Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хоёрдугаар тойрог зам төслийн техник, эдийн засгийн үндэслэл одоогийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор эцсийн шатны тайлан хүлээлцэх шатандаа хэрэгжиж байгаа аж.
Хоёрдугаар тойрг зам нь хотын захын бүсийн дэд төвийг хамарч баруун болон зүүн чиглэлээр Туулын хурдын зам болон Нэгдүгээр тойрог авто замын төсөлтэй холбогдох юм.
Баруун чиглэл нь 22-ын товчооноос эхлэн Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны төгсгөл, Улаанчулуутын хогны цэг орчмоор дайрч, Баянхошууны уулзвар орчимд нэгдүгээр тойрог замтай холбогдоно. Харин зүүн чиглэл Баянзүрх дүүргийн 24-р хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төв орчим, Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, Туулын хурдын замтай огтлолцохоор төлөвлөсөн байна.
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна. Хэрэв энэ өсөлт хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд хотын гол гудамж, замын ачаалал нэмэгдэж, оргил бус цагийн үед ч автомашины дундаж хурд 5 км/цаг хүртэл буурах тооцоо гарсан. Тиймээс нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд авто замын сүлжээг өргөтгөх, шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасны нэг нь “Шинэ тойрог зам” төсөл юм.

Сэтгэгдэл ( 0 )