Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 100 хоногтойгоо золголоо.
Тэрбээр одоогоос 100 хоногийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 87.9 хувийн саналаар Ерөнхий сайдаар томилогдож байв.
МАН-ын дарга У.Хүрэлсүхийн халааг авч, Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ тамгаа гардаж авах үедээ "У.Хүрэлсүх таны тэргүүлж байсан Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлж, газрын тос боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтыг дуусгана. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө үүрэг, хариуцлагаа ухамсарлан ажиллана" хэмээн мэдэгдэж байлаа.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
Цар тахлын хүндхэн цаг үед Засгийн газрын тэргүүнээр томилогдсон Л.Оюун-Эрдэнийн танхимын 100 хоног хэрхэн өнгөрснийг эргэн санацгаая.
Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хүч бүхэлдээ иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн гэхэд болно.
Ингээд Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 100 хоногт авч, хэрэгжүүлсэн ажлаас ОНЦОЛЖ байна.
-ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ-
УИХ-ын гишүүнээс Ерөнхий сайдын албан тушаалд заларсан Л.Оюун-Эрдэнэ тамгаа гардаж авсан эхний өдрөө л дөрвөн зорилт тавьж ажиллахаа мэдэгдсэн билээ. Түүний эхний зорилт нь цар тахлыг богино хугацаанд даван туулах төлөвлөгөө гаргахаа илэрхийлсэн. Удаах зорилт нь хүндхэн байгаа эдийн засгаа богино хугацаанд сэргээх төлөвлөгөө бол гурав дахь зорилт нь дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоог бий болгохоо амалсан байдаг. Харин сүүлийн зорилт нь шударга ёсыг тогтоож, цахим засаглалыг бий болгоно гэдгээ парламентын индрээс мэдэгдсэн юм. Энэ хүрээндээ иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөг баталж, бүх шатандаа хэрэгжүүлж эхэлсэн юм.
Засгийн газраас дээрх цогц төлөвлөгөөний хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл олгох шийдвэрийг гаргасан. Энэхүү зээлийг дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар ажлын байрыг дэмжих чиглэлээр 1.228 аж ахуйн нэгж, 6.870 иргэн 563.5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Иргэд дунджаар 37, аж ахуйн нэгжүүд 250 сая төгрөгийн зээл авсан байна. Харин Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлийг 1146 аж ахуйн нэгж, 473 иргэн 259.9 тэрбум төгрөгийн зээл авсан бол ипотекийн зээлийг 3064 хүн 226.8 тэрбум төгрөгийг авчээ. Иргэд дунджаар 74 сая, үүнээс Улаанбаатар хотод 81.8, орон нутагт 53.9 сая төгрөгийн зээл аваад байна.
Үүнээс гадна иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг зарцуулахаар болсон бол Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, Ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг зарцуулна. Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн билээ.
-МАЗААЛАЙ БОНДЫН ӨРИЙГ ТЭГЛЭЛЭЭ-
Хэдийгээр цар тахлын хүндхэн цаг, эдийн засгийн хувьд хүнд байгаа ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "Мазаалай" бондын өрийг барж, барагдуулсан нь өнгөрсөн 100 хоногт хийсэн гол ажлын нэг байлаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн зах зээлд 2016 онд гарган арилжаалсан 500 сая ам.долларын, таван жилийн хугацаатай, 10,875 хувийн хүүтэй “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөр 132.6 сая ам.долларыг гуравдугаар сарын 6-нд төлсөн юм. Мөн 2016 онд “Кредит свисс” банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр 60 сая ам.долларыг хөрөнгө оруулагчдад бүрэн төлсөн байдаг.
Монгол Улсын Засгийн газар нь 2019 онд УИХ-ын 55 дугаар тогтоолоор “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг”-ийг батлуулан хэрэгжүүлж байна. Тус стратегийн баримт бичгийн нэгдүгээр зорилтод “Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас, зээлийн төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлж дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулна” гэжээ. Энэ дагуу Засгийн газраас 2020 онд “Номад” өрийн зохицуулалт хийж, үүгээр 2021 онд эргэн төлөх “Мазаалай”, 2022 онд эргэн төлөх “Чингис” бондын зарим хэсгийг дахин санхүүжүүлжээ. Улмаар 10,875 хувийн өндөр хүүтэй “Мазаалай” бондын тодорхой хэсгийг 5,125 хувийн бага хүүтэй “Номад” бондоор дахин санхүүжүүлж, үлдэгдэл төлбөр болох 139.8 сая ам.доллар (хүүгийн төлбөрийн хамт)-ыг Монгол Улс макро эдийн засаг, төсөв, санхүүгийн дарамтгүйгээр ийнхүү амжилттай бүрэн төлж барагдууллаа.
