КОВИД & ЭДИЙН ЗАСАГ сэдвийн хүрээнд эдийн засагч, профессор Б.Эрдэнэбаттай ярилцлаа.
Ланкастерын Их сургууль, Манчестерын Их сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, судлаачаар ажиллаж байсан тэрбээр манай улсын эдийн засгийн туршлагатай судлаачдын нэг юм.
Тодотгоход, Zindaa.mn мэдээллийн сайтын Эдийн засгийн алба КОВИД & ЭДИЙН ЗАСАГ булангаар дамжуулан эдийн засаг дахь коронавирусний нөлөөлөл болоод эрсдэлийг бууруулах боломж, шийдлийг эрэлхийлсэн мэдээ, мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ.
-Монголын эдийн засаг улирлын хэлбэлзэлтэй. Өвөл зогсонги байсан уул уурхай, барилгын салбар ид идэвхжиж эхэлдэг үед коронавирусний нөлөөллөөр эдийн засаг агшлаа. Цар тахлаас сэргийлэх арга хэмжээний эдийн засаг дахь сөрөг нөлөөлөл хоёрдугаар улирлын үзүүлэлтэд ч тусгалаа олох янзтай. Гэхдээ би тантай коронавирусний сөрөг нөлөөллийг хэрхэн яаж бууруулах, эдийн засгийн нөөцөө яаж зөв зүйтэй удирдах вэ. Ер нь ямар шийдлүүд байж болох вэ гэдэгт чиглэн ярилцах бодолтой байна?
-Монгол Улсын эдийн засгийн улирлын хэлбэлзэл нь үнэхээр эрс, тэс цаг уур, эдийн засгийн бүтэцтэй холбоотойгоор дэлхийн бусад улстай харьцуулахад маш өндөр байдаг. Жишээ нь, ДНБ-ий хэлбэлзлийн 88 хувийг улирлын хэлбэлзэл тайлбарладаг. Сүүлийн үед орчны температураас нэн хараат уул уурхайн салбарын эдийн засагт эзлэх хувь хэмжээ улам нэмэгдэхийн хэрээр энэ хувь ч мөн өсөж байна. 2000 оноос хойш дунджаар нэгдүгээр улиралд эдийн засаг өмнөх улиралтай харьцуулахад 32 хувиар агшиж, хоёрдугаар улиралд 50 хувиар сэргэж ирсэн. Энэ оны нэгдүгээр улирлын хувьд 42 хувиар агшсан. Гэтэл хоёрдугаар улирлын тэлэлт үнэхээр олон жилийн дунджаас нэлээд доогуур байхаар байна.
Коронавирусний сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн хязгаарлагдмал нөөц бололцоогоо зөв зохистой удирдах нь бодит байдлаа танин мэдэж, хүлээн зөвшөөрч шингээн авах, бодитой мэдээлэл болон мэдлэгт тулгуурлан хариу үйлдэл үзүүлэхээс эхэлнэ. Эдийн засаг уул уурхайн салбараас хэт хараат болсон энэ үед түүхий эдийн эрэлт гадаад зах зээлд нэлэнхүйдээ унаж байгаа нь гадаад эх үүсвэрээс үүдэлтэй, хариу үйлдэл үзүүлэхэд бидэнд ахадсан цохилт юм. Мөн түүхий эд эрэлттэй, үнэ өндөр байсан үед эдийн засгийн тэргүүлэх салбар, түүний бэлтгэн нийлүүлэгч, харилцагч салбаруудын зардлын бүтэц, үр ашгийнх нь зах зээлийн зарчим алдагдаж, цаашилбал нийт эдийн засгийн өрсөлдөх чадвар муудаж өдгөө Дэлхийн эдийн засгийн форумын чансаагаар нийт 141 улсаас 102-т л эрэмбэлэгдэж байгаа нь дунд болон урт хугацаад анхаарах ёстой асуудлууд юм.
