Шведийн Стокгольмд болж байгаа уран гулгалтын ДАШт-ий эрэгтэйчүүдийн бэлтгэл энэ сарын 21-нд эхэлсэн ч Японы Юзүрү Ханю байгаагүй. Тэр Шведэд хоцорч ирсэн бөгөөд хоёр дахь өдрийн бэлтгэлийн дараа Японы СпоНичи сонинд онлайн ярилцлага өгчээ. Ханю дэлхийн аваргын гурав дахь титмийнхээ төлөө тэмцэх болно.
-Энэ жилийн уран гулгалтын улирал Ковид, цар тахлын үе гэсэн онцлогтой болж байна. Тэмцээний өмнө танд юу бодогдож байна?
-Энд ирэхийн өмнө олон юм бодогдож байсан ч одоо нэгэнт Шведэд хүрээд ирснийх гулгахаа л бодож байна. Миний хувьд ямар нэг утга учиртай тэмцээн болоосой гэж хүсэж байна.
-Өнөөдөр бэлтгэл хийлээ. Ямар сэтгэгдэлтэй байна?
-Японоос гарахын өмнө газар хөдлөлт болоод хурдны галт тэрэг явахаа больсон. Онгоцны нислэг хайж гүйгээд бага зэрэг хүндрэл гарсан. Үүнээс болоод бэлтгэлийн төлөвлөгөөнөөсөө бага зэрэг хоцорлоо. Гэхдээ өнөөдөр мөсөн дээр гарч гулгаад, дасан зохицож чадлаа, бэлтгэл сайхан боллоо гэж бодож байгаа.
-Бэлтгэл дээрх дөрөв эргэлттэй үсрэлт сайн боллоо шүү.
-Эхлээд хэт улайран үсрээд байснаа дараа нь өөрийгөө хянаж чадсан. Энд дасгалжуулагч Брайан Орсер, Трейси Уилсон нар хамт байгаа болохоор тэдний зөвлөгөөг авч, хэмнэлээ барьж чадлаа.
-Дасгалжуулгчтайгаа удаан уулзаагүй биз дээ?
-Удсан шүү. Бэлтгэл дээр юу хийх, маргааш яах вэ гээд л олон юм ярилцсан.
-Дасгалжуулагч хамт байх, байхгүй гэдэг нь их ялгаатай биз?
-12 дугаар сард болсон УАШТ-ий үеэр өөрөө бүх юмаа хийж байлаа. Харин одоо багш дэргэд байхад сэтгэл амар, түшигтэй байна.
-Цар тахлын улмаас тэмцээн маш их хориг дунд явагдаж байна. Стресст орж байна уу?
-Нэг их стресс алга. Зайгаа барих, амны хаалт зүүх, гараа ариутгах гэсэн зүйлд анхаарч байгаа. Ер нь байнга л хийдэг зүйл тул миний хувьд бусад тэмцээнээс нэг их өөрчлөгдсөн зүйл байхгүй.
-УАШТ-ээс хойш гурван сар өнгөрлөө. Улам сайжруулах хүсэлтэй ямар нэг юм байгаа юу?
-Мэдээж би сайхан үзүүлбэр үзүүлэхийг хүсэж байна. Гэхдээ Японы аваргын тэмцээн шиг гулгах сан гэсэн бодол үгүй. Энэ бол огт өөр тэмцээн. Бэлтгэл дээр хийж, давтаж ирсэн зүйлээ бүрэн гаргахын төлөө хичээнэ. Үнэнийг хэлэхэд одоо яг ийм дасгал хийх сэн, ингэж гулгах сан гэсэн бодол байхгүй байна.
-Энэ тэмцээнд тавьсан таны гол зорилго? Олимпын эрх авах уу, дэлхийн аварга болох уу, Нэтан Ченийг ялах уу?
-Олимпын эрхийн хувьд Японы эрхийг нэмэхийн тулд чадах чинээгээрээ хувь нэмэр оруулах. Одоо энэ л миний гол зорилго байна. Мэдээж үзэгчдэд үзүүштэй сайхан үзүүлбэр харуулах.
- Нэтан Чений талаар?
-Би түүнийг COVID-19-ийн талаар маш зөв, тодорхой байр суурьтай байдагт нь хүндэлдэг. Би ч гэсэн түүн шиг болгоомжтой болохыг хүсэж байна. Энэ тэмцээн бол жирийн тэмцээнээс өөр. Ер нь би өөрөө алдаагүй сайхан гулгах талаар л бодож байна.
-Та энэ тэмцээнийг Чентэй хийх тулаан гэж авч үзэхгүй байна гэсэн үг үү?
-Тиймээ. Оноо, тэмцээний үр дүнгээ харсны дараа энэ талаар бодож болох юм. Энэ удаад надад оноо, үр дүн гэсэн бодол орж ирэхгүй байна. Одоохондоо би тэмцээнээ дуусгаад Японд элдэв асуудалгүй, эсэн мэнд харихаа л бодож байна.
-Дэлхий дахин цар тахалд автаад байна.
-Тиймээ. Одоо миний чадах зүйл бол богино, чөлөөт үзүүлбэр болон үзүүлэх тоглолтоо сайн гүйцэтгэх явдал. Үүгээрээ дэлхий дахинд ямар нэг мэссэж өгч чадвал сайхан хэрэг гэж бодож байна. Үзэгчдэд миний үзүүлбэрээрээ хэлэх гэсэн санаа хүрч чадвал зорилго биелэх юм.
-Японы улсын аваргын тэмцээнд оролцсон хөтөлбөрөө өөрчилсөн үү?
-Одоогийн байдлаар өөрчлөх төлөвлөгөө байхгүй байгаа. Баярлалаа.
Сэтгэгдэл ( 1 )
Тиимээ юүзүрү дэлхийн рэкордыг олон удаа эвдсэн гайхамшигтай бахархмаар хүн мөнөөс мөн.Би түүнийг саяхан л дэмжиж бас мэдэж авсан түүний бүх үзүүлбэрийг үзсэн үнэхээр гайхалтай.Түүнийг царайлаг гэхээс гадна хамгийн түрүүнд юүзүрүгийн онцлог юм. Юүзүрү уйлж шантарсанч инээгээд босоод ирж байгаан намайг ч бас хурцалж байна.Мөн их юм бичмээр л байна ххэ.асуулт асуувал дургүйцэхгүй биздээ?