ЖДҮ-гээс давж хөгжих хөшүүрэг ба Өмнөд Солонгосын ЖИШИГ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 25

Цар тахлын давалгаанаас эдийн засгаа, иргэдийн амьжиргаагаа хамгаалахын тулд БНСУ хэрхэн яаж ЖДҮ эрхлэгчдэдээ санхүүгийн дэмжлэг үзүүлж, эрх баригчид нь хэчнээн их анхаарал тавьж байгааг дэлхий нийтээрээ харж буй билээ. Үүнд гайхаад байх юм үгүй л дээ. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад гол нөлөөтэй салбар бол ЖДҮ.

 

Энэ салбарын гол зорилго нь Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь биш хүн амын  хэдэн хувийг ажлын байраар хангаж байна вэ гэдэгт чиглэдэг.  Тиймээс ч гаднын улс орнууд ЖДҮ-гээ хайрлаад, хамгаалаад байгаа хэрэг.

Хятад, Япон, БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн 90 гаруй хувь нь ЖДҮ эрхлэгчид байдаг бол манай тухайд 77 хувь гэх тоо бий. 2019 онд батлагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд энэ үзүүлэлт 90 гаруй хувь руу буюу  олон улсын жишиг рүү очно гэсэн хүлээлт байгаа юм.

ЖДҮ хөгжсөн улс орнуудын жишгийг харахад уг салбарыг хариуцсан агентлаг бүр яамны бүтэцтэй байдаг талаар бид олон жил ярьсан. Манай тухайд өнгөрсөн жилээс эхлэн агентлагийн түвшинд ЖДҮ салбараа зохицуулахаар болсон билээ.

Салбарыг тухайлан хариуцсан агентлагийн үйл ажиллагаатай холбоотой сүүлийн мэдээллийг харахад ХХААХҮЯ болон Жижиг, дунд үйлдвэрийн газар БНСУ-ын Жижиг, Дунд Үйлдвэр, Гарааны Бизнесийн Яамтай ЖДҮ, гарааны бизнес, хоршооллыг хөгжүүлэх чиглэлд  хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулжээ.

Талууд цаашид хамтран салбар дундын зохицуулалтыг ханган ажиллаж, төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулж, хоёр орны жижиг, дунд үйлдвэрүүд болон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахад түлхүү анхаарна гэж ХХААХҮ-ийн сайд хэлж  байна.

Тэгэхээр ЖДҮ-г жишиг болгон хөгжүүлсэн БНСУ-ын талтай манайх хамтран ажиллах гэж буй нь таатай мэдээ юм. Түүнчлэн БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр болон гарааны бизнесийн яамны бүтэц, үйл ажиллагаанаас суралцах, туршлагажих зүйл олон байгааг дурдахад илүүдэхгүй байх.

БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам ЖДҮ-ийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, инновацад дэмжлэг үзүүлэх зорилготой.

 

Дараах гурван чиглэлийн хүрээнд бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангадаг

 

 Бизнесийн өсөлтийг дэмжих

 

  • Аливаа улсын бизнесийн өсөлт, хөгжил нь үндэсний эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлж байдаг. Иймээс бизнесийг гарааны үеэс ЖДҮ болох, ЖДҮ-ээс олон улсын компани болтол хөгжлийн бүхий л үе шатыг дэмжих төрөл бүрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлдэг.

 

 Гарааны бизнест дэмжлэг үзүүлэх

 

  • Технологи, мэдлэгт суурилсан старт-ап нь бизнесийн эко системд шинэ санаа санаачилга, эрч хүчийг өгч байдаг. Иймээс шинэ санааг бизнес болоход дэмжлэг үзүүлдэг. Мөн хөрөнгө оруулалт, цуглуулалт, дахин хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх бизнесийн санхүүжилтийн жигд циклийг бий болгон ажилладаг.

 

Бичил бизнесийг дэмжих

 

  • Дотоодын эдийн засгийн чухал суурь болох бичил бизнесүүдийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор бизнесийн амжилттай эхлэл, эрүүл өсөлтийг дэмжих бодлогуудыг хэрэгжүүлдэг.

 

БНСУ-ын ЖДҮ салбарыг хариуцсан яамны бодлогын зорилтот хэсэг нь Бичил бизнес болон ЖДҮ юм. Энэ хоёр төрөл нь БНСУ-ын нийт хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн 99.9%-ийг бүрдүүлдэг.

Яамны харьяа дараах байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг аж. Эдгээр байгууллага болон яам нь Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ЖДҮ-ийн талаарх  бодлогыг хэрэгжүүлэх мэргэжлийн сүлжээ болон өргөжин,  хөгжжээ.

 

  • Өмнөд Солонгосын Жижиг Бизнесийн Институт (KOSBI) нь ЖДҮ-ийн тогтвортой хөгжлийг дэмждэг судалгааны байгууллага.

 

  • Өмнөд Солонгосын Венчур Хөрөнгө Оруулалтын Корпораци (KVIC) нь венчур капитал зах зээлийн тогтвортой хөрөнгийн эх үүсвэрийг хангаж, ЖДҮ ба венчур компаниудын өсөлтийг дэмждэг.

