Олон улсын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар дагнан нийтэлдэг хоёр сар тутмын “The National Interest” сэтгүүл энэ удаагийн дугаартаа цар тахлын нөхцөл байдал дахь Монгол Улсын эдийн засгийн тухай онцлон нийтэлжээ. Тус нийтлэлийг Бритиш Колумбиа мужийн “Роял Рөүдс” их сургуулийн Бизнесийн сургуулийн профессор Чарльз Крусекоф бичсэн байна. Уг нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.
Коронавируст цар тахал дэлхий даяар дэгдсэнээс хойш Монгол Улс эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлогоороо дэлхийд үлгэр болохуйц байгааг дурдах хэрэгтэй. Зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа ч дотооддоо халдвар тархаагүй байна. Одоогоор тус улсад 300 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс бүгд зөөвөрлөгдсөн тохиолдол аж. Саяхан болж өнгөрсөн парламентын сонгуулиас өмнө бизнесээ эргэн нээсэн. Гэвч толгойг нь өвтгөх зүйлс Монгол Улсад олон бий. Экспортоос шалтгаалсан эдийн засгийн хямрал нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөөд зогсохгүй, шил, шилээ дарсан их хэмжээний өрийг гурван жил дараалж төлөх ёстой.
Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай /ДЭМБ/ нягт хамтран ажиллаж байгаа. ДЭМБ-ын өгсөн зөвлөмжийн дагуу онцгой байдлын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаагаас хэрхэн нягт ажиллаж байгааг харж болно. Тус улс нэгдүгээр сарын сүүлээс эхлэн агаарын болон газрын хилээ хаасан. Гэвч гуравдугаар сард тус улсад коронавирусний анхны тохиолдол бүртгэгдэв. Анхны халдвар илэрснээс хойш халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахиж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн билээ. Халдварын анхны тохиолдол бүртгэгдэхээс өмнө Монголчуудын уламжлалт сар шинийн баярыг гэртээ тэмдэглэх чиглэл өгч 14 хоног гэрээсээ гарахгүй байхыг Засгийн газраас нь зөвлөсөн юм. Үүний жишгээр саяхан болж өнгөрсөн Үндэсний их баяр наадмаа ч үзэгчгүй тэмдэглэсэн. Халдвар хамгааллын олон арга хэмжээ авсны үр дүнд тус улсад одоогоор дотооддоо халдвар тархаагүй байна. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш 60 гаруй мянган монголчууд эх орондоо иржээ. Үүний 300-аас нь коронавирусний халдвар илэрсэн байна. Ихэнх нь ОХУ-аас ирсэн тохиолдлууд эзэлж буй. Нэг ч эндэгдэл бүртгэгдээгүйгээр барахгүй 296 хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжжээ. Монголд ихэнх бизнесүүд тавдугаар сард үүдээ нээсэн. Амралтын газар, ресторан, зочид буудлууд эргэн үүдээ нээсэн байгууллагуудын дийлэнх хувийг бүрдүүлж байна. Үүдээ нээсэн ихэнх байгууллагууд өртэй болж, зарим нь гэрээгээ цуцалснаас болж хаалгаа барьжээ. Бизнесүүдэд сөргөөр нөлөөлсөн ч бага хүн амтай улсад халдвар тархалгүй өдийтэй золгов.
Эдийн засгийн төрөлжилт багатай Монгол Улсад эдийн засгийн саармагжил мэдрэгдээд эхэлжээ. Ерөөс Монгол гэлтгүй дэлхийн олон улс оронд эдийн засаг саарах үзэгдэл ажиглагдаж байгаа.
Гэхдээ хүмүүсийн амьдрал бүр цаашлаад улс орны оршин тогтнох гол шалтгаан нь эдийн засгийн нөхцөл байдал байдаг. Эдийн засгийн төрөлжилт багатай Монгол Улсад эдийн засгийн саармагжил мэдрэгдээд эхэлжээ. Ерөөс Монгол гэлтгүй дэлхийн олон улс оронд эдийн засаг саарах үзэгдэл ажиглагдаж байгаа. Саарч байгаа гэдгийг эхний зургаан сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт бэлхнээ харуулна. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 9.7 хувиар унажээ. Экспорт 40 гаруй хувиар унаж, төсвийн алдагдал өссөөр ДНБ-ний бараг 10 хувьтай тэмцэж ирэв. Цар тахалтай хүчээр тэмцэж байх хооронд эдийн засагт нь ийнхүү нөлөөлсөн байна. Монгол Улсын экспортын дийлэнхийг уул уурхай, ашигт малтмалын салбар эзэлдэг. Нүүрс, зэс, газрын тос, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн л экспорт, импортын голлох бүтээгдэхүүнүүд. Гэхдээ экспорт нь нүүрс, зэс дээр тогтдог. Мэдээж хэрэг цар тахлаас шалтгаалж экспортын орлого их хэмжээгээр буурсан. Дээр дурдсан 40 гэдэг тооноос хэр зэрэг унасаныг харж болно. Монголын эдийн засгийг нуруун дээрээ тээж явдаг “Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт товлосон хугацаанаасаа хойшлох төлөвтэй байгаа. Түүнээс гадна хөрөнгө оруулалтын зардал ч нэмэгдэх хандлагатай байгааг Рио Тинто компани мэдэгдэж буй. Дээрээс нь Монгол Улсын төр ирээдүйд ирэх үр ашгийг бага гэж үзэн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-аас ажлын хэсэг байгуулсан бий. УИХ-ын дээрх шийдвэрийг Рио Тинтогийн зүгээс дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ үйл явц хэрхэн өрнөх нь одоогоор тодорхойгүй байна. Дээрээс нь цар тахал энэ том төсөлд нөлөөлөөд эхэлжээ. Ил уурхайн зэсийн экспорт хилийн хоригоос болоод тасалдсан. Хил хаачихсан учраас боловсон хүчний сэлгэлт байхгүй бол эсрэгээрээ 2023 оныг дуустал цахимаар зөвлөгөө авахаар болж байна. Хилийн хаалтаас болоод хохирч байгаа хүмүүс нь малчид. Цар тахал ноолуурын эрэлтийг бууруулсан тул орлогын гол эх үүсвэр болсон ноолуурын урамшуулал нь буураад байна.