Тодорхой хугацааны дараа шавхагдаж дуусах, ямар ч хяналтгүй байгалийн баялгийн экспортод тулгуурласан эдийн засгийн бүтэц нь улс төрийн процессуудыг мөн гажуудуулсан. Цөөн хүний гарт төвлөрөх байгалийн баялгийн рентийн төлөөх асар өндөр зардалтай дотоод тэмцэл нь зохион байгуулалттай мафи-фракц-бүлэглэлүүдийг бий болгож, эдийн засгийн нөөц бололцоо Монгол Улсыг хөгжүүлэхэд зориулагдахаа больсон. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ, эрэлт хэрэгцээ унахын хэрээр тэдний хооронд одоогоор тогтсон байгаа түр зуурын тэнцвэр алдагдаж, улс төрийн намууд, төр засгийн байгууллагууд, шүүх эрх мэдэл, хэвлэл мэдээллийн тогтолцоо, бизнесийн ашиг сонирхлуудтай улам бүр сүлэлдэн авлигажих хандлагатай байна. Олсон рентээ хамгаалах, гадагшаа зөөн гаргах үйлдлүүд нь нийгэм-эдийн засгийн бусад бүх процессуудыг давамгайлж, олон улсын санхүүгийн системийг гажуудуулсан хэмжээнд хүрч, хориг арга хэмжээнд орон, энэ үндэстний урт хугацааны эдийн засгийн ирээдүй, үр ашгийн асуудал бүр орхигдох аюулд орсон байна. Уул уурхайн салбарын ДНБ-д эзлэх хувь, нэг дор ашиглах уул уурхайн ордын тоонд дээд хязгаар тогтоох, уул уурхайн бүтээгдэхүүний бүтэц нь орлогын өсөлт өндөр, хэлбэлзэл бага байхаар оновчтой бүтэцтэй байх ёстой гэсэн саналаа найман жилийн өмнө дэвшүүлж байснаа энд хэлье.
Түүний судалгааг энд дарж үзнэ үү /Сурв/
-Улс орнуудын засгийн газрууд цар тахал хумигдах хугацааг урьдчилан тооцох боломжгүй байна. Тэгэхдээ эдийн засгаа хамгаалах бодлогын арга хэмжээнүүд нь хямралын дараа харьцангуй эрүүл эдийн засагтай үлдэхэд чиглэсэн байгаа нь харагдаж байгаа л даа. Манай улсын тухайд төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд богино болон дунд хугацаанд ямар өгөөжтэй байх бол таны тооцож буйгаар?
-Жижиг, түүхий эдийн экспортод тулгуурласан бидний хүндрэлийн гох, дэгээ, шалтаг нь гадаад эх сурвалжтай. Тэгэхээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний цар хүрээ, өгөөж нь ч үндсэндээ гадаад эх сурвалжтайгаа хэр уялдаатай байгаагаас хамаарна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тооцоогоор цар тахлын улмаас дэлхийн нийт ажиллагсдын ажлын цаг 10.5 хувиар буураад байна. Энэ нь 300 сая бүтэн цагийн ажлын байр устсантай ижил. Сүүлийн 100 жилд дэлхийн ядуурлын хувь буурсан. Харин одоо энэ чиг өөрчлөгдөж байна. НҮБ цар тахлаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хямрал нь 30 жил үргэлжилсэн амьжиргааны түвшний дээшлэлтийг зогсоож 420 сая хүртэлх хүнийг нэн ядуу ангилал руу шилжүүлнэ гэж тооцож байна. Дэлхийн хүнсний хөтөлбөр хямралын өмнө 130 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн байсан бол энэ тоо одоо өсөж 265 саяд хүрнэ гэж үзэж байна.
Манай нийт хүн амын 28.4 хувь нь ядуу, гурван хувь нь нэн ядуу гэсэн тооцоо хоёр жилийн өмнө гарч байсан. Ажилгүйдэл, ядуурал, өлсгөлөнгийн асуудал Монгол Улсын эдийн засгийн бүтэц, тэгш бус байдлаас болоод дэлхийн дунджаас илүүтэйгээр хүнд тусах учир бидний баримтлах бодлого уг нь нэн шаардлагатай хүмүүс рүүгээ онилсон, хэмнэлттэй байх ёстой. Одоогоор авч байгаа арга хэмжээнүүд нь дандаа нийтийг хамарсан, мохоо шинжтэй байгаа нь харин ч эргээд илүү аюултай байдалд хүргэх шинжтэй болж байна.
