Токицүказэ дэвжээг Магаки ояката авна

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 12

Нэгдүгээр сарын тэмцээний үеэр бөхчүүд, ояката нарыг хэрэгцээгүй үед гадагш гарахыг Сүмо бөхийн холбооноос хориглосон байсан билээ. Ийм хатуу шийдвэр гаргаж байж, холбоо Спорт, Эрүүл мэндийн газраас тэмцээн зохион байгуулах зөвшөөрөл авсан юм. Бүгд ариун цэврийн дэглэмийг мөрдөн, нэг ч халдварын тохиолдол гараагүй хэмээн баярлаж байсан нь саяхан.

Гэтэл ганц хүн энэ журмыг зөрчсөн нь шар хэвлэлийн мөрдлөгөөр илрэн гарсан юм. Токицүказэ ояката тэмцээний үеэр Минато дүүргийн мажон тоглоомын газарт тав хоног дараалан тоглосон байна.

Мөн шөнийн цэнгээний газарт хэд хэдэн удаа очсоныг сэтгүүлчид мөрдсөн байлаа. Өнгөрсөн намар тэрээр мөн Холбооноос тавьсан хоригийг зөрчиж, шийтгүүлсэн. Токицүказэ ояката тэр үед Мияги мужид аялан, гольф тоглож, дараа нь Фүкүока мужид очсон нь баригдаж байлаа. Сүмо бөхийн холбоо түүнийг оякатагийн зиндааг нь 2 шат бууруулсан. Токицүказэ 2010 онд бейсболын тэмцээнд бооцоо тавьсан хэргээр мөн ийм шийтгэл хүлээж байсныг хэлэх хэрэгтэй.

Байнга давтан дүрэм журам зөрчиж байгаа оякатаг шийтгэх нь зүйн хэрэг. Сүмо бөхийн холбооноос энэ сарын 22-нд болох Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан дээр Токицүказэд ямар шийтгэл оноохоо шийднэ гэж зарласан ч Токицүказэ холбооноос гарахаар хэдийн шийдээд байгаа гэнэ. Түүний дэвжээг туслах ояката Магаки авахаар тохиролцоонд хүрсэн байна. Магаки бол цагтаа маэгаширагийн тэргүүн бөх байсан Тосаютака. 2016 онд зодог тайлаад тус дэвжээнд туслах оякатагаар ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top