ЦАР ТАХАЛ | ЗЭЭЛ, ТУСЛАМЖ | ЗАРЦУУЛАЛТ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Сангийн яамнаас коронавируст цар тахлын үед олон улсын байгууллага, санхүүгийн байгууллагаас өгсөн тусламж, хөнгөлөлттэй зээлийг хэрхэн зарцуулсан талаар танилцууллаа.

Коронавируст цар тахлын үед төсөвт дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 299.5 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээг хөгжлийн дөрвөн түнш байгууллага, улстай байгуулсан байна.

Байгуулагдсан гэрээний 66.6 хувь буюу 199.5 сая ам.долларын зээлийг авчээ. Үлдсэн 100 сая ам.долларын санхүүжилт энэ оны дөрөвдүгээр улиралд орж ирэх хүлээлттэй байна. Тодруулбал Азийн хөгжлийн банктай байгуулсан “COVID-19” шуурхай, хариу арга хэмжээ авах хөтөлбөр” ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 100 сая ам.долларыг энэ оны тавдугаар сарын 29-ний өдөр авчээ.

Мөн Олон улсын валютын сангийн “Түргэвчилсэн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд зургаадугаар сарын 08-ны өдөр 99.5 сая ам.долларыг авсан байна. Харин Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банктай 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг өнгөрсөн есдүгээр сарын 08-ны байгуулжээ. Энэхүү хэлэлцээрийн санхүүжилт арванхоёрдугаар сард орж ирэх хүлээлттэй байна.

Төсөвт дэмжлэг үзүүлэхээс гадна төслийн санхүүжилт хэлбэрээр дараах зээлийг авчээ. Төслийн санхүүжилт хэлбэрээр нийт 119.4 сая ам.долларын өртөг бүхий арван төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр гэрээ хэлэлцээр байгуулаад байна. Үүнээс 32.5 сая ам.долларын зээл, буцалтгүй тусламжийг хүлээн авчээ. Өөрөөр хэлбэл нийт гэрээний 27.3 хувийг одоогийн байдлаар хүлээн аваад байна.

Гэрээний үлдэгдэл болох 86.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг мөн энэ оны дөрөвдүгээр улиралд авахаар тооцжээ.

Дээр дурдсан 32.5 сая ам.долларыг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд хуваарилсан байна. Тодруулбал зөөврийн рентген аппарат 28, суурин рентген аппарат 15, хяналтын монитор 43, амьсгалын аппарат 32, тариц, дуслын автомат шахуурга 105, зөөврийн эхо аппарат 41, CT томограф төхөөрөмж тус , тус нийлүүлжээ.

Түүнчлэн дээрх санхүүжилтийг 4-9 дүгээр сарын хүүхдийн мөнгө, хүнсний талон хуваарилахад зарцуулжээ.

“Одоо хэрэгжиж байгаа хоёр төслөөс нийт 20 сая ам.долалрын здахин хуваарилалт хийж хүүхдийн мөнгө, нийгмийн даатгалын сангийн санхүүжилт хийсэн” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ярьсан юм.

Цаашид 86.8 сая ам.долларын тусламж, зээлийн санхүүжилт хийгдэх хүлээлттэй байна. Үүгээр түргэн тусламжийн машин авах, долоон аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасгийг шинэчлэх, PCR шинжилгээний лабораторийн төхөөрөмж зэргийг авахад зарцуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕОГООР ҮЗЭХ

Top