Өнөөдөр Эдсон Арантес ду Насименту буюу Хөлбөмбөгийн хаан Пелегийн төрсөн өдөр. 80 насны тэгш ойтойгоо золгож буй түүнийг хаан титэмд хүргэсэн амьдралын дүрэмтэй нь танилцья.
Та дэлхийн аль ч улсад очсон гурван шүтээн л байдаг. Энэ бол Есүс Христос, Кока-Кола, Пеле юм.
Хэрэв чи нэгдүгээр байрт орсон бол шилдэг нь. Харин хоёрт орсон бол хэн ч биш.
Шинэ Пеле хэзээ төрөх вэ гэж надаас их асуудаг. Аав, ээж хоёр минь намайг гаргаад үйлдвэрээ хаасан тул дахиж Пеле төрөхгүй.
Амжилт бол тохиолдлын зүйл биш. Маш их хөдөлмөр, шаргуу зүтгэл, хичээл сургууль, золиос, хамгийн гол нь хийж байгаа ажилдаа дуртай байж амжилтад хүрдэг.
Хүмүүс Пеле, Марадона хоёрын хэн нь илүү вэ гэж маргах юм. Үнэндээ хамгийн шилдэг нь Ди Стефано. Тэр илүү төгс тоглогч.
Хэрэв Марадона өөрийгөө Зууны шилдэг тоглогч гэж бодож байгаа бол энэ нь тэрний л асуудал.
Ялах ганц арга бол багаар тоглох. Хөлбөмбөг ганц, хоёр одоос бүрддэггүй.
Бразилчууд хоол идэхдээ, уухдаа, унтахдаа ч хөлбөмбөгөөр амьсгалдаг. Тиймээ, тэд хөлбөмбөгөөр амьдардаг.
Пенальти бол гоол оруулах хамгийн хулчгар арга юм.
Хөлбөмбөгч болохоор төрдөг гэдэгт би итгэдэггүй. Авьяас, биеийн хөгжил сайтай төрж болох ч хөлбөмбөгчин чигээрээ төрнө гэж байхгүй.
Ялалт хэцүү олдох тусам илүү амттай байдаг.
ДАШТ бол агуу тоглогчийг сайн тоглогчоос ялгаж өгдөг тэмцээн юм.
Пеле үхэхгүй. Тэр мөнх.
Би дэлхийн хаана ч очсон Бразил улсаа төлөөлдөг. Тийм болохоор бүх зүйлийг үлгэр жишээ, сайн хийх ёстой.
Хөлбөмбөгч болоогүй бол жүжигчин болох байлаа.
Шилдэг нь байхын тулд хөдөлмөрлө. Бусад тоглогч бэлтгэл тараад наран шарлагын газар явж байхад ч үлдээд бэлтгэлээ хий.
Лионель Месси сайн тоглогч. Авьяастай, ухаантай. Гэхдээ толгойгоороо сайн тоглож чаддаггүй.
Бүдүүлэг, ширүүн хамгаалагчдын эсрэг тоглоход амархан байдаг. Учир нь чи түүнийг юу хийх гэж байгааг мэднэ. Харин тэр ширүүн мөртөө ухаантай бол хэцүү.
Боловсролгүй хүмүүсийг удирдахад амар байдаг.
Хэдэн удаа ялснаар биш ялагдсаны дараа хэрхэн тоглосноор нь хөлбөмбөгчийг дүгнэ.
Хөлбөмбөг хүмүүсийг нэгтгэдэг цорын ганц спорт. Баян ядуу, хар цагаан хамаагүй бүгд тоглож болно. Энэ бол хөлбөмбөгийн хамгийн сайхан чанар юм.
Гоол их оруулдаг тамирчныг агуу гэж үзэх нь өрөөсгөл. Агуу тоглогч гоол хийж, дамжуулалт өгч, багаа нэгтгэж, удирдаж чаддаг байх ёстой.
Хөлбөмбөг миний хувьд шашин шүтлэг гэсэн үг. Би бөмбөгний өмнө мөргөж, Бурхан мэт дээдэлдэг. Хүмүүс бөмбөгийг өшиглөх зориулалттай эд гэж боддог. Үгүй шүү, бөмбөгийг хайрлаж, дээдлэх хэрэгтэй.
Толгой зүрхэнд хэлж, зүрх хөлд дамжуулдаг.
Хөлбөмбөг тоглодог хүүхэд болгон Пеле шиг болохыг хүсдэг. Тиймээс би хөлбөмбөгийн талбай, хувийн амьдралдаа ч үлгэр жишээ байх ёстой.
Бразил мөсөн дээрх хоккейгоор дэлхийн аварга болсон цагт ОХУ хөлбөмбөгөөр дэлхийн аварга болно.
Би сайн бизнесмэн биш. Учир нь би зүрх сэтгэлдээ хэт захирагддаг.
Би маш олон тэмцээнд орж, 1000 гоол оруулан, гурван удаа дэлхийн аварга болсон. Гэхдээ би олимпын наадамд оролцож чадаагүй.
Роналд Рейгантай уулзахад тэр “Уулзсандаа баяртай байна. Би АНУ-ын Ерөнхийлөгч. Та өөрийгөө танилцуулах хэрэггүй, би мэднэ. Та бол Пеле” гэж хэлж байлаа.
Англид нэг фэн гэртээ урьж, ханан дээр нь гарын үсгээ зурахыг хүслээ. Ханан дээр нь алдартнуудын гарын үсэг дүүрэн байгаа гэнэ. Би татгалзлаа. Маргааш нь тэр хананы хэсгийг барьсан хүрж ирээд “Та очиж чадахгүй гэсэн болохоор би ханаа өөрийг нь аваад ирлээ” гэж хэлж байлаа.
Би олон бараа сурталчилж байсан. Гэхдээ хэзээ ч архи, тамхи, шашин шүтлэгтэй холбоотой зүйлийн сурталчилгаанд орохгүй.
Сэтгэгдэл ( 0 )