-АРД ИРГЭДЭЭ ВАКЦИНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ-
Монгол Улс халдварыг дотооддоо алдсанаас хойш долоон сарын хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын нийт тохоилдол 45459 боллоо. Үүнээс 32660 хүн эдгэрсэн бол 170 хүн уг өвчний хүндрэлээр нас бараад байна. Хэдийгээр халдварын тоо, нас баралт нэмэгдэж байгаа ч ард иргэдийг хоёр сарын өмнөөс вакцинд хамруулж эхэлсэн нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн том ажил, зорилт байлаа.
Тэрбээр Ерөнхий сайдаар томилогдсон эхний өдрөө л шинэ Засгийн газрын 100 хоногтоо багтааж, ард иргэдээ дархлаажуулна гэдгээ мэдэгдсэн байдаг. Энэ зорилтоо биелүүлж, хоёр сарын өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдээ уриалж “Ковид-19”-ийн эсрэг вакцины анхны тунг хийлгэснээр үе шаттай вакцинжуулалт албан ёсоор эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд давхардсан тоогоор хоёр сая гаруй иргэнийг халдварын эсрэг вакцинд хамруулаад байна.
-ХӨЛ ХОРЬЖ, ХҮН БҮРТ 300 МЯНГАН ТӨГРӨГ ОЛГОЛОО-
Засгийн газар болон Улсын Онцгой комиссийн /2021.04.08/ хуралдаанаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 08-ний өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоосон. Ингэхдээ хөл хорионы хугацаанд иргэн бүрт 300 мянган төгрөгийг олгосон нь өрхийн эдийн засагт ихээхэн дэмжлэг болсон байдаг. Тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Энэ удаагийн 300 мянган төгрөг бол халамж биш. Өмнө нь мөнгө байсан, харамлаад байсан зүйл байхгүй. Бүх боломжоо л ашиглаж байна. Энэ 300 мянган төгрөгийн дэмжлэг бол аргагүй байдалд ороод л өгч байгаа юм" гэж ярьсан билээ.
-ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН 516 ҮЙЛЧИЛГЭЭГ E-MONGOLIA СИСТЕМД НЭГТГЭВ-
Иргэд, олон нийтэд үйлчлэх “E-Mongolia” төв Төв шууданд ажиллаж эхэлсэн. Төв нь төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимаар үзүүлж заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлж байна. Иргэд мөн энэ төвд ирж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл зэргээ илэрхийлж болно. Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг ч энэ төвд нэгтгэн ажиллуулж эхэллээ. Ингэснээр иргэд үйлчилгээ авах гэж хүнд суртал, чирэгдэлд өртөх, цаг хугацаа их зарцуулах, төрийн нэг байгууллага нь бусад байгууллагад байгаа мэдээлэл, баримт бичиг бүрдүүлж ирэхийг шаарддаг зэрэг нь үгүй болж байна. Энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын дөрвөн том зорилтын нэг байсан билээ. Тэрбээр “Төр иргэндээ нээлттэй байх ёстой. Төрийн үйлчилгээг цахимжуулснаар хүнд суртал, чирэгдэл, авлига үгүй болно. Энэ нь сайн засаглал руу шилжиж байгаа нэг алхам. Авлигын индексийг хоёр оронтой тоонд оруулах суурь нь “E-Mongolia” иргэд, олон нийтэд үйлчлэх төв. Цаашид төрийн бүх үйлчилгээг энэ системд нэгтгэж, Цахим хөгжлийн яам байгуулна. Ирэх гурван жилд хийж хэрэгжүүлэх үр дүнтэй, хамгийн том өв болж үлдэх ажлуудын нэг нь цахим шилжилт. Засгийн газар үүний төлөө иргэдтэйгээ хамтарч шаардлагатай бүхнийг хийх болно. Урьд нь авлигын хөрсөнд ургасан шарилжтай тэмцдэг байсан бол одооноос хөрсийг нь үгүй болгох шинэчлэл эхэллээ” хэмээн тодотгосон байдаг.
Сэтгэгдэл ( 6 )