ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Өнөөдөр 12 дугаар сарын 21. Өнөөдөр жилийн 355 дэх өдөр бөгөөд он дуусахад 10 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 08 цаг 38 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана.

Өнөөдөр Филиппин улсад зэвсэгт хүчний өдөр тохиож байгаа бол Сан-Томе ба Принсипи улсад Сан-Томе арлын өдөр тохиож байна. Энэ өдөр Их Британийн Ерөнхий сайд Бенжамин Дисраели, Нобелийн шагналт Америкийн генетикч Херманн Мюллер, Зөвлөлтийн нэрт маршал Константин Рокоссовски, Америкийн нэрт жүжигчин, хүний эрхийн төлөө тэмцэгч Жейн Фонда, Америкийн хөгжмийн зохиолч Френк Заппа, БНХАУ-ын тав дахь дарга Ху Жинтао, “Дриймуоркс Анимешн” студийг үндэслэн байгуулалцсан Жеффри Катценберг, Оросын тулгууртай харайгч Тамар Быкова, Америкийн нэрт гүйгч Флоренс Жойнер, Гүржийн гурав дахь Ерөнхийлөгч Михаиль Саакашвили, Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Английн хөлбөмбөгч Бен Чилвелл нар мэндэлжээ.

Энэ өдөр түүхийн хуудаснаа:

1237 оны энэ өдөр Бат хаанаар удирдуулсан Монголын их цэрэг Рязань хотыг булаан эзлэв.

1832 оны энэ өдөр Египет-Османын дайны Конягийн тулаанд Египетийн арми шийдвэрлэх ялалт байгуулжээ.

1861 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольны санаачилгаар гавьяаны одон бий болов.

1891 оны энэ өдөр Биеийн тамирын багш Жеймс Нейсмит орчин цагийн сагсан бөмбөг спортыг зохион бүтээж, анхны хэрэглэгдэхүүн, анхны дүрмийг бий болгов.

1913 оны энэ өдөр “Нью-Йорк Уорлд” сонинд орчин цагийн анхны үгийн сүлжээ нийтлэгджээ.

1936 оны энэ өдөр Германы нисэх хүчинд хос хөдөлгүүрт, олон талын байлдааны “Юнкерс Ю-88” нисэх онгоц нэвтрэв.

1937 оны энэ өдөр Орчин цагийн бүрэн хэмжээний анхны хүүхэлдэйн кино болох “Цасан гуа ба долоон одой” кино үзэгчдийн хүртээл болов.

1967 оны энэ өдөр Өмнөд Африкийн Кейп-Таун хотод анагаах ухааны практикт анх удаагаа донорын зүрхийг өвчтөнд шилжүүлэн суулгав. Зүрх шилжүүлэн суулгасан анхны өвчтөн Луйз Вашканкси ердөө 18 хоног л амьдарсан билээ.

1968 оны энэ өдөр Аполло хөтөлбөрийн хүрээнд хүн төрөлхтнөөс анх удаагаа өөр гарагт хүрэх зорилготой, саран дээр хүн буулгах хөтөлбөр эхэлжээ.

1988 оны энэ өдөр Дэлхийн хамгийн том байлдааны нисэх онгоц “Ан-225 Миря” хөлөг зэвсэглэлд нэвтэрчээ.

2012 оны энэ өдөр Дэлхий даяар Маяагийн он тоололтой холбоотойгоор дэлхийн төгсгөл ирнэ гэх өдөр тохиов. Орчин цагийн он тоололтой тун төстэй Маяачуудын тооцоолол яагаад ч юм энэ л өдөр тасарснаас үүдэн дэлхий даяар мөхөл ирнэ гэсэн төөрөгдөл газар авсан билээ.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top