-Та төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд дээр тухайлан хэлэхгүй юу?
-Жишээ нь, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахыг зөвхөн хүндрэлд орсон иргэд, аж ахуйн нэгжүүдээр хязгаарлаагүй нь, хүүхдийн мөнгийг ядуу өрхүүд рүү чиглүүлээгүй нь, төсвийн гадуурх тусгай сангуудын зарцуулалтыг зохих хяналт шалгалтгүй асар ихээр нэмэгдүүлж байгаа нь аль хэдийн чанаргүй зээлийн хэмжээ нь асар хурдан нэмэгдэж байгаа банкуудыг санхүүгийн хүндрэлд оруулж, хөнгөлөлттэй зээл, зээлийн хойшлуулалт, бэлэн мөнгөний дэмжлэгийг зорилгоос өөр зүйлд ашиглах, угаасаа явуургүй болсон зомби компаниудыг төсвийн алдагдлаар дэмжих аюултай байна. Мөн одоогийн уян хатан бус валютын ханшийн тогтолцоог гажуудуулан сул чөлөөтэй мөнгөн хөрөнгө ам.доллар болон хөрвөж, төгрөгийн ханш цаашид суларна гэсэн бооцоог өрдөж, валютын нөөцийг шавхахад хүргэх аюултай байна.
Мөн санхүүгийн дэмжлэгийг уул уурхайн бус салбаруудын үр ашгийг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нь сайжруулах, шинжлэх ухааныг Монгол Улсад нэвтрүүлэх, технологийн дэвшил, мэдлэгийн эдийн засаг руу чиглүүлэх гэх мэт урт хугацааны эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг дэмжихэд зарцуулах ёстой.
-Сонгуулийн жилийн төсөв гээд өндөр зардалтай, алдагдалтай төсөвтэй байж байтал коронавирусний эрсдэл нэрвэсэн. Монгол Улс төсвөө тодотгохгүйгээр, цар тахлын үеийн хууль гэж батлаад, хэдэн их наядаар хэмжигдэх санхүүжилт шаардсан шийдвэрүүд гаргасан. Мөнгөний бодлогын шийдвэрүүдээс урьтаж төсвөө тодотгож, зохицуулалт хийх ёстой байсан гэдэгтэй та санал нийлэх үү?
-Төсвийн алдагдлын хэмжээ сонгуультай холбоотой байдаг болсон нь үнэн. Ялангуяа 2007 онд уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн хамгийн том салбар болсноос хойш энэ үзэгдэл байнга давтагдах болсон. Засгийн эрхийг ямар ч үнээр хамаагүй хадгалан авч үлдэх, алдсан ч өрсөлдөгчдөө хоосон сан хөмрөг үлдээх замаар дараагийн сонгуулиар эргэн сонгогдох магадлалаа нэмэгдүүлэх гэсэн намуудын стратегитай энэ нь холбоотой. Харин ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэн 2018, 2019 оны турш алдагдалгүй төсөв хэрэгжсэн. Энэ нь 2011 оны аравдугаар сараас хойш анх удаа тохиолдсон билээ. Одоогоор харин төсвийн алдагдал 4.3 хувьд хүрээд байна. Төсвөөс гадуур зарцуулж буй мөнгийг оруулбал энэ тоо нэлээд өснө.
Бусад улсад үүнийг улс төрөөс хараад бус эдийн засгийн институцүүд, академик эдийн засагчид хянаж байдаг. Жишээ нь, Их Британий Төсвийн судалгааны институцийг (IFS) энд үлгэр жишээ болгох нь олонтаа. Харамсалтай нь манай улсын хувьд ийм тогтолцоог нэр төдий бус, жинхэнэ утгаар нь байлгах сонирхол улс төрийн аль ч хүчнийхэнд байхгүй.
