Ю.Цэдэнбал даргын БНХАУ-д хийсэн анхны айлчлал (1952 он)

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 28

Монгол Улс, БНХАУ-ын улс төрийн харилцааны түүх

(Цуврал нийтлэл)
 

Хятад судлаач, орчуулагч Х.Баатархүү

Намрын шаргал нарны туяа нисэх онгоцны цонхоор нэвт тусч, хөхөмдөг уулсыг ороосон хөвөн цагаан үүлсийн дундуур агаарын хүлэг жигүүрээ даялан урагш тэмүүлэх нь бахтай. 700 гаруй жилийн дараа Монголын нам, засгийн газрын тэргүүн өмнөд хөршийнхөө хилийн дээсийг даван Бээжин хотод зочлохоор алсын аянд дөрөөлсөн нь энэ байлаа. БНМАУ-ын цэргийн тээврийн зориулалттай агаарын хүлгийн зорчигчийн эхний эгнээд 40 нас хараахан хүрээгүй цэл залуухан удирдагч Ю.Цэдэнбал тэртээ доор жирэлзэн өнгөрөх гол мөрөн уулс ус хийгээд Их цагаан хэрмийг харан суутал тус удалгүй тэдний онгоц газардахад бэлэн болсныг зарлав.

Ийнхүү БНХАУ-ын Ардын Төв засгийн газрын урилгаар БНМАУ-ын Ерөнхий сайд Юмжаагийн Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын засгийн төлөөлөгчдийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал 1952 оны 09-р сарын 28-оос эхэлж байгаа нь энэ байлаа. БНМАУ-ын засгийн гарын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд:

Ерөнхий сайд Ю.Цэдэнбал,

Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад Явдлын яамны сайд Н.Лхамсүрэн,

Гэгээрлийн яамны сайд Б.Ширэндэв,

БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Жаргалсайхан,

Гадаад Явдлын яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Пүрэвжал,

Гадаад Явдлын яамны Дорнод хэлтсийн орлогч эрхлэгч Б.Дөрвөлжин нар багтсан байлаа.

БНХАУ байгуулагдсан дараа анхны гадаадын төр засгийн газрын тэргүүний айлчлалын хувьд Хятадын талаас бэлтгэл ажилд онцгой анхаарал тавьж Бээжин хотын Нан Юань нисэх буудалд угтах ёслол эхлэхэд бэлэн болжээ. Угтах ёслолд БНХАУ-ын талаас Ерөнхий сайд Жоу Эньлай , Ерөнхий сайдын орлогч Чен Юн, Гүо Мору, Дэн Сяопин, Хуан Янпэй, ХАЧА-ын Жанжин штабын дарга Не Рунжун зэрэг засгийн газрын 13 сайд оролцсон нь Ю.Цэдэнбал даргыг гүн хүндэтгэн хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны эхлэл болсон уг айлчлалын ач холбогдлыг өндөр өргөж байлаа. Уг айлчлалаас хэдхэн хоногийн өмнө буюу 9–р сарын 22 нд Жоу Эньлай Ерөнхий сайд ЗХУ-д нэг сарын хугацаатай албан ёсоор айлчлаад буцахад Москва хотын нисэх буудлаас үдэх ёслолд тухайн үед ЗХУ д айлчилж байсан Ю.Цэдэнбал дарга оролцсон бөгөөд тэдний хувьд хуучин танилын хувьд уулзаж байлаа.


Хүндэт харуул жагсаж цэргийн үлээвэр найрал хөгжим эгшиглэж, Ю.Цэдэнбал, Жоу Эньлай нар хүндэт харуулын цэрэг дайчдад хүндэтгэл үзүүлж мэндчилэн үүний дараа хоёр Ерөнхий сайд тус тус айлчлалын эхлэлд зориулан үг хэлж байсан нь гэрэл зургийн хальснаа бууж өнөөгийн бидэнд түүхийг улбаалжээ. Уг угтах ёслолд тухайн үед БНХАУ-д суугаа гадаадын элчин сайд нар болох Румыны элчин сайд Теодор Рудико, ХБНГУ-ын элчин сайд Йоханс Конинг, Унгарын элчин сайд Эммунюаль Сафронко, Болгарын элчин сайд Янко Петков, Мьянмарын элчин сайд Хла Манг, БНАСАУ-ын элчин сайд Кван О Чук, БНЧСУ-ийн элчин сайд Франстик Комзала, Польшийн элчин сайд Стансляв Кирулук , ЗСБНХУ-ын элчин сайдын үүргийг түр хамаарагч Гутев болон БНСВУ, Индонези, Пакистан зэрэг орны элчин сайдын яамдын төлөөлөл оролцов.

