Ойдий Отгонбаатар
Уран гулгалтын ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүд болон бүжгийн хосууд өрсөлдөөнөө эхлүүлнэ. Эрчүүдийн тэмцээний гол асуулт: “Quad king” Нэйтан Чен, Олимп, дэлхийн хошой аварга Юзүрү Ханю хоёрын хэн нь түрүүлэх вэ?
21 настай Америк залуу гурван жилийн өмнө Пьёнчанд богино үзүүлбэрээ балласнаар медаль авах магадлалаа тэглэсэн, тиймээс ч чөлөөт үзүүлбэртээ биеэ барилгүй гайхалтай 6(!!!) дөрвөлсөн үсрэлтийг амжилттай гүйцэтгэж, тэр жил түрүүлсэн Ханьюгийн гол өрсөлдөгч байх болно гэдэгээ зарласан. Акселиас бусад бүх үсрэлт дээр дөрөв эргэдэг Н.Чен Олимпоос хойш оролцсон бүх 12 тэмцээндээ (тэр дунд 2018, 2019 оны ДАШТ) түрүүлэхдээ байж болох онооны бүх дээд амжилтыг шинэчилж, Японы супер одтой хоёр удаа халз тулахдаа хоёуланд нь ялсан. Гэхдээ сүүлийн хоёр жил Ханью бэртэл гэмтлээс салаагүйг энэ дашрамд дурдах нь зүйтэй. 26 настай Наран улсын уран гулгагч техник тал дээр залуу өрсөлдөгчөөсөө бага зэрэг дутуу байж болох ч саяхан улсынхаа АШТ дээр гурван өөр куад бүхий төгс гулгалт үзүүлсэн. Чений эсрэг Ханьюгийн давуу талууд бол эмэгтэйчүүд хүртэл тэр бүр хийж чаддаггүй хамгийн хүнд хэцүү спин эргэлт, пируэтүүд мөн түүний мөсөн дээрх артистизм (жүжигчний ур чадвар, өгүүлэмж), жинэхэн утгаараа УРАН гулгалт. Дашрамд хэлэхэд: Ханю, Чен хоёрын үзүүлбэрийг нэг хүн, Канадын хореограф (бүжиг дэглээч) Шэй-Линн Бөүрн дэглэдэг юм. Дасгалжуулагчийн хувьд Японы залууг олон жил 1988 оны Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Брайан Орсер удирдаж байна. Канад мэргэжилтэн агуу Ким Ю На-г оргилд хүргэснээрээ уран гулгалтын ертөнцөд алдаршсан нэгэн. Харин Нэйтан мөн л арав гаруй жил армен гаралтай Америк дасгалжуулагч Рафаэль Арутунюнтай тогтвортой, хамгийн гол нь үр дүнтэй хамтран ажиллаж байна.
“Эрикссон Глоб Арена”-д болж буй ДАШТ-д хоёр тамирчин тус тус зургаан дөрвөлсөн үсрэлт гүйцэтгэхээр мэдүүлээд байна, тухайлбал: Н.Чен богино үзүүлбэртээ 4-тулуп (4T) ба 4-флип-3-тулуп (4Ф-3Т), чөлөөтдөө сальхов (4С), 4Ф, 4Т-3Т болон 4Т-О-3Ф, Ю.Ханю богинодоо 4С болон 4Т-3Т, чөлөөтдөө 4-риттбергер (4Р), 4С, 4Т-3Т, 4Т-3С зэргийг товложээ. Мэдээж гулгалтын явцад аль нэг үсрэлтээ солих, нэмэх зэрэг зүйл гарна. Гэхдээ эрчүүдийн мөрөөдөл болсон дөрвөлсөн аксель гэгч ультра-си элементийг бид энэ удаад харж амжихгүй нь.
Юзуру Ханью өнөө цагийн уран гулгалтын хааны титмээ булаан авч чадах уу эсвэл Нэйтан Чен ялалтын цувралаа үргэлжлүүлэх үү? Энэ асуултын тал хариултыг өнөөдөр Стгокгольм-д өрнөх эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрийн өрсөлдөөн өгөх болно.
Сэтгэгдэл ( 0 )