Монголд хэрэгжиж буй мөнгөний болон сангийн бодлого, шийдвэрүүдийн нэр, санааг нь гаднаас хараад буруу гэж хэлэхийн аргагүй байдаг. Харин бодитоор яаж хэрэгжих вэ гэдэг нь, ялангуяа аалзны тор мэт авлигадаа баригдчихсан эдийн засагтаа хэрхэн дэмжлэг үзүүлэх нь маш том асуудал. Учир нь авлигын тогтолцооны үндэс, суурь нь төрөөс эдийн засагт оролцох оролцоон дээр тулгуурладаг. Үүнийг жишээ нь бид ажиллах хүч, хүн амын чамгүй хэсгийг ажил, орлогоор хангадаг жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор байгуулсан санг хэрхэн тоносноос нь бэлхнээ мэднэ. Баригдсан нь л энэ болохоос баригдаагүй нь, баригдсан ч олон нийтийн анхааралд тэгтлээ өртөөгүй нь мөн бий.
-Эрүүл эдийн засгийн тухай ярихын тулд бид бүхий л салбар дахь чулуужсан тогтолцоогоо эргэж харах хэрэгтэй гэж та хэлэх гээд байна уу?
-ЖДҮ-ийн зээл дээр тухайлаад ярихад зориулагдсан хүмүүстээ очихдоо зүгээр банкнаас авснаас нэг их хямдхан очихгүй байна гэдгийг нь бид бас мэднэ. Уг нь гурван хувийн хүүтэй зээл, гэтэл зээл авахаар хөөцөлдөгчдийн туршлагаас харахад зээлийн төслийг заавал тодорхой хүмүүсээр бичүүлж байж л амжилттай болох бөгөөд тэр нь хоёр хувь, банкны үйлчилгээний хоёр хувь, зээлийн төслийг тодорхой холбоодоор дамжуулах ёстой гээд мөн хоёр хувийн нэмэлттэй. Тэгэхээр эдгээр нэмэлтүүдийг төлөхгүй байх эрх мэдэлгүй ЖДҮ-ийн хувьд хамгийн багадаа есөн хувийн буюу зээлийг 200 хувийн нэмэгдэл үнэтэй авна гэсэн үг. Үүнээс гадна мэдээж үргүй зардлууд өчнөөнөөр гарна, жишээ нь Төрийн банкны захирлуудын гаргасан зээл дээрээ нэмж авдаг 5-10 хувь гэх мэт. Энэ нь аливаа бараа бүтээгдэхүүнийг нэг газар хоёр өөр үнээр зарах боломжгүй гэсэн эдийн засгийн нэг үнийн хуулийг (law of one price) бид Монголд шалгаж байна гэсэн үг. Авлига, системийн гажуудалтай холбоотой үргүй зардлуудаас болоод Монголын зээлийн хүүг байх ёстойгоос нь өндөр байлгаад буй үндсэн шалтгаануудын нэг юм.
Тэгэхээр төрөөс Ковид-19-ийн эдийн засгийн нөлөөг багасгах дэмжлэгээ хэрхэн авлигад алдчихгүйгээр хүрэх ёстой хүмүүст нь хүргэх вэ. Багахан үйлдвэрлэлийн чадавх маань хаагдаж, хүмүүн капитал, мэдлэг туршлагыг нь устган, ажилгүйдэл, ядуурал улам бүр нэмэгдэж, энэ нь эргээд эдийн засагтаа сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх вэ гэдгээ бид бодитоор хэлэлцэх ёстой. Энэ нь авлигаа үндсээр нь устгасан Сингапур мэтийн улсынхаас тэс өөр байна гэдэг нь ойлгомжтой байх.
-Танд баярлалаа.
Сэтгэгдэл ( 2 )
enezal uu ediin zasgiin tsoohon mundaguudiin 1 shuu dee.
Асуудлуудыг сайн харжээ даан ч ингэж хараад цаашаа засаад явах зам алга