Байдены тангараг өргөх ёслол хязгаарлагдмал хүрээнд болно

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 04

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жозеф Байдены тангараг өргөх ёслолыг хязгаарлагдмал хүрээнд, халдвар хамгааллын дэг журмыг баримтлан зохион байгуулна гэж Конгрессын хоёр танхимын хамтарсан хороо мэдэгджээ.

Коронавирусний цар тахалтай холбогдуулан зохион байгуулагчид уламжлалт жагсаалаас татгалзахаар болжээ. Үүний оронд телевизүүд хөгжимчид, бүжигчид болон урлагийн төлөөлөл оролцсон цахим жагсаалыг дамжуулах гэнэ. 

Тангараг өргөсний дараа Жо Байден болон дэд ерөнхийлөгч Камала Харрис нар Капитолийн гүвээнээс уламжлалт цэргийн сүрт жагсаалыг үзэх аж. Жагсаалд АНУ-ын Зэвсэгт хүчний бүх цэргийн анги нэгтгэлийн төлөөлөл оролцох ба халдвар хамгааллын хэв журмыг чанд сахих гэнэ. Үүний дараа цэргүүд Байденыг Цагаан ордон руу дагалдана.

Тангараг өргөх ёслолыг хариуцсан хамтарсан хороо уг ёслолд оролцох урилгын тоог эрс цөөлсөн бөгөөд энэ удаад 117 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Конгрессын гишүүдийг урьжээ. Үүнээс гадна арга хэмжээг сурвалжлах сурвалжлагчдын тоог мөн цөөлсөн байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-нд болов. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Доналд Трамп 74.2 сая санал, Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден 81.2 сая санал авчээ. АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ сарын 20-нд болох юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top