Засгийн газар шинэ жил тэмдэглэхийг хориглолоо.
Дагаад бүгдээрээ л сошиал орчинд шуугилдаж байна. Уг шийдвэр хэдийгээр үйлчилгээний байгууллагуудын жилдээ ганц “цөм хийдэг” ажлыг нь алдагдуулж байгаа ч корона вирусний цар тахал дэлхий даяар дахин давлагаалж эхэлсэн үед бүх иргэнээ бодсон нь зөв. Үүнтэй маргаж байгаа хүн алга. Өнгөрсөн хавар уламжлалт цагаан сараа ч тэмдэглэлгүй өнгөрүүлсэн юм чинь харийн баярыг бол алгасаж болж байна аа. Харин манай хүүхнүүд түүнд нь биш зоргоороо идэх болсондоо туйлын сэтгэл хангалуун байгаа бололтой. Сошиал орчинд “Цуйвангаа банштай цайгаар даруулж иднэ ээ”, “Жин хасах шаардлагагүй боллоо” гэсэн утгатай сэтгэгдлийг бүсгүйчүүд маань их бичлээ. Бас “Таван кг жин хассан байсан юмсан” гэж шүүрс алдаж байгаа нь ч байна. Энэ бүхнээс харахад манай хүүхнүүд чинь ер нь дураараа идэхийг л хүсдэг байх нь. Гэтэл өнөө шинэ жилээр гоёлын даашинз өмсөөд туранхай харагдах хэрэг тулгараад энэ өдрүүдэд бараг нойргүй болж байсан юм уу даа.
Үүнээс гадна шинэ жилийн баяр үс гэзгээ янзлуулах, даашинз авч өмсөх гээд ялангуяа эмэгтэйчүүдэд их дарамт болдог бололтой. Ядаж манайхан шинэ жилийн баярыг их хавтгайруулсан даа. Байгууллагын шинэ жил, нутгийн зөвлөл, арван жил, элдэв холбоод, бүр үхрийн ордныхны фэйсбүүк хуудсын гишүүдийн арга хэмжээгээр үргэлжилдэг болсон. Тэр болгонд зориулсан өнгө өнгийн даашинз хэрэгтэй. Нэг шинэ жилд очоод зураг орчихсон даашинзтайгаа өөр баярт очилтой биш. Гэтэл өнөөдөр бидний ихэнх нь гар дээрээ цалин гэж хэдийг авч байгаа билээ. Эмэгтэйчүүдийн цалин эрчүүдийн дунджаас ч бага байдаг гээд бодвол их юм бий. Энэ дарамт ч арилж бүсгүйчүүдийг баярлуулж байна. Тэгэхээр одоо санаа зовох зүйлгүй, сайхан хоол ундтай яваа гэрэл цацруулсан бүсгүйчүүдээр Монголын уудам орон чимэглэгдэх нь дээ.
Сэтгэгдэл ( 0 )