Б.Ганзориг: Залуус залхуугаараа хэлүүлж гаднаас ажиллах хүч авч байгааг цэгцлэх хэрэгтэй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 05

"Ажилчдын хөгжлийн нэгдсэн төв" төрийн бус байгууллагаас санаачилж "Монгол хүч - 5000" сэдэвт ажилчин ангийн анхдугаар чуулга уулзалтыг энэ сарын 17-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Энэхүү чуулга, уулзалтын зорилго нь барилга болон зам, Монгол Улсын бүтээн байгуулалтын салбарын ажилчин ангийн байнгын тогтвортой хүний нөөцийг бүрдүүлж, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, цаашлаад тэдний эрх ашгийг хамгаалахад чиглэгдэж байгаа юм. 

Хамтран зохион байгуулагчаар Хөдөлмөрийн яамнаас гадна Нийслэлийн тамгын газрын нийгмийн бодлогын хөгжлийн хэлтэс, Нийслэлийн нийгмийн даатгалын газар, Монголын барилгачдын нэгдсэн холбоо болон Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогчдын нэгдсэн холбоо оролцоно. 

Үүнтэй холбогдуулан "Ажилчдын хөгжлийн нэгдсэн төв" төрийн бус байгууллагын захирал Б.Ганзориг өнөөдөр /2020.11.05/ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ажилчин ангийнхан бид ажил хөдөлмөр эрхэлж, тогтвортой орлоготой болохын төлөө нэгдэн нийгмийнхээ бүтээн байгуулалтад оролцохгүй бол нийгэмдээ хаягдах нь. Өнөөдөр гадаад улсаас учир битүүлгээр ажиллах хүчин орж ирж байна. Үүнийг төр засаг "Монгол Улс гаднаас ажилчин авах хэрэгтэй болсон" гэж тайлбарлаж байна. Тодруулбал, бид гэртээ унтаад, зээлээс зээлийн хооронд санаа зовж эсвэл ажилласан цалингаа авч чадахгүй байх хооронд Монголд ажиллах хүч байхгүй нэрийдлээр гаднаас маш олон тооны хятад ажилчид оруулж ирж байгааг анхаарах хэрэгтэй" хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо.

Түүнчлэн "Монгол залуус өөрсдөө ажил орлогогүй, нийгмийн асуудал ихтэй байгаа энэ үед төр засаг гаднаас ажиллах хүч аваад байгаа тул ажилгүй гэртээ байгаа ажилчин ангийнхан нэгдэж юу хийж чадахаа харуулах ёстой. Ялангуяа барилга, бүтээн байгуулалтын салбарт ажилладаг залуус нэгдэж ажил хийж чаддаггүй, залхуу, худалч гэсэн нэрийг хамтдаа цэвэрлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол төр засаг биднийг залхуу, муугаар дуудсаар байгаад гаднаас ажиллах хүч авсаар л байна. Ажилчин ангийн залуус бид нийгэмдээ хэрэггүй хүмүүсийн тоонд орох нь. Монголд үнэхээр ажилчин ангийн хийж чадахгүй зүйлийг гаднаас хүмүүс авчраад хийлгэх гэж байгаа бол хамаа алга. Гэтэл залуус бидний хийж чадах ажлыг хийлгэхээр гаднаас ажилчид оруулж ирээд байгааг ухаарч, үүнийг эсэргүүцэх хэрэгтэй. Бид өөрсдийн ажлын байрыг өөрсдөө авч үлдэх ёстой" хэмээн ярилаа. 

Үүнээс гадна "Бид барилгын салбарт ажиллаж байгаа ажилчдаа тогтмол цалинтай болгомоор байна. Өнөөдөр барилгачдын холбоонд бүртгэлтэй 478 баригад байна. Тэдний зарим нь хууль ёсны хөдөлмөрийн гэрээгүйгээр ажил хийснээсээ болж цалин хөлсгүй хоцорч байгаа явдал нийгэмд газар авлаа. Энэ салбарт үнэхээр ажил хийх хүсэлтэй залуусын үнэлэмжийг буулгаж байгаа хэсэг нөхөд бий. Тэд ажил шинээр ажилд ороод ажил олгогчоос тавьсан хувцсыг нь өмсөөд ажилдаа ирэхээ больчихдог. Өөрөөр хэлбэл, хаанаас хэн гэдэг нь мэдэгдэхгүй, зарын зуучлагчаар дамжиж орж ирсэн зарим хүн үнэхээр ажил олгогчийн материалаар тоглодог нь үнэн. Ажил болгон сольж, ажил олгогч нарынхаа итгэлийг алдаж байгаа тийм байдлыг бид өөрсдийн төлөө нэгдэж, цэгцлэх шаардлагатай. Аль ч улсад манай монголчууд ажлаа сайн хийдэг гэдгийг ажил олгогчид нь баталдаг. Түүнийгээ эх орондоо ч харуулах хэрэгтэй. Тиймээс  байгууллагаас 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд Тусгаар тогтнолын ордонд ажилчин ангийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулахаар болсон. Энэ чуулга уулзалтад бид өөрсдийн хөндөгдөж буй эрх ашиг гэх мэт зүйлийг талаар төрийн байгууллагаас хариулт авч, санал бодлоо илэрхийлэх болно" хэмээн "Ажилчдын хөгжлийн нэгдсэн төв" төрийн бус байгууллагын захирал Б.Ганзориг ярьж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top