АНУ-ын бизнес, эдийн засгийн алдарт Business Insider цахим хуудас цар тахалт нөхцөл байдлын дундах Монгол Улсын эдийн засгийн тухай онцлон бичжээ. Энэхүү нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.
Одоогоос гурван сарын өмнө дөө. Жил бүрийн долоодугаар сард уламжлал болгон тэмдэглэдэг “Эрийн гурван наадам” тохиов. Цэц мэргэн, хурд, хүчний бэлгэдэл болсон энэ наадам түүхийн өвийг олон жил тээсэн гэдгээрээ дэлхийд хосгүй наадам. Гэвч 800 жилийн түүхэндээ анх удаагаа эрийн гурван наадам үзэгчгүй зохион байгуулагдсан юм. Цар тахлын нөлөөнд дэлхий нийт автаад байгаа учраас тэр шүү дээ. Наадмын нээлт, бөхийн барилдаанаа телевизээр шууд дамжуулсан нь цар тахлаас сэрэмжилсэн өвөрмөц шийдэл байлаа.
Гэсэн хэдий ч монголчууд баярлах шалтгаан байсан. Коронавируст цар тахал дэгдэж эхэлснээс хойш Монгол Улсад вирусний улмаас нэг ч хүн эндсэнгүй. Мөн халдварыг дотооддоо алдсангүй. Монголд бүртгэгдсэн 313 халдварын тохиолдол бүгд зөөвөрлөгдсөн тохиолдол байгаа. Өдийг хүртэл ийм амжилт үзүүлж буй тусгаар тогтносон цөөхөн улсын нэг нь яах аргагүй Монгол. Халдвар алдахгүй байх шалтгаан олон бий. Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогоос гадна Монгол Улс бол дэлхийн хамгийн сийрэг хүн амтай улс. Гэхдээ үүнтэй эсрэгцэх нэг баримт байгаа нь Улаанбаатар хотод хүн амынх нь талаас илүү хувьд төвлөрөн амьдардаг. Коронавируст халдварын хувьд амархан тархахаар нөхцөл байдал.
Коронавируст цар тахал дэгдэж эхэлснээс хойш Монгол Улсад вирусний улмаас нэг ч хүн эндсэнгүй.
Вирус дотоодод тархахгүй байгаа гол шалтгааныг зарим монголчууд Чингис Хааны удам, дотоод хүч чадалтай холбон тайлбарладаг. Магадгүй зарим судлаачид монголчуудын идэж ууж буй хоол хүнс, цаг агаарын нөхцөл байдалтай ч холбон тайлбарлаж байна. Хөрш зэргэлдээ Хятадад нөхцөл байдал хүндрэхтэй зэрэгцэн эрт хариу арга хэмжээ авсан нь халдвар тархаахгүй байхад хамгийн чухал үзүүлсэн гэж дүгнэж болно.
Өнгөрсөн нэгдүгээр сард халдвар дөнгөж дэгдэж эхэлж байхад Монгол Улс хилээ хаасан юм. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын засаг захиргаа халдварын голомт болсон Ухань хотод хөл хорио тогтоосноос хойш ердөө дөрөв хоногийн дараа монголчууд хариу арга хэмжээ авч эхэлсэн юм. Бүх боловсролын байгууллагуудыг хааж, нийтэд амны хаалт зүүхийг уриалж, хүн хоорондын зай барихыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ухуулан таниулж эхэлсэн. Түүнчлэн гадаадад буй иргэдээ ч даруй татан авч эхэлсэн. Тус улсад халдварын анхны тохиолдол гуравдугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн юм. Анхны тохиолдол нь гадаадын иргэн байлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрт хариу арга хэмжээ авч чадсан Монгол Улсыг магтан сайшаасан нь зүгээр ч нэг тохиолдол бус.
Гэвч одоо бидний өгүүлэх түүх дээр дурдсан бахдам амжилтаас тэс ондоо. Эрт хариу арга хэмжээ авсан нь сайшаалтай ч үүнийх нь муу нөлөө, сөрөг үр дагавар хэдийнээ хаалгыг нь тогшоод эхэлжээ. Эрт хилээ хаасан нь Монгол Улсад сөргөөр нөлөөлж эхлэв. Экспортынх нь дийлэнхийг буюу 80-аас илүү хувийг БНХАУ бүрдүүлдэг энэ улсад экспортын орлого нь тасалдах нөхцөл байдал үүсчээ. Үүнийг гэрчлэх нэгэн баримт байгаа нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн эхний хагас жилийн гүйцэтгэлээр 10 гаруй хувиар агшсан явдал. Зөвхөн түүхий эд, уул уурхайн бүтээгдэхүүнд түшиглэсэн экспорттой энэ улсын экспортын хоёрдугаарт ордог салбар бол ноос, ноолууран бүтээгдэхүүн. Энэ салбарт ч цар тахал аль хэдийнээ сүүдрээ тусгаад эхэлжээ. Нийтдээ 10 гаруй мянган хүн ажилладаг энэ салбар нь тансаг эдлэлд шунадаг гаднын эрэлт хэрэгцээнд тулгуурладаг.
Эрт хариу арга хэмжээ авсан нь сайшаалтай ч үүнийх нь муу нөлөө, сөрөг үр дагавар хэдийнээ хаалгыг нь тогшоод эхэлжээ.
“Дотоодын борлуулалд одооо үндсэндээ байхгүй болчихлоо. Бид олон улсын цөөн хэдэн хүсэлтийн дагуу л нийлүүлж байна. Тэдний хүсэлтийг биелүүлэхээр нийц бололцооныхоо 40 хувиар ажиллаж байгаа” гэж “Сор Кашмир” компанийн гүйцэтгэх захирал Б.Болдбаатар ярьжээ.
Олон улсын байгууллагуудын судалгааны дүгнэлтийг харахад монголчуудын гурван хүн тутмын нэг нь өдөрт хоёр ам.доллароос бага орлоготой ядуу амьдарч байна. Гэхдээ амьжиргааны түвшин малчдын дунд өссөн гэж “Borgen” төслийн тайланд дурджээ. Коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харахад малчдын амьжиргаан түвшин ч огцом доошилж мэдэхээр байна. Хэрэв энэ хэвээрээ үргэлжилбэл Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьжиргааны шугамаас доогуур түвшинд хүрч мэдэх юм. Дээр өгүүлсэнчлэн Монгол Улс коронавируст цар тахалтай тэмцэхэд зориулж Засгийн газар нь Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк бусад олон улсын байгууллагаас бараг хагас тэрбум ам.долларын зээл авчээ. Гэвч олон нийтийн дийлэнх нь үүний зарцуулалтад санаа зовниж байна.
Коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харахад малчдын амьжиргаан түвшин ч огцом доошилж мэдэхээр байна.
Цаашид цар тахал Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх нь асуулт хэвээр байна. Одоо монголчуудад дотооддоо халдвар тархаагүй гэсэн л сайн мэдээ бий...
Эх сурвалж: Business Insider