Гомдол гаргасан СӨХ шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс ТАТГАЛЗСААР БАЙНА

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 06 сарын 17

Сүхбаатар дүүргийн 1-р хорооны 30-Б байрны оршин суугчид болон СӨХ-ны төлөөллүүд Элчингийн гудамжинд барилга барих гэж буйг эсэргүүцэж байгаа талаар өмнө нь бид мэдээлсэн.

Тэдний зүгээс иргэн Л.Урантуяа нар нь хүүхэд хөгжлийн төв нэрээр өндөр барилга барих гэж байгааг эсэргүүцэхээс гадна өмнө нь мөн Элчингийн гудамж дагуух “Дипломат оффис”-ыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар бариулсан ч түүнийгээ зориулалтын бусаар ашиглаж байна хэмээж байгаа юм.

Тэгвэл уг барилгыг бариулсан, одоо “Хүүхэд хөгжлийн төв” байгуулах гэж буй иргэн Д.Урантуяа манай сайтад тайлбар өглөө.

Тэрбээр, барилга барих гэж буй газрыг анх 2020 онд худалдаж авсан гэх ба таван давхар “Хүүхэд хөгжлийн төв” барих А даалгаврын дагуу барихаар төлөвлөжээ.

Энэ газар нь нийтийн эзэмшлийн бус хувийн өмчлөлийн 0,7 га буюу хувийн өмч гэдгийг онцолсон.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гурван шатны шүүхээр орж,  барилгын ажлыг явуулах шийдвэр гарч Д.Урантуяагийн талд хуулийн дагуу гараад байгаа ч тус байрны СӨХ-ны төлөөллүүд удаа дараа шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, өнөөдрийг хүртэлх хугацаанд 800 гаруй сая төгрөгийн хохирол учруулаад байгаа аж.

Түүнчлэн дээр дурдагдсан элчингийн гудамж дагуух “Дипломат оффис” нь анхнаасаа оффис, үйлчилгээний зориулалтын Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдсан. Өнөөдрийг хүртэл энэ чиглэлээр ашиглаж байгаа гэдгийг онцолсон юм.

Энэ бүхний цаана бусдын хувийн өмчийн газрыг авахаар санаархсан ашиг сонирхол байж болзошгүй бөгөөд анх гомдол гаргаж байсан СӨХ нь нэрээ өөрчилж, шүүхээр шийдэгдсэн хэрэгт дахин гомдол гаргасаар байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu