АНУ-ын Конгрессын Сенат болон Төлөөлөгчдийн танхим нэгдүгээр сарын 6-нд хамтран хуралдаж, 2024 оны арваннэгдүгээр сарын 5-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батална гэж Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.
Энэ сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп ялалт байгуулсан бөгөөд сонгуулийн дүнг батламжлах үйл явц ямар нэгэн эсэргүүцлийн ажиллагаа, үймээнгүйгээр, ёслол төгөлдөр болж өнгөрнө хэмээн Америкийн хэвлэлүүд тэмдэглэжээ. Конгрессын хуралдааныг АНУ-ын Үндсэн хуулийн дагуу Сенатын дарга байдаг дэд ерөнхийлөгч Камала Харрис даргалан явуулах аж. Жо Байден болон Доналд Трамп уг хуралдаанд оролцохгүй юм.
Бүх муж улс болон нийслэлийн Колумби тойргийн сонгогчдын зөвлөлийн гишүүд 2024 оны арванхоёрдугаар сарын 17-нд Доналд Трампад 312 санал, Камала Харрист 226 санал өгсөн юм.
АНУ-ын төрийн тэргүүнээр сонгогдоход сонгогчдын төлөөлөгчдийн 270 санал авах шаардлагатай байдаг. Конгрессын энэ хуралдаанаар сонгуулийн дүнг эцэслэн батлах юм.
Сэтгэгдэл ( 0 )