Тухайн үед БНХАУ-д зочилсон гадаадын хүндэт зочдыг голдуу Бээжин зочид буудалд байрлуулдаг байсан бол 9-р сарын 20-нд Жоу Эньлай Ерөнхий сайдын ажлын албанаас Хятадын ГЯЯ-д гэнэтийн шийдвэр ирэн БНХАУ-д айлчлах гэж буй анхны гадаадын засгийн газрын тэргүүн нөхөр Ю.Цэдэнбалын айлчлалыг онцгойлон авч үзэж илүү тав тухтай дээд зэрэглэлийн буудалд байрлуулах үүрэг даалгавар өгч энэ хүрээнд Дүн Шиан Мин Ган гудамжны 8 тоот барилга буюу хуучны Францын элчин сайдын яамны байранд яаралтай засвар хийх үүрэг өгөв. Асар богино хугацаанд буюу дөрөв хонгийн хугацаанд 800 гаруй ажилчны хүчээр дээд зэрэглэлийн засвар хийснээр бэлэн болж төрийн дээд зэрэглэлийн зочдыг хүлээн авдаг төрийн зочид буудал болсон юм.

БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчид 20 хоногийн хугацаанд үргэлжилсэн энэхүү анхны томоохон айлчлалын хөтөлбөрт олон дипломат арга хэмжээнд оролцсоноос доорх хоёр томоохон үйл явдлыг онцолъё. БНХАУ-ын Төв засгийн газрын дарга Мао Зэдун 09-р сарын 29-нд БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбалыг хүлээн авч уулзан хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн тухай болон олон улс бүс нутгийн хэмжээнд харилцан туслалцах талаар саналаа солилцов.

Уг уулзалтад БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогчоор томилогдоод 1 сар болж байсан Дэн Сяопин оролцсон нь түүний хувьд анхны өндөр дээд хэмжээний дипломат арга хэмжээ, төрийн уулзалт байсан тухайгаа хожим нь Дэн Сяопин дарга дурссан байдаг.

Хэлэлцээрт гарын үсэг зурах үеийн зургийн тайлбар:

БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал БНХАУ-д анх удаа албан ёсны айлчлал хийх үед «БНМАУ ба БНХАУ-ын хоорондын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр»-т Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, Жоу Эньлай нар гарын үсэг зурж байгаа нь 1952-10-04.

Зураг дээр зүүн гар талаас: БНХАУ-ын Гадаад явдлын яамны хэлтсийн дарга Чэн Зякан, БНМАУ-ын Гадаад явдлын яамны дорнод хэлтсийн орлогч эрхлэгч Б.Дөрвөлжин, БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Жаргалсайхан, Гэгээрлийн яамны сайд Б.Ширэндэв, Гадаад явдлын яамны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Пүрэвжал, Ерөнхий сайдын орлогч, Гадаад явдлын яамны сайд Н.Лхамсүрэн, БНХАУ-ын Төв Засгийн газрын дарга Мао Зэдун, орлогч дарга Ли Жишэнь, Ерөнхий нарийн бичгийн дарга Линь Боцюй, Гадаад явдлын яамны ерөнхий хэлтсийн дарга Ван Биннань, Ерөнхий сайдын орлогч Хуан Яньпэй, Дэн Сяопин, Гадаад явдлын яамны орлогч сайд Жан Ханфу нар.

09-р сарын 29-ний орой БНХАУ-ын Ардын Төв засгийн газрын Төрийн захиргааны зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай хүндэт зочин Ю.Цэдэнбалд зориулсан хүлээн авалт болж хоёр улсын төр засгийн голлох удирдлага бүгд оролцов. Мөн энэ үед Бээжин хотноо зохион байгуулагдаж буй Ази Номхон далай орнуудын энх тайвны бага хуралд оролцож буй БНМАУ-ын төлөөлөгчид Лодойдамба, Дуламжав, Цэрэндорж, Дүгэрсүрэн нар урилгаар оролцов.