Монголчууд дотооддоо Хятадыг жигшдэг ч гэсэн эийн засаг нь БНХАУ-тай нягт холбоотой. Экспортынх нь 90 гаруй хувь зөвхөн энэ улсаас хамаарч байна. Цар тахлын улмаас дээрх экспортын хэмжээ тасралтгүй буурч байгаа. БНХАУ-ын зүгээс экспорт, импортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа ч хоёр улсын Засгийн газар цар тахлаас сэргийлэх стратеги ондоо учраас нөлөөлөл нь бага. Дээрээс нь Монгол Улсын нийт өр ДНБ-нийх нь 77 хувтай тэнцэж ирсэн нь санаа зовоох гол асуудал болоод байна. Олон улсын валютын сан Монгол Улсыг урт хугацааны эдийн засгийн эрсдэлт нөхцөл байдалтай гэж тодорхойлсон. Учир нь төрийн зүгээс ч, хувийн байгууллагууд нь ч таазан тулсан өртэй, цар тахлаас шалтгаалж эдийн засаг саарсан нь олон жил үргэлжилсэн хямралын үндэс болно гэдгийг анхааруулаад удаагүй байна. Үүнтэй адил зөвлөмжийг Азийн хөгжлийн банк ч, Дэлхийн банк ч өгч байгаа. Тиймээс дээрх байгууллагууд богино хугацааны хөнгөлөлттэй зээлийг олгож буй. Хэрэв тус улсын эдийн засаг ойрын хугацаанд сэргэхгүй бол өрийн дарамтад орох бодит эрсдэл бий.
Монголчууд нийгэмдээ коронавирус алдаагүй. Энэ үнэн. Гэхдээ эдийн засаг нь хүндэрч өрийн дарамтаас шалтгаалсан урт хугацааны хямралд өртөх өндөр эрсдэлтэй. Энэ бас л үнэн.
Хоёр сар гаруйн өмнө Монголчууд сонгууль зохион байгуулсан. Цар тахлын үед Өмнөд Солонгосын дараа сонгууль зохион байгуулсан дэлхийн хоёр дахь улс нь тэд. Халдвар хамгааллын дэглэм сайн баримталсан гэх сонгуульд эрх баригч Монгол ардын нам дахин ялалт байгуулж 76 суудлаас 62-ыг нь “өөрийн” болгосон. Гэхдээ Ардчилсан нам тэргүүтэй сөрөг хүчнийхэн халдвар хамгааллын дэглэм эрх баригчдад эерэгээр нөлөөлсөн гэж үзэж буй. Сонгуульд дэвшсэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг харвал бүгд л эдийн засгаа сэргээх, хямралыг хохирол багатай даван туулахад чиглэгдсэн байсан. Гэхдээ бодит ажил хэрэг болгох, хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь одоо ч тодорхойгүй хэвээр. Эрх баригчид гадаадын улс орноос иргэдээ татан авахад авлига хүнд суртал байгаа гэж олон нийт үзэж буй. Өнгөрсөн наймдугаар сард Монгол Улс 4000 гаруй иргэнээ татан авчээ. Цаашид ч татан авалт үргэлжилнэ.
Монголчууд нийгэмдээ коронавирус алдаагүй. Энэ үнэн. Гэхдээ эдийн засаг нь хүндэрч өрийн дарамтаас шалтгаалсан урт хугацааны хямралд өртөх өндөр эрсдэлтэй. Энэ бас л үнэн. Эдийн засаг урт хугацаандаа хямрахгүй байх тал дээр эрх баригчид яг одоо л шийдвэртэй алхам хийх хэрэгтэй байна. Цар тахал Хятадын эдийн засгийг сааруулсан нь Монгол Улсын эхний зургаан сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтээс бэлхнээ харагдаж байна. Өрийн хэмжээ өндөр байгаа нь цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулах арга хэмжээ авахад тодорхой хэмжээнд чөдөр тушаа болж буй. Дэлхийн томоохон эдийн засгууд ч дэлхийн хоёрдугаар дайнаас хойш томоохон сааралттай тулгараад байна. Энэ нөхцөл байдалд хоёр хөршийн дунд байдаг, экспортоор нэг хөршөөсөө дэндүү хараат Монгол Улсад хэрхэн тусах вэ? Энэ асуултын хариулт нэг бол хар бараан, нэг бол сурах бичигт цохон тэмдэглэмээр гэрэл цацруулсан амжилт ч байж болно. Гол нь гагцхүү эрх баригчид ямар бодлого баримтлахаас шалтгаална. Хамгийн гол нь экспортоо нэмэгдүүлэх, саараад буй эдийн засагтай Хятад улсын бодлоготой хэрхэн уялдуулах вэ гэдэг хүндхэн сорилт бас даалгавар бий.