АНУ-д хүчтэй цасан шуурганы улмаас 3 сая хүн цахилгаангүй болжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 16

 

АНУ-д урьд өмнө үзэгдэж байгаагүй хүчтэй цасан шуурга тус улсын 25 мужид үргэлжилж байна гэж АНУ-ын Цаг уурын үндэсний алба мэдээлж байна.

Байгалийн гамшигт Техас муж хамгийн хүчтэй өртсөн ба тус мужид 2.8 сая хүн цахилгаангүй байна. Цахилгаан хангамж тасалдсаны улмаас олон мянган вакцин хэрэглээнээс гарах эрсдэл тулгараад байна гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Үүнтэй зэрэгцэн, Орегон, Миссисипи, Оклахома, Миссури, Арканзас зэрэг мужид олон зуун мянган хэрэглэгч мөн цахилгаангүй болоод байгаа аж. Хэт хүйтэрсний улмаас өмнөд мужуудын дулаалгагүй усны хоолойнууд хагарах тохиолдлууд гарч байна.

Ойрын өдрүүдэд агаарын температур буурч, улам хүйтрэх төлөвтэй байна гэж цаг уурчид сэрэмжлүүлж байна. АНУ-ын 24 мужид агаарын температур түүхэн доод хэмжээнд хүрээд байгаа гэнэ.

Техас, Оклахома, Арканзас мужийн амбан захирагчид зам цэвэрлэх, орон гэргүй хүмүүст тусламж үзүүлэх зорилгоор Үндэсний гвардийг дайчлах захирамж гаргаад байна. Зарим хотуудад нийтийн тээврийг хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа бол ард иргэдийг автомашинаар зорчихгүй байх зөвлөмжийг өгч байна.

Байгалийн аюулт үзэгдлийн улмаас долоон мужид онц байдал тогтоогоод байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top