АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын байр Нью Хэмпшир мужийн Диксвилл Нотч сууринд хамгийн түрүүнд нээгдэж, хэдийн хаагдаад байна. Тус сууринд хоёр нэр дэвшигч тэнцүү санал авсан тухай CNN мэдээлжээ.
Диксвилл Нотч бяцхан сууринд Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп нар тус бүс гурван санал "халаасалж", ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг албан ёсоор эхлүүллээ гэж тус агентлаг дамжуулав.
Хотын статусгүй Диксвилл Нотч суурин нь Нью Хэмпшир мужийн хойд хэсэгт Канадтай залгаа хил орчим байрладаг. Энэхүү суурин нь 1960 оноос хойш ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах байр хамгийн түрүүнд нээгдэж, санал хураалт дууссан даруйддаа хаагддагаараа алдаршжээ. Тэнд саналын хуудсыг тэр даруй тоолж, үр дүнг зарладаг тул сэтгүүлчдийн анхаарлыг татдаг.
Энэ жил тус тосгоны хүн ам болох зургаан хүн саналаа өгчээ. Дөрөв нь бүгд найрамдахчуудыг дэмждэг бол хоёр нь хараат бус сонгогчид.
Түүнчлэн, нийт 82.7 сая хүн урьдчилсан байдлаар саналаа өгчээ. Тэднээс 44.9 сая нь санал хураах байранд биеэр ирж, саналаа өгсөн бол 37.8 сая нь шуудангаар саналын хуудсаа илгээжээ. Нийт 67.3 сая сонгогч шуудангаар саналын хуудсаа илгээх хүсэлт тавьсан байна.
АНУ-ын өмнөх ерөнхийлөгчийн сонгууль шуудангаар хүлээн авсан саналын хуудасны тоогоор дээд амжилт тогтоосон билээ. Шалтгаан нь ковидын цар тахал. 2020 оны сонгуулиар нийт 101 сая хүн саналын хуудсаа шуудангаар илгээж байжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн Конгрессын Сенатын танхимын гуравны нэгийг мөн сонгох юм.
Сэтгэгдэл ( 1 )
Израйльчуудад нааштай ханддаг нэгэн нь ерөнхийлөгч болно.