“Gobi challenge-2020” реалити шоуны ХОЁР ДАХЬ дугаар бэлэн боллоо

М.Хангал | Zindaa.mn
2021 оны 01 сарын 14

Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлах “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал цуврал нэвтрүүлгийн хоёр дахь дугаар ирэх бямба /2021.01.16/ гарагийн 20:30 цагаас “ТВ8” телевизээр үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо. Долоо хоног бүрийн бямба гарагт зөвхөн “ТВ8” телевизээр цацагдах энэхүү реалити шоу нь Монголын үндэсний шинэ, шилдэг контентоор нэрлэгдэж байгаа юм.


Үзэгчдийн дунд хүлээлт үүсгэж буй “Gobi challenge-2020” төслийг "Эрхэт Монгол” медиа групп, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан бөгөөд телевизийн 10 цуврал нэвтрүүлэг гарах юм байна. Мөн нэвтрүүлгийг “Чингис” олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад орчуулан Монголын говийн байгаль, өвлийн тэмээн аяллыг сурталчлахаар төлөвлөсөн байна.

“Gobi challenge-2020” реалити шоуны эхний дугаарыг БҮТЭН ҮЗЭХ
 


“Gobi challenge-2020” тэмээн аялалд нийгмийн салбарын бүрийн төлөөлөл 10 оролцогч нэгдэн Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар 18 өдрийн турш 650 км аялсан билээ.  

Харин “Gobi challenge-2020” реалити шоуны эхний дугаарт оролцогчид тэмээтэйгээ танилцаж, Өмнөговь аймгийн Ноён сумын төвөөс байгалийн өвөрмөц тогтоц бүхий Толь хад, Сайн сарын хөндий хүртэл аяласан. Аяллын эхэнд нэг оролцогч тэмээнээс ойчсон нь дөнгөж тэмээ унаж сурч байгаа оролцогчдын сэтгэлийг түгшүүрт автуулсан байдаг.

Тэгвэл “Gobi challenge-2020” реалити шоуны хоёр дахь дугаараас оролцогчдыг илүү туршлагатай тэмээчид болсныг харж болно. Тэмээтэй аялагчид Сайн сарын хөндийгөөс Маарамбын сайр хүртэл Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс сумдын үзэсгэлэнт байгалиар аялж, говь нутгийн зон олны тэмээн жин тосох зочломтгой зангийн сайхныг мэдэрнэ. Энэ дугаарт ч мөн оролцогчдын нэг нь тэмээнээсээ ойчиж, Гурвантэс сумын эмнэлэгт хүргэгдсэн нь аяллын явцад нөлөөлөхөд хүрдэг. Улмаар зохион байгуулагчдын зүгээс аяллын маршрут болон аялах хоногт өөрчлөлт оруулсан тухай ирэх бямба /2021.01.16/ гарагийн 20:30 цагаас“ТВ8” телевизээр гарах “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал цуврал нэвтрүүлгийн хоёр дахь дугаараас үзээрэй.   


“Gobi challenge-2020” реалити шоуны хоёр дахь дугаарын ТАНИЛЦУУЛГА ВИДЕО ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(139.5.219.206) 2021 оны 01 сарын 14

Онцгүй юм байна лээ

0  |  0
Зочин (66.181.190.202) 2021 оны 01 сарын 14

Шулганасан яриатай юмаа.юу ч ойлгохгүй байсан.

0  |  0
Top