Япон улс Токиогийн Олимпын их наадмыг гаднын үзэгчгүй явуулах шийдвэрийн улмаас 150 тэрбум иен буюу 1.37 тэрбум ам.доллар алдах тооцоог "Номүра" судалгааны хүрээлэнгийн эдийн засагчид гаргажээ.
Тэд энэхүү тооцооллыг дотоодын зах зээл болон цар тахал дэгдэхээс өмнө тогтоосон гаднын жуулчдын хэрэглээний түвшин дээр үндэслэн гаргасан байна. Хамгийн их хохирлыг зочид буудал, ресторанууд амсах гэнэ. Олимпыг зохион байгуулагчид дотоодын үзэгчдийн тоог хязгаарлавал нэмэлт алдагдал хүлээх төлөвтэй байна гэж эдийн засагчид дүгнэжээ. Хугацааг хойшлуулсан болон коронавирусний эсрэг арга хэмжээтэй холбогдуулан Олимпыг зохион байгуулах зардал өсөж, 1.64 их наяд иен буюу 15.9 тэрбум ам.долларт хүрчээ.
Өнгөрсөн бямба гарагт “Токио-2020” наадмыг зохион байгуулагчид Олон улсын Олимпын хороо болон Олон улсын Паралимпын хороотой гаднын үзэгчийг Олимпын их наадам оруулахгүй байх шийдвэрийг зөвшилцсөн билээ. Урьдчилан захиалсан тасалбарын үнийг эргүүлэн төлөх гэнэ. Өнгөрсөн хугацаанд Олимпын нийт 4.4 сая, Паралимпын 970 мянга орчим тасалбар борлогдоод байгаагаас нэг сая тасалбарыг гаднын үзэгчид захиалан авчээ.
Токиогийн Олимп энэ оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд болно.
Сэтгэгдэл ( 0 )