нь хичээл зүтгэл байдаг.
-Хөл хорио бүх мэргэжлийхэнд давуу болон сул талыг авчирсан байх. DJ хүмүүст хэрхэн нөлөөлсөн бол?
-Мэдээж хэрэг энэ бол эдийн засгийн маш том хямрал, дэлхий нийтээрээ бүх л талын мэргэжлийн хүмүүст хүндээр нөлөөлсөн байх. DJ нарын хувьд бол клубууд хаагдаж, томоохон эвент, фестивалууд зохиогдохоо болино гэдэг нь үндсэндээ ажилгүй болж байна гэсэн үг. Гэхдээ энэ үеийг давуу тал болгон цаг зав гаргаж чадахгүй байсан уран бүтээлийн ажилдаа зориулсан олон байх. Ер нь л ихэнх DJ нар өөрсдийн хөгжмөө зохиож, тэрийгээ бусдад хүргэх сонирхолтой байдаг даа. Миний хувьд ч энэ ажилдаа цаг гаргах боломж гарсан. Одоо бол хөл хорио цуцлагдсанаас хойш маш завгүй ажиллаж байна.
-Та ямар, ямар томоохон Music Festival -уудад оролцож байсан бэ?
-Энэ жил коронагаас болоод жил бүр уламжлалт болон зохиогддог олон улсын жишигт хөгжмийн наадмууд болох Playtime, Intro, Silence white гэх мэт өөр зөндөө арга хэмжээнүүд цуцлагдсан ч багагүй арга хэмжээ сүүлийн үед болсон. Миний хувьд Монголдоо зохиогдсон бараг бүх л томоохон фестивал, хөгжмийн арга хэмжээнд тоглож байсан. Хамгийн гоё санаанд үлдсэн арга хэмжээ гэвэл ОХУ-н “Звери” хамтлагийн тоглолт байсан бөгөөд тэр үед манай Төв цэнгэлдэхэд дүүрэн үзэгчтэй маш халуун дулаан уур амьсгалтай наадам болж өнгөрсөн дөө.
-Урлаг соёл залуучуудын сэтгэлгээ болон хөгжилд хэрхэн нөлөөлдөг гэж боддог вэ?
-Урлаггүй ертөнц уйтгартай шүү дээ. Урлаг гэдэг хүнд эрч хүч, гоо сайхны таашаал, гэрэл гэгээ, сайн сайхан бас уйтгар гунигийг ч мэдрүүлдэг. Залуус чөлөөт цагаа зөв боловсон, үр дүнтэй өнгөрөөдөг болсон. Бас цагийн хуваарилалт сайтай, ажилдаа сэтгэлтэй, орчин үеийн нийгмийн чиг хандлагыг мэдэрдэг, урлагийн мэдрэмжтэй залуус их болсон нь сайшаалтай. Уламжлалт соёлоо орчин үетэй хослуулаад явбал зүгээр санагддаг.
-Та DJ-гээ хийж байхдаа юу мэдэрдэг вэ?
-Үзэгчид буюу сонсогчдоо мэдэрч тэдэнд тохирсон хөгжмийг маш сайн найруулан хүргэж, тойрон хүрээлж буй хүмүүстээ сэтгэлийн таашаал, сайхан мэдрэмжийг төрүүлж аз жаргал бэлэглэж чадаж байвал сайхан шүү дээ. Тэр бүхнийг харахад өөрөө ч тэндээсээ жинхэнэ таашаалыг мэдэрч байвал чи жинхэнэ сайн DJ болжээ гэж бодох хэрэгтэй. Манай DJ нар бүгд л өөрийн гэсэн тоглодог хэв маягтай, бүгд л ур чадвар сайтай DJ нар шүү. Манайд амжилттай явж байгаа эмэгтэй DJ нар олон байна. Бүгд л өөрийн гэсэн тоглодог урсгал, хэв маягтай, өөрийнхөө ертөнцийг тодорхойлчихсон байдаг.
-DJ хөгжмийн урсгал нь олон төрөл байдаг уу?
-Хаана ямар арга хэмжээнд тоглож байна гэдгээс хамаарч DJ нар нь олон төрөлд хуваагддаг. Жишээ нь, радио DJ, парти DJ, ресидэнт DJ, хип хоп DJ гэх мэт төрлүүд байна. DJ нарын тоглодог хөгжмийн урсгалын хувьд commercial буюу pop music болон underground хөгжим гэж ангилдаг. Эндээс commercial дотроо поп, хип хоп, рап, жазз гэж байдаг бол underground дотроо house, techno, trance гээд олон төрлүүд байдаг. Мөн эдгээр нь ч цаашаагаа задраад musical house, techno house, progressive house, tech house гэх мэтчилэн ямар нэг хэлбэрт баригдалгүйгээр өөрийнхөөрөө дэглэх боломжтой байдаг. Гагцхүү тухайн DJ хаана, ямар арга хэмжээн дээр, хэнд зориулж тоглож байна вэ гэдгээсээ хамаарч урсгал жанраа сонгож тоглодог.
-Сургалтынхаа талаар тодруулж ярина уу?
-Би DJ сургалтаа 2016 оноос явуулж эхэлсэн. Тухайн үед маш олон хүмүүс суралцах хүсэлтэй байна, хэрхэн яаж сурах вэ гэж их асуудаг байсан. Үүнд тулгуурлан сурч мэдсэн зүйлээ өөрийн туршлага дээрээс үндэслэн бусдад зааж өгөх байдлаар сургалт маань эхэлсэн. Манай сургалт танхимын биш ганцаарчилсан хэлбэрээр нүүр тулж явагддаг. Анхан шатны мэдэгдэхүүнүүдээс эхлээд ямарч DJ хөгжим дээр ажиллах чадварыг эзэмшээд төгсдөг. Хүн заавал DJ болох албагүй, гэхдээ өөрийн дуртай аяа мэдрээд, өөрийнхөөрөө тоглоод сурах чинь нэг чадвар шүү дээ.
Э.УЯНГА
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19
nice