Д.Занданбат: 2021 оны төсөвт зураг төсөвгүй байгууламж тусгажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 27

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат төсвийн Эдийн засгийн байнгын хороонд харъяалагддаг төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг танилцууллаа.

Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 204.2 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн нь өмнөх оны тодотгосон төсвөөс 4.1 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 406.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 168 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 179.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна. Өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 300 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 91 барилга, байгууламжийг 136.5 тэрбум төгрөг, шинээр 106.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 77 төсөл, арга хэмжээг 42.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

Зам тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 2020 оны тодотгосон төсвөөс 79.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 300.6 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн. Төсвийн төсөлд өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 580.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 76 барилга, байгууламжийг 212.7 тэрбум төгрөг, шинээр 69.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 30 төсөл, арга хэмжээг 24 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Зам тээврийн хөгжлийн сайдын хөрөнгийн зардалд олон улсын болон улсын чанартай автозамын засвар арчлалтын улсын автозамын хөрөнгөөс 52 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 40.1 тэрбум төгрөгөөр тооцсон нь 2020 оны тодотгосон төсвөөс 4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төлөвлөгджээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хөрөнгийн зардлыг 4.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа аялал жуулчлалын төв байгуулах бүтээн байгуулалтын нэгдүгээр үе шатны ажлыг эхлүүлэх зардал юм байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 3.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1 төсөл арга хэмжээний санхүүжилтэд 1.7 тэрбум төгрөг олгохоор төлөвлөсөн байна. Хөрөнгийн зардлын дүнд геологи хайгуулын 27.7 тэрбум төгрөгийн зардал нэмж тусгагдсан байна.

Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 85.8 тэрбум төгрөгөөр тооцсон нь 2020 оны тодотгосон төсвөөс 23.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төлөвлөсөн байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 173.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 28 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 56.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Үүнд, өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 124.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 16 төсөл, арга хэмжээг 32.8 тэрбум, шинээр 49.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 12 төсөл, арга хэмжээг 23.3 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Шинээр хэрэгжих 40.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 17.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 7 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байна.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 5.4 тэрбум төгрөгөөр тооцож төсөвлөсөн нь 2020 оны батлагдсан төсвөөс 0.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Цалин, хөлс болон нэмэгдэл урамшил,  ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 0.6 тэрбум төгрөгөөр нэмж төлөвлөсөн нь орон тоог 154-с 198 болгож 44-р нэмэгдүүлсэнтэй холбоотой аж.

Үндэсний статистикийн хорооны даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн төслийн нийт зарлага ба цэвэр зээлийг 2020 оны тодотгосон төсвөөс 3.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 11.1 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байна.

Нэгдсэн төсвийн төсөлд дараах дүгнэлтийг гаргасан байна. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нийгмийн халамжийн болон хөрөнгө оруулалтын зардлын дүнг өөрчилсөн боловч орлого, зарлага, алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй тооцсон байна. Цаашид жилийн төсвийн төслийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд бүрэн нийцүүлж байх нь зүйтэй байна. Төрийн байгууллагуудын бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг татварын цахим төлбөрийн баримтын системд бүрэн холбож, цахимжуулан татварын орлогыг нэмэгдүүлэх боломж байна. Төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулан, төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголт, халамжийн цахим системийг бий болгож зардлыг бууруулах боломжтой байна. Төсвийн төсөлд хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх зарим барилга, байгууламжийн зураг төсвийг батлуулаагүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй тусгасан нь төсөл, арга хэмжээний гүйцэтгэл удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх, үр ашиг буурах, хуулийн хэрэгжилт хангагдахгүй байгааг анхаарч, төсвийн төлөвлөлтийн хариуцлагын талаарх эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд хэрэгжих 2021 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдол, зориулалт, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлэн санхүүжүүлэх асуудлыг журамлан зохицуулах нь зүйтэй байна. Засгийн газрын гадаад өрийн зохистой түвшнийг баримтлах, гадаад зээлээр үр ашиг бүхий төслийг санхүүжүүлэн тогтвортой хөгжих нөхцөлийг бий болгоход хөгжлийн болон төсвийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай байна.

Улсын Их Хурал 2021 оны төсвийн төслийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлж, төрийн аудитын байгууллагаас өгсөн дүгнэлтийг анхааралдаа авч хэлэлцэн батлахыг дүгнэлтийнхээ танилцуулгын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хэллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
pkxn(139.5.216.80) 2020 оны 12 сарын 06

энэ адилгачин тєрєєсзайлах ёстой л хїн дкээ \n

0  |  0
Дамбажанцан(192.82.75.227) 2020 оны 10 сарын 27

Зураг төсөлгүй овьетын улсын төсөвт суулах нь эрхэмүүдэд нэн ашигтай.Дамбажанцан овогтойСарангэрэлийн яндан хөөлөхд нэн тустай

0  |  0
Зочин(66.181.190.11) 2020 оны 10 сарын 27

Ээ яндан сайдын төсвийг нэмж бодохгүй байхаа, хувьдаа хусах аргаа яаж ийгээд л олно, үнэн улайчихсан нөхөр билээ шүү

0  |  0
Зочин(202.126.89.130) 2020 оны 10 сарын 27

Дүгнэлт ийм байдаг юм байх даа.

0  |  0
Top