 

  • Өмнөд Солонгосын Стартап ба Бизнес Эрхлэлтийн Институт (KISED) нь гарааны бизнесийн сургалт зохион байгуулах; ирээдүйн бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх; статистик, судалгаа хийх, бодлого боловсруулах; хөрөнгө оруулалт хийх; хүний нөөц, маркетингийн дэмжлэг үзүүлэх замаар ирээдүйтэй гарааны бизнесүүдийг дэмжин ажилладаг.

 

  • Жижиг Үйлдвэр, Маркетингийн Үйлчилгээ (SEMAS) нь бичил үйлдвэрийн бизнесийн тогтвортой орчинг хангах зорилгоор бизнес эрхлэгчдэд зориулсан хоёр их наяд вонын Зах Зээлийг Дэмжих Санг удирддаг бөгөөд бичил бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөөний үйлчилгээ үзүүлдэг.

 

  • Олон Нийтийн Гэр Дэлгүүрийн Үйлчилгээ (Gongyoung Homeshopping) нь БЖДҮ эрхлэгчдийн борлуулалтын сүлжээг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан цорын ганц төрийн өмчит худалдааны онлайн дэлгүүр юм.

 

  • Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Бизнесийн Төв (DEBC) нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес эрхлэлтийг дэмжих замаар тэдгээр иргэдийн эдийн засаг, нийгмийн байдлыг дээшлүүлдэг.

 

  • Өмнөд Солонгосын Технологийн Санхүүгийн Корпораци (KIBO) нь инновацлаг ЖДҮ эрхлэгчдэд технологийн санхүүжилт болон барьцаа хөрөнгийн дутагдалтай ч өрсөлдөхүйц технологитой ЖДҮ-д зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлдэг.

 

  • Жижиг Бизнесийн Дистрибьюшн Төв (SBDC) нь томоохон их дэлгүүр болон гэр дэлгүүрүүдийн төсөлтэй ЖДҮ эрхлэгчдийг холбох, маркетинг, онлайн бизнесийн дэмжлэг үзүүлэх зэргээр ЖДҮ эрхлэгчдийн зах зээлийг өргөтгөж, борлуулалтын шинэ сувгуудыг олоход тусалдаг.

 

  • Өмнөд Солонгосын ЖДҮ-ийн Мэдээлэл, Технологийн Хөгжлийн Агентлаг (TIPA) нь ЖДҮ технологийн шинэчлэл, үр ашигтай удирдлагыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэх, технологийн шинэчлэлийн бодлогын судалгаа хийх, холбогдох урт хугацааны төлөвлөгөө боловсруулах зорилготой тусгай байгууллага юм.

 

  • Өмнөд Солонгосын ЖДҮ ба Гарааны Бизнесийн Агентлаг (KOSME) нь ЖДҮ эрхлэгчид үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бизнесийн бүтцээ шинэчлэн өөрчлөх зэрэгт санхүүжилт олгодог бөгөөд дэлхийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг багтаасан зөвлөх, сургалтын хөтөлбөрүүдийг мөн хэрэгжүүлдэг.

 

  • Өмнөд Солонгосын Зээлийн Батлан Даалтын Сангуудын Холбоо (KOREG) нь зээлийн батлан даалтын салбарын эрүүл, тогтвортой өсөлтийг дэмжин ажилладаг.

 

Тэгэхээр БНСУ уг салбараа тогтвортой хөгжлийн хөшүүрэг гэж харж, бодлогоо тодорхойлж, гол нь хэрэгжүүлж чадсаны үндэс тулгуур нь хэрэгжүүлэгч бүтцээ зөв шийдсэнд байна. Тэгж чадсан учраас ЖДҮ-ийн хөгжил нь тус улсын эдийн засгийг улам бүр тэлж буй юм.

ЖДҮ-ийн салбар эдийн засагт нөлөөллөө нэмэгдүүлэх нь шударга өрсөлдөөнийг бий болгох, эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх сайн талтай гэдгийг эдийн засагчид хэлдэг. Монголын эдийн засагт тулгамдаад буй БҮТЭЦ тэлэх асуудлын чухал шийдэл нь ЖДҮ-ийн “эрүүл” хийгээд тогтвортой өсөлт юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦЭНДЭЭ(59.153.86.69) 2021 оны 02 сарын 06

Г

0  |  1
Alia(66.181.161.53) 2021 оны 02 сарын 01

Жижиг үйлдвэр, Дунд үйлдвэрээ яалгаж томьолж чаддагүй л төр дөө! ЖДҮ гэж шаана тэр бум 500 мянгаас дээш орлоготой 150 с дээш ажилтантай байх ёстой гэж хуцаж монопол компаниудыг дэмжинэ. Наадхаа аварга үйлдвэр гэж нэрлээд никэл гамба, Маяара зэрэг компаниудыг бичил бизнэсс гэж шаагаад дэмжихгүй. Энэ янзаараа монгол солонгосын түүхий эдийн бааз болоод дуусна

1  |  1
Top