Монгол Улсад сүүлийн тавин жил болоогүй хүйтэн өвөл болж, 4.7 сая гаруй мал хорогдож, олон мянган хүн амьжиргааны эх үүсвэр, хүнсний хомстолд орох аюул нүүрлээд байна гэж Олон улсын улаан загалмай нийгэмлэг анхааруулж байна. Зудын хахир нөхцөл байдал гэдэг нь бэлчээр зузаан цас, мөсөнд хучигдаж, мал бэлчээрт гарах боломжгүй байдлыг хэлнэ гэж CNN агентлаг тодруулжээ.
Монгол Улсад 300 мянга орчим хүн уламжлалт мал аж ахуй эрхэлж, малын махаа хүнсэндээ хэрэглэн, зах зээлд борлуулж, амьжиргаагаа залгуулдаг. “Зөвхөн мал аж ахуй эрхлэн, амьжиргаагаа залгуулдаг малчид сүүлийн хэдхэн сарын дотор ядуурлын байдалд орж байна. Зарим малчид идэх хүнс, түлэх түлээгүй болсон” гэж ОУУЗН-ийн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал Александер Матье CNN агентлагт ярьжээ.
Түүний хэлснээр, өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойших хугацаанд 2250 малчин өрх мал сүргийнхээ 70 гаруй хувийг алдсан. Долоон мянга гаруй өрх хэрэгцээнийхээ хүнсийг авч чадахгүй, цасанд боогдоод хүрээд байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн дөрөвний гурав нь зудад нэрвэгдэж, өвөл үргэлжилсээр байгаа тул нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна. Хаврын улирал ирсэн ч Монгол Улсад өвөл үргэлжилсээр. Одоог хүртэл цасан бүрхүүл тогтсон хэвээр, мал хорогдсоор байна гэж Матье онцолжээ.
Монгол Улсын Засгийн газар тавдугаар сарын 15-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал өнгөрсөн сард зарласан. ОУУЗН мягмар гарагт /2024.03.19/ амьжиргаанаасаа салсан Монголын малчдад туслах аян зарлав.
Өвөлжилтийн бэлтгэл ажил өндөр түвшинд хангагдсан байсан ч нөөц хүрэлцэхгүй байна гэж Матье мэдэгджээ. Зуд нь малчдад асар их хэмжээний эдийн засгийн хохирол учруулж, зам боогдож, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах боломжгүй болжээ.
Энэ жилийн зуд яагаад ийм хүнд тусав?
Малчин айл өрхүүд малынхаа бэлчээрийг даган, улирал бүр нүүдэллэнэ. Зуны улиралд малчид малдаа зориулж өвс, тэжээл бэлтгэн авдаг. Тэд хатуу хахир өвөлд ийн бэлтгэлээ базааж ирсэн ч гантай зуны дараа их хэмжээний цас орж, хүйтэрснээр зуд ын гамшигтай нүүр тулж байна. Агаарын температур -30 градус хүрэх нь энгийн үзэгдэл. Энэ жил сүүлийн 49 жил ороогүй их хэмжээний цас орж, нэгдүгээр сар гэхэд нутаг дэвсгэрийн 90 хувьд цасан бүрхүүл тогтсон гэж Олон улсын эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн.
Өнгөрсөн зун бороо, хур ихтэй эхэлж байв. Гэвч арваннэгдүгээр сарын эхээр эрс хүйтэрч, цас унасны дараа ахин дулааран, зарим нутгаар -40 градус болж, дахин хүйтэрч, их хэмжээний цас оржээ. Цас эрт орсны улмаас мал тарга, тэвээрэг авч чадаагүй бөгөөд малчид хангалттай өвс, тэжээл нөөцөлж чадаагүй байна.
Өдгөө Монгол Улсад “цагаан” болон “төмөр” зуд нүүрлэж, малын бэлчээр мөстсөний улмаас мал бэлчээртээ хүрч чадахгүй байна.
Монгол Улсад зудын гамшиг ойр ойрхон тохиох болж, хатуу ширүүн цаг агаарын нөхцөл байдалд сэргэлт авч чадахгүй байна.
Зудын давтамж ойртож, сүүлийн 10 жилд зургаан удаа ийм гамшиг тохиосон. Урьд өмнө ховор тохиодог байсан зуд өдгөө байнга нүүрлэх болсон гэж Матье ярив.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэдээллээр, Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэж буй орнуудын нэг. Сүүлийн 70 жилд агаарын температур дунджаар 2.1 градусаар нэмэгджээ. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт Монголын дөрвөн улирлын онцлог шинж байдалд ч өөрчлөлт оруулж, зуны улиралд ган гачиг байнга тохиож, улмаар өвөл нь илүү хатуу, ширүүн болжээ. ОУУЗН-ийн мэдээлснээр, энэ жилийн зудын үр дагавар 2010 оны зудаас ч хүнд болох төлөвтэй байна. Тухайн жилд зудын улмаас 10.3 сая мал хорогдож байжээ.
“Бид малчид үнэт малаа алдаж, санхүүгийн хүндрэлтэй тулгарч, бие болон сэтгэл зүйн дарамтад орон, хэрхэн тэмцэж буйг харж байна” гэж ОУУЗН-ийн Зүүн Азийн салбарын тэргүүн Ольга Джумаева мэдэгдэлдээ дурджээ.
“Гэсэн хэдий ч өвлийн уур хилэнтэй гайхалтай зоригтой тэмцэж буй малчдын нугаршгүй найдвар, сэтгэлийн тэнхээг бишрэн харж байна. Монгол Улсад олон зуун мянган малчдын мал хорогдож, нөөц нь шавхагдаж, амьжиргаа доошилж байгаа тул яаралтай тусламж шаардлагатай байна” гэж мэдэгдэлд онцолжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Монгол орон 4 н улиралтай, эрс тэс уур амьсгалтай. Өвлийн улирал хахир хүйтэн, удаан үргэлжилдэг. Зөвхөн энэ жил цас орж хүйтэрч байгаа юм огт биш, жил бүр ийм байдаг.Хөдөөгийн хүн ам, малчид үүнийг сайн мэддэг. Гэвч тэд мал төрийн хамгаалалтан байна гэсэн хуулийн заалтаар бэлтгэлээ сайн хангахгүй өөрийн өмч болсон мал сүргээ төрд даатгажз, тусламжинд найдаж байгаагаасаа болж хохирол амсдаг. Урьд тийм байсан, одоо ч ийм байгаа, дараа хожим ч тийм байх биз. Яагаад нэвэл нүүдлийн мал аж ахуй нь 100% байгаль цаг уураас хамааралтай. Малчид нь ажилсаг биш, төрийн тусламж, цаг агаарт найдаж суудаг.
ямар хулгайч нь үхсэн мал тоолчихоо бэ үхсэн мал тоолсон гэж хэдэн тэрбумыг төсөвөөс шаах ньдэ