Зандан хүлэгтнүүд цагаан олимпийн төлөө Европыг зорив

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 16

"Бээжин-2022" өвлийн олимпийн эрхийн төлөө өрсөлдөх Монголын цанын шигшээ баг дасгалжуулагч, ОУХМ Бямбаагийн Энх-Амгалангийн удирдлагаар Финланд улсыг зорив.

Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс Батмөнхийн Ачбадрах, Дашдондогийн Мөнхгэрэл, Отгонлхагвын Золбаяр, Баярсайханы Ганбаяр, эмэгтэйчүүдээс Ариунсанаагийн Энхтуул, Барснямын Номин-Эрдэнэ, Болорцэцэгийн Номуунаа  нар багтсан бөгөөд тэд эхлээд Финландын Вуокатти цанын баазад бэлтгэлээ ханган, Олон улсын цанын холбоо( FIS)-ны олимпийн оноо олгох албан ёсны гурван уралдаанд хурд сорьсны дараа II сарын 24-нд Германы Оберсхдорф хотноо эхлэх дэлхийн аварга шалгаруулах 42 дахь удаагийн тэмцээнд оролцоно.

Монголын гүйлтийн  цаначид Инсбрук-1962 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны гараагаа эхэлж, хоёр жилийн дараа Инсбрук-1964 олимпын наадамд уралдсанаас хойш 12 удаагийн цагаан олимпод оролцсон түүхтэй. Монголын цанын холбоо нь 1958 онд байгуулагдсан бөгөөд Ерөнхийлөгчөөр Р.Хатан, Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Гэрэлт-Од нар ажилладаг юм. Дашрамд дурьдахад, цанын шигшээ багийн 3 тамирчин ОУОХ-ны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top