BBC: Австралийн асрамжийн газарт 7 хоногт бэлгийн хүчирхийллийн 50 хэрэг гардаг

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

 

Австрали улсын асрамжийн газруудад долоо хоногт 50 бэлгийн хүчирхийллийн хэрэг гардаг болохыг тус улсын хэмжээнд явуулсан судалгаа харуулжээ. Хатан хааны Өндөр настнуудын асаргааны чанар, аюулгүй байдлын комиссын мэдээлснээр, 2018-2019 онуудад нийт 2520 ийм хэрэг гарчээ. “Энэ бол үндэсний гутамшиг. Ийм мэдээллийн мөрөөр Австралийн Засгийн газар ямар нэгэн арга хэмжээ авсныг илтгэх баримт алга байна” гэж тус комиссын консул  Питер Розен онцолжээ.

Австралид бүртгэгдсэн коронавирусний халдвараас үүдэлтэй нас баралтын 75 хувь буюу 903 тохиолдол асрамжийн газруудад бүртгэгдсэн нь энэ салбар доголдож буйг илтгэж байна гэж Розен тодруулжээ. Түүнчлэн, асрамжийн газруудад жилд 32 мянган биеийн, бэлгийн болон сэтгэл санааны хүчирхийллийн тохиолдол гардаг болох нь шалгалтаар илэрчээ.

Австралийн асрамжийн газруудын үйлчилгээний чанартай холбоотой дуулиан удаа дараа дэгдсэний дараа Хатан хааны Өндөр настнуудын асаргааны чанар, аюулгүй байдлын комиссыг 2018 онд байгуулж байжээ. Өнгөрсөн хугацаанд тус комисс үйлчилгээний чанар, ажилтнуудын харьцаа зэрэг бусад асуудалтай холбоотой 10 мянга гаруй гомдол хүлээн авчээ. Асрамжийн газруудад гол төлөв өндөр настнууд байдаг ч 20-иод насны залуус ч амьдардаг аж.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Засгийн газар өндөр настнуудад үзүүлж буй дэмжлэг, туслалцаа сайжруулж, сэтгэцийн эмийн хэрэглээг багасгаж, асрамжийн газруудад залуу хүмүүсийг авахыг хориглох зэрэг арга хэмжээ авна гэж мэдэгджээ.

Тус комисс 2021 оны хоёрдугаар сард судалгааны тайлангаа эцсийн байдлаар гаргахаар төлөвлөж байна гэж ВВС агентлаг мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top