Мэдээ, мэдээллийн ZINDAA.MN сайт өнгөрч буй оны онцлох үйл явдлыг салбар тус бүрээр тоймлон хүргэдэг уламжлалтай билээ. Өнөөдөр 2020 онд болж өнгөрсөн хууль эрх зүйн салбарын ОНЦЛОХ ТАВАН үйл явдлыг нэрлэж байна.
ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ БОЛОВ
Үндсэн хуулийн үг бүр бие даасан хууль болдог учраас “Эцэг хууль” хэмээн дээдэлдэг. Тиймдээ ч өнгөрч буй 2020 онд дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, дагаж мөрдөж эхэлсэн нь түүхэн үйл явдлын нэг байлаа.
УИХ-ын чуулганы 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний хуралдаанаар баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн морин цаг буюу 11.40 цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөж эхэлсэн юм.
Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа 430 гишүүн бүхий Ардын их хурал анхдугаар Үндсэн хуулийг 76 хоногийн турш хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан байдаг. Үүнээс хойш дээрх хуульд 2000 онд анх удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан бол энэ удаагийнх хоёр дахь нь болсон юм. Шинэ өөрчлөлтөөр дээрх хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Эдгээр өөрчлөлт нь парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагатай холбоотой гэсэн гол дөрвөн чиглэлтэй байлаа.
“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу 40 гаруй хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх шаардлагатай болсон. Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Төрийн аудитын тухай, УИХ-ын тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Шүүхийн сахилгын хорооны тухай, Шүүхийн захиргааны тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төсвийн тухай хууль зэрэгт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа билээ.
ОФФШОР ДАНСТАЙ “АНХ”-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын оффшор данс ил болсон нь өнгөрч буй 2020 оны дуулиант үйл явдлын нэг байв. Х.Баттулга 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр оффшорчидтой хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлж байсан. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч болсныхоо дараа улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдэнтэй хамаарал бүхий этгээдүүдийг оффшор дансан дахь мөнгөн хөрөнгөө 49 хоногийн дотор татахыг уриалж, "Татвар болон хууль хяналтын байгууллагаас нуусан мөнгөө заасан хугацаанд Монголын банкууд руу оруулж ирэхгүй бол хөрөнгө мөнгө болон эзэмшигчдийг илчилж, хариуцлага хүлээлгэнэ” хэмээн мэдэгдэж байсан билээ.
Тэрбээр оффшор бүс дэх хөрөнгийг татах ажлыг санаачилж, 2017 оны арваннэгдүгээр сард “ОФФШОР БҮСЭД БАЙРШСАН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ БОЛОМЖУУД” сэдвээр сургалт хүртэл зохион байгуулж байв. Түүнчлэн УИХ-аас Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр баталж, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай зэрэг бие даасан хуулиудыг баталж, Эрүүгийн болон Иргэний хууль, Татварын тухай хуулиудад албан тушаалын гэмт хэрэг, татварын гэмт хэрэг, үндэслэлгүй хөрөнгөжихөөс урьдчилан сэргийлэх заалт оруулж, хэрэв ингэж хөрөнгөжсөн бол хөрөнгийг хурааж авдаг заалтыг Эрүүгийн хуульд оруулсан нь хууль эрхзүйн хувьд оффшор бүс дэх хөрөнгийг татах боломж нээгдсэн гэж мэдэгдэж байсан юм.
Тиймдээ ч оффшороос мөнгө оруулж ирэх ажлын хүрээнд хуулийн байгууллагуудаас үр дүн нэхэмжилнэ гэдгээ ч анхааруулж байсан билээ.
Тэгвэл энэ удаад түүний өөрийнх нь оффшор данс илэрсэн нь 2020 оны халуун сэдвийн нэг болж байна. Түүний оффшор бүсэд байгуулсан “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн мэдээллийг өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл ил болгосон юм. Монгол Улсын хуулиар оффшор бүс гэж тодорхойлсон Сингапур улсад бүртгэлтэй “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн 50 хувийг Х.Баттулга өөрийн охин Баттулгын Намуун, үлдсэн 50 хувийг Сингапурын иргэн Билли Лим өөрийн хүү Деннис Лимээр дамжуулан эзэмшдэг нь баримтаар ил болоод байгаа юм. Өнөөдрийг хүртэл тус компанийн захирлаар Баттулгын Намуун, Деннис Лим нар ажиллаж байгаа ба энэхүү компанид Х.Баттулга нэг сая ам.долларын хөрөнгө оруулсан гэх мэдээлэл бий. Ямартай ч монголчууд бид оффшор данстай “анхны" Ерөнхийлөгчийнхөө мэндчилгээг сонсож, шинэ оноо угтахаар болж байна.
ШИНЭ ТОМИЛГОО
Өнгөрч буй 2020 онд хууль, эрх зүйн салбарт сайдаас нь эхлээд хууль сахиулах хэд хэдэн байгууллагын удирдлага шинээр томилогдсон. Шинэ засгийн газар бүрэлдэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатарыг томилоод байгаа билээ.
Түүнчлэн Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар Бригадын генерал Г.Сайханбаяр томилогдон ажиллаж байна.
Салбарын сайд нараас гадна хууль сахиулах чиг үүрэг бүхий томоохон байгууллагуудын удирдлага өөрчлөгдсөн байна.