Ю.Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчид 10-р сарын 01-нд БНХАУ байгуулагдсаны 3 жилийн ойн баярт оролцож Тяньанмений талбайн хүндэт индрийн голд зогсон цэргийн парадыг сонирхов. Энэ нь хамгийн анхны гадаадын газрын тэргүүний хувьд гүн хүндлэл үзүүлсэн тохиолдол байлаа. Энэ удаагийн цэргийн парадыг маршал Не Рунжун командалж, 66 блокоос бүрдсэн 11300 цэргийн албан хаагчид оролцжээ.

Айлчлалын үеийн бас нэгэн том арга хэмжээ нь 10–р сарын 04–нд «БНМАУ ба БНХАУ-ын хоорондын эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр»-ийг байгуулсан юм. Энэ нь Монгол улс БНХАУ-ын хооронд байгуулсан анхны засгийн газар хоорондын хэлэлцээр бөгөөд ирээдүйн найрсаг харилцаа хамтын ажиллагааны эхлэлд томоохон үүрэг гүйцэтгэх ирсэн бичиг баримт юм. Тус өдрийн орой нь хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үзэг зурсан баярт үйл явдалд зориулан Мао Зэдун дарга Жуннанхай ордонд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулж, Жоу Эньлай, Жү Дэ, Лин Бочюй, Чен Юн,Хуан Янпэй, Дэн Сяопин зэрэг Хятадын нам төр засгийн газрын голлох удирдлага бүгд оролцов.


10-р сарын 5-13-нд Ю.Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчид Хятадын ГЯЯ-ны ёслолын хэлтэс, БНМАУ-ын элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулсан орон нутагт хийсэн айлчлалын хүрээнд галт тэргээр Нанжин, Шанхай, Ханжоу зэрэг хотуудад зочлон үйлдвэр аж ахуйн газартай танилцав.

БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчид 10-р сарын 6-8 нд Нанжин хотод зочлох үед Ю.Цэдэнбал дарга Нанжин хотын дарга Хэ Чүншегийн хамтаар Хятадын алдарт хувьсгалч Сун Ятсены бунханд цэцэг өргөв. Мөн Нанжин хот дахь байгалийн үзэсгэлэнт газрууд болох Юу Лингү сүм, Цижин уулаар аялжээ.

Ю.Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчид 10-р сарын 8-10 нд Шанхай хотод зочлон Шанхай хотын цахилгаан станц, Чюй Жян авто засварын завод, Шанхай хотын төв нэхмэлийн үйлдвэр, халамжийн цэцэрлэгттэй танилцан мөн Цао Ян тосгонд зочилжээ.

10-р сарын 10-11 нд Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчид Ханжоу хотод хүрэлцэн очиж, байгалийн үзэсгэлэнт Баруун нуурын аялал жуулчлалын цогцолборт зочилж мөн хотын аж үйлдвэрийн музей болон үзэсгэлэнгийн танхимтай танилцжээ.

Орон нутагт хийсэн аяллаа дуусгасан БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчид Бээжин хотод 13-нд ирээд Бээжин хотын номын сан, Чин Хуа их сургуультай танилцаж, И Хэюан, Хойд нуур, Тэнгэрийн сүмд зочилжээ.

10-р сарын 15 нд БНМАУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Жаргалсайхан хүндэтгэлийн хүлээн авалт хийж хоёр талын 200 гаруй хүндэт зочид оролцон хүлээн авалтын нээлтэд Ю.Цэдэнбал, Жү Дэ нар үг хэлэв.

Ийнхүү дипломат харилцаа тогтоосноос хойш гурван жилийн дараа БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн БНХАУ-д хийсэн анхны түүхэн айлчлал амжилттай өндөрлөн 10 –р сарын 17-нд эх орондоо буцах болж Бээжин хотын нисэх буудлаас Ерөнхий сайд Жоу Эньлай, Ерөнхий сайдын орлогч Чен Юн, Дэн Сяопин нар үдэн мордуулав.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.34) 2023 оны 04 сарын 15

Энэ айлчлалын талаарх фото зургийн их том тод сайхан зурагтай зузаан альбом бэлэглэснийг үзэж суулаа. Мао даргын бэлэглэсэн том улаан лакан баар одоо хүртэл байдаг даа манай

0  |  0
Top