Тухайлбал, Тагнуулын ерөнхий газрын даргаар цэргийн хурандаа П.Одонбаатар, Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус газрын Дэд даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Ж.Болд, Онцгой байдлын ерөнхий газрын даргаар бригадын генерал Г.Ариунбуян, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Д.Загджав нар шинээр томилогджээ.
ШҮҮХИЙН “МАШИН” АЖИЛЛАЖ, ЦАГААН ЗАХТНУУД ЯЛ СОНСЛОО
Нэгэн цагт Засгийн газрыг тэргүүлж, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат нараас гадна Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Болор, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр болон өнгөрсөн парламентад УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүн асан Да.Ганболд нарт шүүхээс ял оноосон нь хууль, шүүхийн салбарт өрнөсөн анхаарал татсан шийдвэрүүд байлаа.
Тухайлбал, анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баярт таван жил, Ж.Эрдэнэбатад зургаан жил, М.Энхсайханд 4.6 жил, Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноосон билээ. Тэд эхнээсээ давж заалдаж, заримынх нь ялыг хөнгөрүүлээд байна. Түүнчлэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт тус бүр гурван жилийн ял оноосон ч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа билээ.
Үүнээс хамгийн их анхаарал татаж байгаа нь өнгөрсөн парламентад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан долоон хүн шүүхээс ял сонссон явдал юм. Тэдний зургаа нь МАН-аас сонгогдож байсан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Д.Гантулга, Г.Солтан нар бол үлдсэн нэг нь АН-аас сонгогдож байсан Д.Эрдэнэбат юм. Тэднийг шүүхээс гэм буруутайд тооцож, үйлдсэн хэргээс нь шалтгаалж 2-6 жилийн хорих ял оноосон. Харин давж заалдах шатны шүүхээс тэдний заримынх нь ялыг хэвээр үлдээсэн бол заримынх нь ялыг багасгасан байдаг.
Түүнчлэн шүүхийн практикт ховор тохиолдох нэгэн үйл явдал болсон нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан бусдыг эрүүдэн шүүсэн гэх хэргээр ял авсан явдал байв. Шүүхээс Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын газрын орлогч асан Г.Эрдэнэбат нарт тус бүр гурван жилийн ял оноосон юм.
Тэднийг С.Зориг агсны амь насыг хохироосон хэргээр гурван шатны шүүхээс ял аваад буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэм буруутайд тооцсон байдаг. Гэвч Б.Хурц нар давж заалдах шатны шүүхэд хандсанаар түүний хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцааж, Б.Хурцыг батлан даалтад гаргаад байгаа юм.
ДУУЛИАНТ ХЭРЭГ - ГУДАМЖНААС ОЛДСОН "ЦОГЦОС"
Өнгөрсөн онд цагаан захтнуудын хэргээс гадна нийгмийг цочроосон онц ноцтой хэргүүд олноор гарчээ. Эдгээрийн заримаас дурьдвал, эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэн нэг настай охин осгож нас барсан харамсалтай явдал болж байв. Аравдугаар сарын 29-ний өдөр гэр бүлийн хүмүүс хүүхдээ дагуулан найзындаа очиж, архидан согтуурч, унтсан хойгуур нь алхаж ч сураагүй бяцхан охин, гудамжинд осгож, нас барсан байдаг.
Гудамжнаас олдсон хүүхдийн цогцос ганцхан үүгээр дуусахгүй. Эхээс төрмөгц хогийн саванд хаягдсан, уут саванд хийж гудамжинд орхисон нярай хүүхдийн цогцсын тоо арав хэдийн давсан харамсалтай тоо баримт бий.
Түүнчлэн хичээлдээ явахаар гараад сураггүй болоод байсан өсвөр насны охины мөчилсөн цогцос гудамжнаас олдсон аймшигт хэрэг гарч байв. Охин гэрээсээ гараад гурван долоо хоног сураггүй болоод байжээ. Гэтэл төрсөн ах нь дүүгээ хөнөөн, цогцсыг мөчилж, шуудайнд хийж хаясан болохыг албаныхан тогтоосон. Гэмт хэрэгтэн дүүгээ онц хэрцгийгээр хөнөөх болсон шалтгаанаа тайлбарлахдаа "Хэрүүл хийхээс залхсан" гэж мэдүүлсэн байдаг.
Мөн гэр бүлийн маргааны улмаас эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн хэргүүд ч гарч байж. Арваннэгдүгээр сарын 19-ний өдөр 25 настай эмэгтэй нөхрийнхөө гарт амиа алджээ. Энэ хэрэг Сүхбаатар аймагт гарсан бөгөөд талийгаач эмэгтэйн нөхөр согтуурсан үедээ түүнийг найман удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн байдаг.
Дээрх хэрэг гарснаас арав хоногийн дараа Булган аймгийн Хишиг-Өндөр суманд мөн л гэр бүлийн маргааны улмаас эхнэр нь нөхрөө буудаж, амь насыг нь хохироосон хэрэг гарлаа. Гэмт хэрэгтэн нөхрөө толгойд нь буудсанаас гадна хөлөнд нь мөн хутгалсан болохыг албаныхан тогтоож, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 4 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59
MONGOLIIN ALDART XULGAICH,LUIVARCHID DYREEREE MON BAINA GEXDEE OLON XULGAICHUUDIIN ZURAG TAVIGDAAGYI BAINA
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59
Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛ БУЗАР ҮЙЛСТНҮҮДИЙ ЭСРЭГ ШУДАРГААР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ...